Сургуулийн захирлуудтай хариуцлагын гэрээ байгууллаа
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай гуравласан хариуцлагын гэрээг хоёр дахь жилдээ байгууллаа.
Уг гэрээг хүүхдийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, соён гэгээрүүлэх, сургуулийн орчинд гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоож, арилгах талаар тодорхой арга хэмжээ авахад талуудын эрх үүргийг тодорхойлж, хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор байгуулж байгаа юм.
Хариуцлагын гэрээнд ерөнхий боловсролын сургуулиас хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагааг сайжруулах, сургуулийн ойр орчин, гудамж талбайн аюулгүй байдлыг хангах, сургуулийн орчин, түүний ойролцоо үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газруудад хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд сөргөөр нөлөөлж болохуйц үйлчилгээ үзүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдахыг хориглох шаардлага хүргүүлэх, энэ талаар холбогдох албан тушаалтан, асран хамгаалагчид шуурхай мэдээлэх, хамтран ажиллах арга хэмжээг зохион байгуулах, хүүхдийг бүх төрлийн осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулийн орчин, тоглоомын талбай зэрэгт үзлэг шалгалтыг тогтмол зохион байгуулж, эрсдэлийг шалгах зэрэг 19 үүргийг хүлээхээр заажээ.
Мөн ГХУСАЗСЗ, Цагдаагийн байгууллага тус бүр чиг үүргийнхээ хүрээнд үүргүүдийг тодорхойлж гэрээнд тусгасан юм. Гэрээний биелэлтийг нэг жилийн дараа дүгнэж, гэрээний биелэлтийг хангах чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулсан сургуулиудыг шалгаруулж, шагнаж урамшуулах юм.
2022 онд байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэхэд Орхон аймгийн ерөнхий боловсролын лаборатори 8 дугаар сургууль нэгдүгээр байр, 14 дүгээр сургууль хоёрдугаар байр, 5 дугаар сургууль гуравдугаар байр, Говил багийн 2 дугаар сургууль тусгай байранд орж, мөнгөн шагналаар шагнуулсан юм.