Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 508 иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг
Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 4600 гаруй иргэн байна. Үүний 508 нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр орон нутгаас олон талт ажил арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг хөгжүүлэх 6 төрийн бус байгууллагатай орон нутаг гэрээ байгуулан хамтран ажилладаг. Тухайн байгууллагаар дамжуулан 200 гаруй хүүхэд залуус эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг тогтмол авч байна.
Мэргэшсэн төрийн бус байгууллагуудаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг нийгэмд оролцуулж байгаа нь төрийн ачааллыг бууруулж, хамтын ажиллагааны уялдааг сайжруулах гэхчлэн олон талын ач холбогдолтой.
Тухайлбал, эдгээр төвүүдээс энэ жил “Гэрэл” хүүхэд залуучуудын төв Германы элчин сайдын яамтай хамтран хүнсний үйлдвэрлэлд сургах, хагас боловсруулсан мах махан бүтээгдэхүүн гаргах төсөл нь дэмжигдэж, оюуны бэрхшээлтэй залуус байнгын ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болсон. Мөн өнгөрсөн онд Говил багт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төвийг байгуулсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өрхөөр үйлдвэрлэл эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж, 11 иргэн ажлын байраар хангагдан 70 гаруй иргэнийг сургасан байна.
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 25 орон тоо тутамд байгууллага бүр нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах ёстой. Аймгийн хэмжээнд 90 байгууллагад 160 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт энэ онд 28 иргэн хамрагдаж 280 сая төгрөгийн дэмжлэг авсан. Үүний үр дүнд 28 ажлын байр хадгалагдаж өрхийн орлого нэмэгдсэн байна.