Ядаж байхад “яр” гэгчээр...
Юм бүгдийн үнэ өслөө. Юу авах гэж байгаа вэ, түүнийхээ үнийг өчигдрийнхөөрөө тооцож, өнөөдөр гарч “маанагтав” аа. Онигоо болно шүү. Ядаж байхад яр гэгчээр үнэ тавиагүй бараа, код оруулаагүй бүтээгдэхүүн, ялангуяа эм тарианы өртөгийг авах гэж байгаа хүний үзэмж, байр байдалд тохируулж, худалдагч өөрөө “зохиодог” бас нэг гаж үзэгдэл дэлгэрчихжээ. Ухаандаа сандарсан, яарсан, ойр хавьд зүс үзээгүй хүн орж ирвэл зарж байгаа “амин чухал” зүйлийнхээ үнийг 2 байтугай 3, 4 дахин өсгөөд зогсож байна гэнэ шүү. Мэдээж “илүү орлого” эрхэм худалдагчийн халаас руу гулгах нь гарцаагүй.
Аптек, эмийн сангаас эхэлсэн энэ “шинэ технологи” цагийн самуунаар бусад худалдаа бүр рүү халдварлаж байна. Үнэ өртөг тодорхойгүй бараагаар өвгөд хөгшид, хүүхэд багачууд, сандарсан, ядарсан хүнийг шулдаг, мөлждөг арга ийнхүү “чулуу” болчихлоо, хөөш. Нөгөө хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг, “хаан” болоход нь тусалдаг байгууллага, байцаагчид юугаа хийж, хуйхаа маажиж байдаг юм, ёстой бүү мэд ээ...
“Танхай мэдээчин”