Буруутан дээр дахиад нэг буруутан...
Өөрийн толгой дээрх олсыг харахгүй байж өрөөлийн толгой дээр өвсийг хэлэв ээ гэж нэг хоржоонтой үг байдаг даа. Ай даа энэ үг л салбар бүрт самарч байдаг болж. Өөрсдөө “өө”-гүй, өндөг цаашаа шүү. Өрөөл харин өө байтугай үхэр чулууны сэв ч багадахаар юм байх. Сэтгүүлзүйн салбарт бас ийм нэг сонин жишиг харагдаад байна. Нийгмийг толидон харуулж, “өө” “сэв” юуг нь засуулна, залруулна гэсэн эрхэм зорилгоо нийгмийг үлгэрлэн харуулж, өөр дээрээсээ өчнөөн хүмүүст ухаарал, сэхээрэл хайрлана гэж өөрчилчихсөн юм уу хаашаа юм бэ. Гардаг сөрөг бүхнийг л гарцаагүй өөр дээрээ туршиж байдаг болж. Худалдагдаж байна, хуурч байна, мөнгө өгвөл яахаас ч буцахгүй болсон байна. Тэргүүнээ сонгох хурлаа хүртэл нам, бүлгийн хуралдаан болтол самарч, садарч байгааг харахад аймаар амбиц тогтож, ажиллахаасаа илүүтэй “үзүүлдэг” болж дээ янз нь. Гэрээ цэвэрлээгүй байж бусдын гэрт санаа тавих, ухаанаа тэлээгүй байж улсын хувь заяанд хазгай мордох ч дэмий дээ дэмий.
Сэтгүүлч нэрийг сэтэр болгочихоод байгаа болохоос биш хэрэгтэй газраа хэрэгтэй, ашигладаг хүндээ аянга шиг алдар л юмсан уг нь. Сэтгүүлзүйн төлөө гэнэт санаа тавигсдын ам нь нэгийг өгүүлэвч ачир дээрээ тэс хөндлөн зорилго нүднээс нь гэрэлтээд болдог юм биш. Зоос олох сонирхол, суудалд тухлах санаагаар үзгийн эздийн эрх ашиг яригчид үнэндээ энэ салбарыг дээрээс нь доош нь татсан, байснаас нь байхгүй болгосон “мундагууд” л даа. Хэлж байсан нь биелэсэн бол Монголын сэтгүүлзүй мандан бадарч, мохоод байгаа үзэг бүр хурцжин гялбах байлаа. Ам ажил нь зөрөгсдийг алийн болгон салбар бүрт сайн сайхан суудалдаа тахих юм болж байна бид. Эцэст хэлэхэд энэ орны ийм уруу дорой, ядуу татуу байгаад улс төрчдөөс гадна сэтгүүлчид бид буруутай шүү.
Иргэн, төр хоёрын хооронд гүүр болж, эгэл олны нүд чих, хяналт байж чадсан бол Монгол улс морио машинаар дайруулталаа мохож зэврэхгүй л байлаа гэж.