Газрын харилцааны чиглэлээр 2025 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийг баталлаа
Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 1 дүгээр хуралдаанаар газрын харилцааны талаар 2024 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн биелэлтийг сонсож, 2025 онд баримтлах чиглэлийг баталлаа.
2025 оны төлөвлөгөөнд газрын удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан, иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэх; Эрдэнэт хотыг 2045 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж хэрэгжүүлэх; Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байгаа авто гарашийн газрыг чөлөөлөн нийтийн эдэлбэр газар болгон дахин төлөвлөх байршлыг тогтоох; улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээнүүдэд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэх зэрэг ажил хийгдэхээр тусжээ. Мөн шинээр баригдаж буй барилга, инженерийн шугам сүлжээний 34 ажилд барилга угсралтын чанарыг сайжруулахаар төлөвлөгөөт хяналт хийх зэрэг газар зохион байгуулалтын чиглэлээр 10, Барилга хот байгуулалтын чиглэлээр 5, хяналт шалгалтын чиглэлээр 3 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөг баталлаа.
2025 онд газрын Уурхайчин, Баянцагаан, Оюут багт Зочид буудлын цогцолбор, Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар 4 байршилд иргэн, аж ахуйн нэгжид шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулахаар дуудлага худалдаа зохион байгуулна.
Уртбулаг, Уурхайчин, Говил, Оюут, Яргуйт, Цагаанчулуут багт эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, урлаг соёл, цахилгааны эрчим хүч, цэвэр, бохир, дулааны шугамын хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар 12 байршилд төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд газрыг эзэмшүүлэх, ашиглуулахаар мөн хэмжээг баталсан юм.