Цахим бодлогын хөгжлийн хорооны анхны хурлаа хийлээ

   Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Цахим бодлогын хөгжлийн хороо Анхны хуралдаанаа 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хийлээ. 

   Тус хорооны хуралд аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа А.Лхагвадорж, Цагдаагийн газрын дэд дарга, Цагдаагийн дэд хурандаа А.Бадамжунай, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга Н.Гансүх, Цахим үйлчилгээний хэлтсийн дарга Б.Үүрцайх нар оролцож, аймгийн камерын хяналтын өнөөгийн байдал, илрүүлсэн хэрэг, зөрчил, цахим орчинд үйлдэгдэж байгаа хэргүүдийн мэдээлэл, иргэдийн цахим үйлчилгээ ашиглалтын талаар мэдээлэл авлаа. 

  Мөн аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төв болон Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны талаар сонсгол хийж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон юм.

   Түүнчлэн цахим орчны аюулгүй байдлын талаар иргэдэд мэдээлэл сурталчилгааг сайжруулах, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгож,  аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, Цагдаагийн байгууллагатай уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байгааг илэрхийллээ.