Эрдэнэ багийн Ёс заншлын өргөө рүү хатуу хучилттай 0,9 км авто зам тавина
Аймгийн ИТХ-ын Ээлжит XVII хуралдаанаар Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн 2023 оны хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг хэлэлцэж байна. Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн2023 оны жилийн эцсийн урьдчилсан биелэлт,шалгуур үзүүлэлтийн танилцуулгыг Засаг даргын орлогч М.Түмэнжаргал танилцуулав.
Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 02/01 дугаартай АИТХ-ын тогтоолоор 8 бүлэг, 33 зорилт, 164 үйл ажиллагааг тусган батлуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор төлөөлөгчид асуулт асууж байна.
2023 онд 9 байршилд 4,4 км авто замыг шинэчлэхэд орон нутгийн төсвөөс нэг тэрбум төгрөг зарцуулсан. Их залуу багийн 23 дугаар цэцэрлэгийг 15 дугаар сургуультай холбох, Яргуйт багийн байрыг А1002 авто замтай холбох зэрэг байна.
Мөн гэр хорооллын шавар шавхай тогтдог хэсэгт орон нутгийн төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21920 м сайжруулсан авто зам буюу дугуйн мөрт зам тавих ажлыг хийсэн. Түүнчлэн энэ жил хотын доторх авто замын эвдрэл гэмтэлтэй хэсэгт нийт 16500 метр квадрат талбайн нөхөөс, хучилтын ажил хийлээ. Үүнд орон нутгийн төсвийн 1,2 тэрбум төгрөгийг зарцуулсан. Энэ нь өмнөх онуудаас 3-4 дахин их хөрөнгө оруулалт юм.
2024 онд нийтдээ 47 байршилд авто замын шинэчлэл, хучилтын ажлыг хийхээр төлөвлөж буй. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос 50 тэрбум төгрөгийг Орхон аймгийн авто замын шинэчлэлтэд зарцуулах Засгийн газрын тогоол гарсан. 2024 онд хийх авто замын засвар шинэчлэлтэд иргэдийн саналыг нэлээдгүй тусгаснаараа онцлогтой. Эрдэнэ багийн иргэдээс Ёс заншлын өргөө рүү хатуу хучилттай авто зам тавьж өгөх хүсэлт гаргасныг шийдвэрлэхээр тус хэсэгт 0,9 км авто зам шинээр сунгах, Баянцагаан багийн иргэдээс гарсан саналаар ПДҮ хэсгийн 1,1 км газрыг хатуу хучилттай болгохоор төлөвлөж байна.