“Тоглонгоо суралцъя” төсөл хоёр дахь жилдээ хэрэгжиж байна
Хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй “Тоглонгоо суралцъя” төслийн хүрээнд аймгийн бага боловсролын 312 багш 6000 гаруй даалгаврын сан бүрдүүлж байна.
Тодруулбал, багш нар мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ хамтран жилийн төлөвлөгөө боловсруулжээ. Үүнийгээ нэгж хичээл тус бүрээр задлан хөгжилтэй, сонирхолтой аргаар сонгох болон задгай хэлбэрийн даалгавар боловсруулж байна. Үүнийгээ https://www.bshug.or.gov.mn/ сайтад нэгтгэн байршуулснаар, бага ангийн сурагчид монгол хэл, математик, хүн байгаль орчны хичээлээр тоглонгоо суралцаж хөгжих олон төрлийн даалгавартай болох юм. Түүнчлэн багш нар хичээл сургалтын үйл ажиллагаандаа ашиглах арвин их сургалтын материалтай болж байна.
ЗДТГ-аас хэрэгжүүлж буй төслийн энэ жилийн онцлог орон нутгаас анхлан Орхон аймгийн бага боловсролын багш нар жишиг болохуйц даалгаврын сан бүрдүүлж буйгаараа шинэлэг байна.
Өнгөрсөн жилийн төслийн хэрэгжилтийн тухайд...
Боловсролын Ерөнхий газраас нийслэл, 21 аймгаас тус бүр 4 сургууль сонгон нийт 142 сургууль дээр "Тоглонгоо суралцъя” төслийг 2022 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд туршин хэрэгжүүлсэн. Орхон аймгаас ерөнхий боловсролын II, VII, XIII, XV сургууль сонгогдож, үүнд шаардлагатай 12 сая төгрөгийн санхүүжилтийг Боловсролын ерөнхий газраас шийдвэрлэсэн.
Харин аймгийн удирдлагууд уг төслийг бүх сургууль дээр хэрэгжих нь зүйтэй гэж үзэн орон нутгийн төсвөөс 48 сая төгрөгийн санхүүжилтийг шийдэж, төрийн өмчийн 13 сургууль дээр "Тоглонгоо суралцъя” төслийг хэрэгжүүлсэн билээ.
Ингэснээр аймгийн төрийн өмчийн 17 ерөнхий боловсролын сургууль дээр “Тоглонгоо суралцъя” төсөл хэрэгжиж, хүүхдүүд тоглодог тоглоом, гарын доорх материал ашиглаж тоо бодож, үсэг, өгүүлбэр бүтээн уншиж мэдлэг, чадвараа дээшлүүлж байна. Цар тахлын үеийн хичээлийн хоцрогдлыг нөхөхөд энэхүү төсөл ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг багш нар хэлсэн.