Эко хорооллыг 7-р хорооллын авто замтай холбосон авто замын ажлууд бүрэн дуусчээ

   Аймгийн хэмжээнд энэ онд  есөн байршилд нийт 4,4 километр урттай асфальтан хучилттай авто замын ажил, зургаан байршилд  нийт 234 авто машины зогсоолын өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байна. Тодруулбал: Баян-Өндөр сумын Баянбулаг багт тавьсан  0,7 километр авто зам болон Яргуйт багийн байрыг А1002 авто замтай холбох, Оюут багийн “Ачит” худалдааны төвийг А1001 замтай холбох, Их залуу багийн 23-р цэцэрлэгийг 15-р сургуультай холбох, Эко хорооллыг 7-р хорооллын авто замтай холбосон авто замын ажлууд бүрэн дуусчээ.

   Харин Цагаанчулуут багийн Танил зах орчмын 2,2 километр замын ажил  70 хувийн гүйцэтгэлтэйгээр он дамжих хийгдэхээр болжээ. Учир нь тус байршилд газар чөлөөлөх асуудал, ИШС-ны хүчитгэх ажил хийгдэх зэрэг шалтгаануудаас үүдэн ажил удаашралтай байсан ажээ. 
   Мөн энэ онд гэр хорооллын багуудын шавар шавхай ихээр тогтдог хэсэгт сайжруулсан зам буюу бетоноор нийт 21920 метр урт дугуйн мөрт зам тавих ажил хийсэн. Үүнд орон нутгийн төсвийн 2,1 тэрбум төгрөг зарцуулжээ. 
   Түүнчлэн энэ жил хотын доторх авто замын эвдрэл гэмтэлтэй хэсэгт нийт 16500 метр квадрат талбайн нөхөөс, хучилтын ажил хийлээ. Үүнд орон нутгийн төсвийн 1,2 тэрбум төгрөг зарцуулагджээ. Энэ нь өмнөх онуудаас 3-4 дахин их хөрөнгө оруулалт болсон байна.