Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үндсэн чиг үүрэг биш
-Хүүхдийн эрхийн хуульзүйн хорооны тайлангаа хэлэлцүүлээд гарч ирлээ. Урьдчилан сэргийлэх болон соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд анхаарал хандуулаагүй, орхигдуулсан гэх саналыг хэлж байна?
Үүн дээр багахан тайлбар өгье. Хүүхдийн эрхийн хуульзүйн хорооны чиг үүрэгт урьдчилан сэргийлэх болон соён гэгээрүүлэх чиглэлийн ажил ордоггүй.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, хүүхдийн төлөө зөвлөл зэрэг бусад нэгжүүдэд илүү хамааралтай. Тэдгээр зөвлөл болон хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн байгууллага албан тушаалтан бүрийн үйл ажиллагаанд хүүхдийг гэмт хэргээс болон хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх төрлийн үйл ажиллагаа ороод явж байгаа. 2006 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр анх байгуулагдахдаа “Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн асуудал эрхлэх хороо” гэсэн нэршилтэй байсан гээд бодохгүй юу. Одоо ч нэрийн хувьд илүү нийгэмд зохистой болсон ч чиг үүргийн тухайд нэг их өөрчлөгдөөгүй гэж ойлгоход болно.
-Тэгэхээр хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Хууль зүйн хороо зохион байгуулахгүй гэсэн үг үү?
-Гэмт хэрэгт холбогдсон, холбогдох эрсдэлтэйгээр бүртгэлд орсон хүүхдийг гэмт хэрэг дахин үйлдэхгүй байх, аливаа хорт зуршил, буруу дадлаас нь холдуулах, сурч боловсрох, хөдөлмөрлөх дадал эзэмших боломж бололцоогоор нь хангах урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл хуульзүйн хорооны үйлчилгээнд хамрагдсан хүүхдүүддээ зориулсан урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг хийнэ. Массыг хамарсан иймэрхүү төрлийн ажил төлөвлөн болон төсөвлөн хийдэггүй ээ гэсэн үг. Гол нь хүүхдийн эрх хөндөгдөхөд гэмт хэрэг зөрчилд холбогдсон хүүхэд аль нэг хамгааллын нэгжийн үйл ажиллагаанд орохгүйгээр орхигдох, эрх нь зөрчигдөх асуудал гардаг, гарч болзошгүй байсан учраас хэрэг зөрчил хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагаанд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх мэргэжлийн гишүүнчлэлтэй нэгжийг үүсгэн байгуулсан гэж ойлгож болно.
-Тэгвэл энэ хороо чинь ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ? Энэ жилийн үйл ажиллагаанаас нь онцолбол?
-Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй хэрэг зөрчлийн холбогдогч бүхий л хүүхдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, хэрэг хянан шийтгэх явцад хүүхдийн эрхийн хяналтыг тавьж ажиллах нь аймгийн Засаг даргын орлогчийн ахалсан хууль зүйн хорооны үндсэн чиг үүрэг.
2023 оны тухайд Европын холбооны санхүүжилтээр Олон улсын эрхзүйн хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Ментор” хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлийн холбогдогч хүүхдэд үзүүлэх Хүүхдийн эрхийн хуульзүйн хорооны үйлчилгээг сайжруулах, кейс менежментийг эрчимжүүлэх зөвлөн туслах үйлчилгээг ажлын албандаа, хорооны гишүүддээ хүргэж ажилласан байгаа. Гэмт хэрэг зөрчлийн холбогдогч болсон хүүхдэд нэн тэргүүний шаардлагатай үйлчилгээ бол сэтгэлзүйн үйлчилгээ. Зөрчилд гэрч хохирогч ямар ч хэлбэрээр холбогдсон хүүхдийн сэтгэлзүй их бага ямар нэг байдлаар цочирдсон, сэтгэлзүйн гэмтэл нь урхагшсан байдаг. Иймээс 2023 оны тухайд хуульзүйн хороогоор үйлчилгээ авч байгаа хүүхдүүдэд сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэхээр “Сэтгэлзүйн цогц боловсролын төв” ТББ хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ нь хүүхдийн сэтгэлзүйг нөхөн сэргээх, аливаа хорт зуршил буруу дадлаас нь татгалзуулах, дахин гэмт хэргийн холбогдогч болгохгүй байхад бодитой үр дүнгээ өгсөн гэж үзэж байгаа. Хойшдоо ч энэ төрлийн үйлчилгээг илүү өргөн цар хүрээтэй, чадамж боломжтойгоор авах шаардлага байна аа гэсэн төлөвлөлт хийгдэж байна.
-Хүүхэд гэмт хэрэгт холбогдож байгаа эхний шалтгааныг юу гэж тодорхойлж байгаа вэ? Эцэг эхчүүдэд ямар хариуцлага хүлээлгэдэг бол?
-Хүүхдийн гэмт хэрэгт холбогдох нэг л шалтгаан байгаа. Эцэг, эх асран хамгаалагчийн үл хайхрах байдал. Тодруулбал хүүхдээ хаана, хэнтэй юу хийж явааг мэддэггүй, зарим тохиолдолд мэдэхийг хүсэх ч үгүй байна. Хүүхдийнхээ мөнгийг аваад хүүхдээ орхиод явчихдаг, үл хайхрахын дээдээр үл хайхардаг ээжүүд хүртэл олширсон. Энэ жилийн хувьд гэхэд 45 хүүхдийн мөнгийг хүүхдийн эрхийн улсын байцаагчийн шийдвэрээр зогсоосон. 45 асран хамгаалагч урт богино хугацаагаар 100 шахам хүүхдийн төрөөс өгч байгаа мөнгөн тэтгэлгийг завшиж байсан гэсэн үг л дээ.
Гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн эцэг эхтэй хариуцлагын гэрээ хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцад ч хүүхдээ хүүхдийн байгууллагад даатгаж орхиод анхаарч халамжилдаггүй. Гарч байгаа зардлыг хариуцдаггүй, хариуцлагагүй аав ээжүүд цөөн биш. Хэдийгээр ийм эцэг эхчүүдэд зөрчлийн хэрэг нээж торгох арга хэмжээ авч байгаа ч, хашрах хэмжээний хуулийн хариуцлага болж чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс хүүхдийг дахин төлөвшүүлэхэд гарч байгаа зардлыг эцэг эхээр гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, асрах газар шилжсэн хүүхдэд ч эцэг эхчүүдээс нөхөн төлбөр төлүүлдэг байх хуулийн гарц гаргалгааг хайж байгаа. Ер нь хүүхэд хамгааллын тогтолцоо, техник технологи хичнээн төгс хөгжөөд, хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчаас нь давж хамгаалах, харж хандах бололцоо хэзээ ч бий болохгүй.