Б.Мөнхдалай:”- Иргэдтэйгээ ойлголцоод зөв зохион байгуулалт хийгээд явахад боломж бололцоо бий гэж харж байгаа”
Хот тохижуулах газрын дарга Б.Мөнхдалайтай цаг үеийн болон Хот тохижуулах газрын өмнө тулгамдаж байгаа, иргэдийн зүгээс хамгийн их санал шүүмжлэл дагуулдаг асуудлаар ярилцаж тодруулга авлаа.
- Хот тохижуулах газартай холбоотой ялангуяа дулааны улиралд хамгийн их яригддаг асуудал бол хог ачилт. Хог ачихгүй байна, хог хуримтлагдаад байна гэсэн гомдлыг гэр хорооллын иргэдийн зүгээс хамгийн давтамж өндөртэйгээр тавьдаг. Үүний шалтгаан нь юу байдаг вэ?
- Хог ачилтыг гурван хэсэгт хувааж хийдэг. Эхний хэсэг нь городын буюу орон сууцны хорооллын хэсгийн хог ачилт. Энэ хэсэгт 24 цагийн дотор буюу хоногт нь хог ачилтыг бүрэн хийдэг болсон. Ер нь 24 цагаас хэтэрвэл хог хуралдах, савнаасаа илүү гарч халих эрсдэлтэй. Тийм ч учраас хуваариараа жигдэрсэн гэж ойлгоход болно. Хааяа хог ачих машин тэрэг эвдрэх саатах асуудал гардаг ч ачааллаа нэмэх, нөөц бололцоогоо дайчлах замаар асуудлаа шийдээд хуваарийн дагуу орон сууцны хогоо аччихдаг. Хоёрдугаар хэсэг нь зөөврийн чингэлгээр хогыг бөөгнүүлэн ачиж байгаа. Үүнд дөрвөн машин тээвэрлэлт хийж, нэг нь 11 чингэлэг ачиж хог хаягдлыг зориулалтын цэг рүү зөөвөрлөдөг. Чингэлгээр хог бөөгнүүлэн ачих үйл ажиллагаа одоогоор гэр хорооллын 6 багт хэрэгжиж байна. Дараагийн хэсэг 10 гаруй гэр хорооллын багуудад хуучин уламжлалт аргаараа буюу хугацаа зааж графикийн дагуу хогийг гудамжинд ил гаргуулан ачих байдлаар иргэдийн хог хаягдлыг зөөвөрлөдөг. Багуудын гудамжны зохион байгуулалт харилцан адилгүй, нэг жигд бус учраас дарааллыг нь түрүүлж нарийвчлан гаргах зайлшгүй шаардлага гарна. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад саатал хүндрэлүүд ч тохиолдох нь бий. Заасан графикийн дагуу иргэдийг хогоо гудамжиндаа гаргаж ачуулахыг багуудын ажлын албанд мэдэгдэнэ. Багууд цааш нь хэсгийн ахлагчаараа болон мэдээллийн сувгуудаараа иргэддээ зараа хүргэж графикийн дагуу хог ачилт явагдах өдрүүдэд гудамжинд нь хогыг гаргуулдаг байгаа. Хог ачилт хийхэд жолооч 2 ачигчаас гадна манай байцаагч цуг явж машины дүүргэлт, гаргасан хогны хэмжээ, хог хаягдлын үлдэгдлийг хянадаг. Нэг машин өдөртөө 3 рейс л хийнэ дээ, жаахан сунаж ажиллавал 4 рейс амжуулаад хийх боломжтой. Манайхаас 4 “ХОВО”, 2 арай бага даацын машин явдаг. Зөөврийн чингэлгээр хог татан зайлуулах үйл ажиллагаа харьцангуй шинэ, давуу талтай арга ажиллагаа л даа. Тухайн зөөврийн чингэлгийг нэг гудамжинд 24 цаг байрлуулчихна. Энэ хугацаанд иргэд ахуйн хог хаягдлаа авчирч хийнэ. Тодорхойлсон хугацаандаа чингэлэг дүүрмэгц аваад хог хаягдлаа зөөвөрлөчихдөг. Гудамжаар хог хөглөрөхгүй, хогийн сав дүүрч халиад орчиндоо ая тухгүй байдал үүсгээд байхгүй, гэр хорооллын хог ачилтад бол ер нь боломжийн арга ажиллагаа гэж иргэд ч сайшаалтай ханддаг. Гэхдээ энэ чингэлэг ачилтыг ч илүү боловсронгуй болгох шаардлага бий гэж үзэж байгаа. Үүн дээр ШУТП-тай хамтраад тусдаа нэг ажилтан томилоод судалгааны ажил хийж байна. Дүүргэлтийн хугацаа, ачилтын давтамж, чингэлгийг зөөвөрлөх үйл явц гээд илүү сайжруулах, технологийн хувьд хялбаршуулах, бүх гэр хороололд ямар нэг хүндрэлгүйгээр нэвтрүүлэх боломж дээр ажиллаж байгаа гэж ойлгож болно. За өөрийн чинь асуусан, хамгийн их асуудал дагуулдаг хог ачилт гэвэл гэр хорооллоос задгайгаар хог хаягдлыг зайлуулах үйл ажиллагаа. Хуучны уламжлалт арга ажиллагаа л даа. Үүнд ийм гурван үндсэн шалтгааны улмаас хэл ам дагуулаад байгаа гэж хардаг. Эхнийх нь чингэлэг шиг 24 цагийн хугацаанд хогыг нэг цэгт бөөгнүүлээд ачихгүй учраас хүмүүс ачилтын зарыг багаас түгээх явцад гэртээ байдаггүй, хог татан зайлуулах үед хогоо гаргаж ачуулж амжихгүй тохиолдол гарчихдаг. Ялангуяа зун хог ачихгүй байна гэсэн гомдол түлхүү гарч байгааг бүгдээрээ анзаарч байгаа байх. Энэ улирал маань өөрөө амралтын улирал. Хүмүүс гэр орондоо байхгүй аялж зугаалаад, хөдөө гадаа явчихдаг цаг хугацаа. Ингээд гэртээ байхгүй, эзэнгүй нөхцөлд хог ачуулахгүй болчхож байгаа юм. Гэтэл хүн амьдарч байгаа нөхцөлд хог гарсаар л байдаг. Ачих үед нь байгаагүй нөхцөлд дараагийн хог татан зайлуулах үйл явц шат дарааллынхаа дагуу бусад багийн дараа тойрч ирнэ. Энэ хугацаанд ахуйн хог хаягдал нь яах аргагүй ихэсчихдэг учраас иргэдийн зүгээс бухимдал гараад байх талтай. “-Та нар 2, 3 сар хог ачсангүй” гээд эхэлдэг гомдол саналын уг углуурга нь энэ. Зуны хугацаанд эзэнгүй дүүргийн хог хаягдал ч нэмэгдэх хандлагатай байдаг нь нууц биш. Өмнө нь жилд 5-6 удаа буюу 2 сард нэг удаа л ачилт хийдэг байлаа. Тэр үеийн бодвол одоо сар хагасын дотор хог ачилт багуудаараа бүтэн эргэчихдэг болсон. Машин техникийн нөхцөл харьцангуй дээрдсэний хүч. Орон нутгийн зүгээс дэмжиж анхаарсны ач. Зундаа хог ачилтад гардаг хоёр дахь хүндрэл манайхаас шалтгаалдаг гэхэд болно. Хот тохижуулахын албан хаагчид ч гэсэн хуулийн дагуу амрах ёстой, хүн л юм чинь урин дулааны цагаар түүнийгээ эдлэх учиртай. Эдэнд маань ч гэсэн ар гэр, амьдрал ахуй байгаа, тэдэнтэйгээ бас аялах зугаалах, аав ээжийгээ эргэх, нутаг усныхаа ойд очихоос авхуулаад бусадтай л адилхан өөрийнхөөрөө сэтгэл ханамжтай амрах эрэлт хэрэгцээ бий. Наадмын дараа ихэнх хүмүүс амраад хотын хөдөлгөөн эрс багасчихдаг сиймхийг ашиглаж л албан хаагчдынхаа энэ эрхийг нь эдлүүлдэг. Ингээд 7-р сарын сүүлээс 8-р сарын сүүл хүртэл ачигч, жолооч нараа амраана. Тэгэхээр нэг сарын хугацаатай хог ачилт саатахад хүрнэ ээ дээ. Гэхдээ жижүүрийн ачилт хийгдэж, хогийг хэт ихэсгэхгүй, хөглөрүүлэхгүй байхад анхаардаг. Гурав дахь хүндрэл бол байгаль, цаг уурын шалтгаантай. Энэ жил хур бороо ихтэй, тэр чинээгээрээ өвс ургамал их ургасан онцлог жил байлаа. 6-9-р хүртэлх хугацаанд 47 хоног бороотой байсан талаарх мэдээллийг цаг уураас гаргасан байна лээ. Бороотой үед хог ачилт хоёр шалтгаанаар зогсохоос аргагүйд хүрдэг. Эхнийх нь хог хаягдалд ус авч тэлдэг, хүндэрдэг, нэг машинд ачих байсан хог дахиад хагас ачилт нэмж гаргах болдог. Энэ нөхцөлд техникийн боломж бололцоо, шатахуун түлшнээс авхуулаад албан хаагчдын хөдөлмөрийн орчин асуудал дагуулдаг. Дараагийнх нь хогийн цэгийн зам. Хог ачсан машин өгсөж гарахад хүндрэлтэй, халтиргаа үүсчихдэг. Машин гулгаж онхолдох, дагаад хүний амь нас, эрүүл мэндэд ч аюул учирч болзошгүй. Иймээс урт хугацааны, эсвэл ширүүн бороо орсон нөхцөлд хог ачилтыг шууд зогсоохоос аргагүй. Дээрээс нь өвс ургамал их ургасантай холбоотойгоор зэрлэг их ургасан, иргэд зэрлэгээ зулгааж бөөгнүүлэхээр түүнийг ачиж зайлуулах нь манай л үүрэг. Зулгаасан зэрлэг ачдаг машин гэж тусдаа гардаггүй учраас хог татан зайлуулах үйл ажиллагаатайгаа л цуг хийж байгаа. Ингэхээр нэг багаас ачих хогны хэмжээ 2-3 дахин нэмэгдээд явчихдаг. Тэр чинээгээрээ рейс олширч дараагийн баг руу орох хугацаа хойшилж график алдагдана. Тэгэхээр бас иргэдийн бухимдал нэмэгдэнэ ээ л гэсэн үг.
-Хогны асуудал тэгвэл улирлын чанартай байдаг юм байж. Одоо дахиад бас нэг улирлын чанартай асуудал гарч ирж та бүхний өмнө тулгамдана. Бэлтгэл ажлыг тань шалгана. Жилийн жилд хүйт орж цас орохтой зэрэгцээд халтиргаа гулгааны тухай нийтээрээ шүүмж тавьж, асуудал дэвшүүлж эхэлдэг. Үүнд ямар шийдэлтэй, хэр бэлтгэлтэй байгаа вэ?
-Шүүмжийн тухай асуудал дээр төвлөрье. Ямар ч нөхцөлд үүсээд гарч ирээд байгаа учраас. Хот тохижуулах байгууллагын ажлыг иргэд маань нэг үеэ бодвол их сайн ойлгодог, хүндэлдэг болжээ. Гэхдээ бас ойлгодоггүй нэг хэсэг байна аа. Ойлгодоггүй гэхээсээ илүү ойлголт аваагүй гэмээр. Манай хамт олны хувьд мэдээллээ аль болох нээлттэй хуваалцаад, хотын иргэдээ сонсож, харилцан ойлголцолтой урагшилъя гээд чамгүй хичээж байгаа. Цахим орчинд мэдээллийн хуудас нээгээд хийж байгаагаа хэлж харуулаад иргэдийн санал хүсэлтийг чөлөөтэй авъя гэхээр муйхарлаад доромжлоод ороод ирдэг хэсэг бүлэг хүмүүс бий. Тэдгээрт буруу өгөхөөсөө түрүүн энэ бидний асуудал гэж харах нь чухал. Ажлаа ойлгуулах, таниулах, хамтын оролцоог хангах илүү их эрэлт шаардлага байна гэсэн үг. Үйл ажиллагаагаа нийтэд танилцуулаад сурталчлаад явах гэхээр төсөвт байгууллага учраас энэ чиглэлийн зардалгүй. Гэтэл иргэдтэй хамгийн ойр, орчинд нь тулж ажилладаг манай байгууллагын тухайд үйл ажиллагаагаа олон нийтэд хүргэх зайлшгүй шаардлага байгаад байдаг. Ойлголтын зөрүү арилж, иргэд санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлээд Хот тохижуулах газрын ажил үйлчилгээ, нөхцөл боломжийг бодитой үнэлээд ирэхийн цагт улирлын болон цаг үеийн шинжтэй аливаа шуугиан шүүмжийн асуудал босож ирэх нь багасах болов уу. Маркетинг зөвхөн хувийн хэвшил дээр ч биш төсөвт байгууллагад ч дутахгүй эрэлт, хэрэгцээтэй нь мэдрэгдээд байгаа учраас үүн дээр анхаарахыг зорьж байна. 24 цагийн санал хүсэлтийн утас, цахим пэйж ажиллуулж, нийтийн санал хүсэлтийг нээлттэй авч эхэллээ. Иргэдээ сонсъё, юунд бухимдаад байдаг, яагаад шүүмж тавиад байдгийг нь ойлгоё, өөрсдийгөө бас мэдүүлье, мэдрүүлье, асуудлыг уг углуургаар нь харж хамтын шийдэл хайя гэсэн зорилтыг өмнөө тавиад байгаа юм. Ер нь хаа хаанаа бухимдаад эсвэл өөрийгөө өмөөрөөд ч юм уу тал талынхаа өрөөсгөл өнцгөөр асуудалд хандаад суух биш бүхий л зүйлээ нээлттэй ойлголцдог, мэддэг, шийддэг болмоор байна л даа. Мэдээж алдаа дутагдал гарна, техник тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудал ч тулгарна. Гэхдээ мэдээллийн дутмаг байдлаас аливаа буруу зөв ойлголтод өртөхгүй байх нь нэн тэргүүний асуудал. Бодитой тулгамдсан бэрхшээл, гарсан алдаа дутагдлыг бол бүхий л түвшинд шийдээд засаад явах боломжтой гэж хардаг.
-Боломж бололцооны асуудал сөхөгдсөн дээр нэг асуулт байна. Хот тохижуулах газрын бүтэц, техникийн хүчин чадал одоогийн Эрдэнэт хотоо хог хаягдалгүй байлгах, цас мөснөөс бүрэн цэвэрлэх хэмжээний байж чаддаг уу? Хэдийд ямар тооцоо судалгаан дээр үндэслэсэн бүтэц орон тоогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа вэ? Ачаалал хэр байдаг бол?
- Хот тохижуулах газрын 2010 онд батлагдсан орон тооны бүтэц нь 243 албан хаагч. Шинэ хотхонууд бий болж үйлчилгээний цар хүрээ өргөжсөнтэй холбоотойгоор 279 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Хүний бүтэц гэхээсээ илүүтэй Хот тохижуулахад гол анхаарах асуудал бол техник. 2022 оноос хойш техникийн шинэчлэл дорвитойхон хийгдсэн байгаа. 12 шинэ зориулалтын машинтай болж оросын хуучин самосвалиар хог ачилт хийдэг байсан үеийг зоригтойхон халсан. Энэ аравдугаар сард зөөврийн 40 чингэлэгтэй чингэлэг зөөдөг зориулалтын 7 машин ирнэ. Ингээд машин техникийн хувьд боломжийн хэмжээнд хүчин чадлаа нэмэгдүүлээд бололцоогоо өргөтгөчихнө. Хүний нөөцийн тухайд сая Иргэдийн хурлаар асуудлаа оруулсан. Эрдэнэт хотод бүтээн байгуулалт өрнөж шинэ шинэ хотхонууд ашиглалтад орж байна, гэр хороолол өдрөөс өдөрт өргөжиж уул даваад явчихлаа. Хот тохижуулахын ажилтан албан хаагчдын ачаалал яах аргагүй нэмэгдэж байгааг Иргэдийн хурлын төлөөлөгчид ч, аймаг орон нутгийн удирдлагууд ч сайн ойлгож дэмжээд техник тоног төхөөрөмж, хүний нөөцийн хувьд боломжийн хэмжээнд шийдээд өгчихсөн. Тэгэхээр одоо болохгүй бүтэхгүйн тухай ярихаасаа түрүүн зөв зохион байгуулалт хийж менежментээ сайжруулах, иргэд, аж ахуйн нэгж албан байгууллагуудтайгаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ойлголцлыг бий болгох замаар үйл ажиллагаагаа үр дүнтэй зохион байгуулаад явна. Нөөц бололцоо бий гэж харж байгаа.
- За өвөлжилтийн бэлтгэл ажил, халтиргаа гулгаа руугаа эргээд орох уу?
- Өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд ирж байгаа улирлынхаа ерөнхий төлөв байдлыг мэргэжлийн байгууллагын мэдээнээс харах хэрэгтэй. Авч байгаа мэдээллээр цас эрт унах, хур тунадас их байх, өвлийн улирал нэлээд урт үргэлжлэх магадлалтай байгаа. Тэгэхээр бэлтгэл ажлыг нягт нямбай хийх шаардлагатай гэсэн үг. Цас нэг удаа ороход хүчин чадлаараа ажиллаад цэвэрлээд гарчихдаг. Харин үргэлжилж ороод нэг дарчихвал цэвэрлэгээ хийхэд маш хүндрэлтэй болно. Хүмүүс давс, бодисоо цацаач ээ гэдэг. Гэтэл давс бодис цацахад гадаа цаг уурын тодорхой нөхцөл, хэм хэрэгтэй. Цаг уурын байгууллагатай нягт уялдаатай, байнгын мэдээ авч байж тохирох арга барилаа хэрэглэхгүй бол болдоггүй. Давсанд ч бай бодист ч бай ашиглах нөхцөл, тохирох агаарын хэм нь байхгүйд хүрвэл цасыг улам гөлийлгөөд зам талбайг бүүр мөстүүлээд хаячих эрсдэлтэй. Эхний ээлжид байгууллагын ажилтан албан хаагчдынхаа туршлагад үндэслэн халтиргаа гулгаа хамгийн их үүсдэг хүндрэлтэй газруудынхаа зураглалыг гаргаж байна. Цас орлоо гэхэд хамгийн түрүүнд хаашаа очих вэ, ямар арга хэмжээ авах вэ гэдгээ эртнээс тодруулж бэлтгэж байгаа. Хот тохижуулахын харьяаны 130 км зам бий, Эрдэнэт хотын хэмжээнд. Энэ замынхаа нөхцөл байдлыг урьдчилж тооцож гаргаад яах аргагүй гулгаа үүсдэг хэсгүүд дээрээ цаг уурын мэдээнд үндэслэн цас орохоос өмнө давс бодисоо цацах зэрэг арга хэмжээг авах зэргээр аль болох иргэдийг хүндрүүлэхгүй байх чиглэлээр анхаарч ажиллахыг зорьж байна. Мөн ШУТП-тай хамтраад технологийн шинэчлэл хийхийг, манай нөхцөлд таарсан технологийг илүү сайжруулан нутагшуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Жишээ нь давсыг шингэрүүлж асгах аргыг турших гэдэг ч юм уу. Одоогоор 200 гаруй тонн давс, 12 тонн бодисын нөөц бүрдүүлээд байна. Энэ жилийн тухайд хийхээр төлөвлөж байгаа өөр ажил бол зам дээрх давс, бодисыг хажуугийн мод бут, хашаа хайс руу хаягдал болгож цацахгүй. Эргээд ногоон байгууламж, хотын өнгө төрхөд нөлөөлөхгүй байхаар тооцож цэвэрлэгээгээ хийнэ. Нэгийг нь цэвэрлэж байна гээд нөгөөг сүйтгээд байхгүйгээр тооцож ажиллана.
-Хотын хэмжээнд өөр нэг тулгамдаж байгаа асуудал золбин нохой болчихлоо. Золбин нохой устгалын ажлаа яаж зохион байгуулж байгаа вэ?
-Одоо яг нохдын ороо орж олноороо бөөгнөрдөг үе. Шууд золбин гэх бас хэцүү шүү. Эзэнтэй, эзэн нь уядаггүй, өглөө цэцэрлэг, сургууль руу хүүхдээ дөхүүлж өгөхдөө хүртэл нохойгоо дагуулаад гардаг хүмүүс ч байна. Өнөө ноход нь тэндээ үлдээд бөөгнөрөөд хүүхэд айлгаад байж байдаг. Нэг талаасаа энэ иргэний ухамсар, хариуцлагын асуудал. Золбин нохой хаанаас бий болоод байна вэ гэхээр хэд хэдэн сурвалж байна л даа. Иргэд тэжээж байсан нохойгоо золбируулаад хаядаг. Гэр хорооллын байтугай орон сууцны айлууд ч ийм хандлага гаргах нь бий. Мөн Эрдэнэт хотын эргэн тойронд нутаглаж байгаа айлуудын, амралтын газрын орчмын нохой хот руу орж ирэх асуудал ч байгаа. Үүнтэй зэрэгцээд хогийн цэг дээр ноход үржиж яваандаа суурьшлын бүс рүү орж ирдэг. Гэхдээ золбирч гудамжинд гарч байгаа нохдын 80-аас дээш хувийг иргэд өөрсдөө тэжээж байгаад орхисон, тэдгээрийн үржлээс бий болсон байдаг л даа. Амьтан тэжээнэ, хайрлана гэж гөлөг авчхаад томроод ирэхээр нь төвөгшөөгөөд гудамжинд гаргачихсан. Нохойны үржил маш хурдан. Жилдээ 2-3 удаа ороо нь орж тэр тоогоороо гөлөглөдөг. Нэг гөлөглөхдөө хэчнээн гөлөг гаргадгийг хүмүүс угаасаа мэднэ шүү дээ. Байнга тоо нь хурдтайгаар өсдөг. Гэтэл энэ олноороо хаягдаж, үржиж байгаа нохойг устгах ажлыг манай дээр ердөө гуравхан хүн гүйцэтгэдэг. Анчин, жолооч, чирэгч гэсэн гурван хүнтэй нэг баг өдөрт 20-25 нохой л устгана. Хүчин чадал, нөхцөл боломж нь ийм. Золбин нохдын тоо толгой нэмэгдсэнтэй холбоотойгоор дахиад нэг баг гаргаж нохой устгалд явуулъя гэхээр анчин олддоггүй. Жолооч, чирэгч буюу буудсан нохойг чирч ачдаг, устгалаас хойших бусад ажлыг хийдэг хүн нь байгаад байдаг. Нохой устгах хүнгүй. Энэ мэдээж Монголчуудын уламжлалт сэтгэлгээтэй холбоотой л доо. Нөгөө талаас бас золбин нохой их байна, устгаач, хүүхэд хөгшид айлгаад сүйд боллоо гэдэг хүмүүс яг нохой буудаад эхлэхээр анчинд маш сөрөг хандлага илэрхийлдэг. Өөрсдөө журамд заасан хугацаанд нохойгоо уяж хориогүй, дураар нь тэнүүлж бусдын эрүүл аюулгүй амьдрах орчинд заналхийлдэг хэр нь нохойг нь устгахаар зарга заалхай үүсгэдэг, нохойныхоо төлбөр, үнэ гэж нэхдэг, цахим орчинд буруу зөв мэдээлэл тарааж массаар үзэн ядуулдаг ч гэх юм уу. Ер нь яг нохой буудаад эхлэхээр нөгөө нохойг устгаад арилгаад өгөөч ээ гэдэг хүмүүстэй адилаар нохойг өрөвдөж хайрлагчид гарч ирдэг. Амьтанд хайртай ч юм шиг хайргүй ч юм шиг сонин хандлага илэрнэ л дээ. За дээр нь нэмэгдээд нохой хараал ерөөлтэй, амьтан алах нүгэл буян гээд явахаар нохой алах хүн олддоггүй. Ингээд ганц баг маань ажилдаа гардаг. Энд тэнд нохой бөөгнөрөөд байна аа гэхээр яваад очдог. Өнөө ноход чинь хөнгөн хөлийн амьтан, ялангуяа орооныхоо үед нэг газар тогтох нь ховор. Онож олж очиход хэцүү. Дээр нь манай Хот тохижуулахын нохой устгалын машиныг золбин ноход андахаа байчихсан. Машины дуунаар нь зугтаад алга болдог. Тэгээд ганц нэг буун дуу гарвал бүүр бараагүй тархаад алга болно. Нохой чинь маш ухаантай шүү дээ. Хогийн цэгийн нохдыг устгахаар хэрэг болгоод очдог. Машины бараанаар, буун дуунаар уулаар гараад алга болчихно. Буцахаар буугаад ороод ирдэг. Нэг нэгээр нь хөөцөлдөж агнах хүчин чадал, хүний нөөцгүй. Тэгэхээр бас л байгаа нөөц боломждоо тааруулж, зөв зохион байгуулалт хийх замаар асуудлын шийдлийг хайж байна. Нохой сонирхогчдын холбоотой зөвшилцөж, ярилцаж байгаа зүйлүүд ч бий. Гэхдээ хэрэгжүүлж эхлэхэд нэлээд цаг хугацаа орох болов уу. Одоогоор бол багийн Засаг дарга нартай л хамтарч ажиллаж, нохой устгалын ажлыг аль болох үр дүнтэй байлгахыг хичээж байна. Тухайн баг дээрээсээ ноход цугларч байгаа цэг, гудамжны талаар мэдээллийг шуурхай өгч нохой устгалын баг ажиллуулах арга барилаар л ажиллаж байгаа.
- Цаг гаргасанд баярлалаа.