Жаргалант сум Эх үрсийн баяраар урлаг спортын олон арга хэмжээ зохион явууллаа

Орхон аймгийн Жаргалант сум Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Эх үрсийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Жаргалант сумын Эх үрсийн баярын арга хэмжээнд ирсэн хүүхдүүдэд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэж үг хэлсэн юм. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр болон тус сумын ИТХ-ын дарга Б.Баттогтох, Засаг дарга Б.Зоригтбаяр нар оролцлоо. Эх үрсийн баярын өдрөөр аймгийн ИТХ-ын даргын ивээл дор сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд үндэсний бөхийн барилдаан, ахлах ангийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг урлаг спортын олон арга хэмжээг зохион явууллаа. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр нар урлаг спорт, сурлагаараа манлайлсан болон эмзэг бүлгийн 200 орчим хүүхдүүдэд эх үрсийн баярын мэндийг хүргэж гарыг бэлэг гардуулан өглөө.