Т.Баяртогтох:-Хүнийг бусдын хандлага л өөрчилдөг, амьдруулдаг...

    Гадаа цасан бударч, салхи исгэрч, наран мандаж, шувууд жиргэж... Ертөнцийн түмэн өнгө, буман хэлбэр өөр өөрийнхөөрөө ээлжилсээр. Хамгийн гол нь ээлжилсээр, эрээлжилсээр. Нэг хэвээрээ тогтох нь үгүй. Хүмүүний амьдралд ч энэ бүхэн нэгээхэн ч ялгаа үгүй. Нэг нь наран адил мандаж, шувууд жиргэсэн сайн сайхны дунд умбаж байхад... Нөгөө нь шуурга исгэрсэн, хүйтэн мөс хайрсан хатууг сөрөн тэмцэж, нөгөөх нь харин сөгдөж, унаж... Босч тэмцэж, жаргалаа даахгүй ташуурч, зовлонгоо даан тэнцэж... Хорвоо, хүний ертөнц буман өнгөндөө хөрвөөсөөр. Наран саран ээлжилдэг хорвоод жаргал зовлон заавал сүлэрдэг нь хэн ч хөндөшгүй жам. Ийм л жамд зовж жаргаж, инээж уйлж яваа нэгэнтэй хэдхэн хором хөөрөлдснөө уншигч танаа дэлгэе. Амьдралын мөчлөг хоногоор тоологдохын цагт алаг хорвоогоос ухаарал болгон хадгалснаа хуваалцахаар зорьж ирсэн залууг Т.Баяртогтох гэдэг. Бусдын л адил амьдарч, бодож, зорьж, тэмүүлж явсан түүнд аюулт өвчин тохиожээ. Гэвч тэрбээр түүндээ бус өөртэй нь адилхан гэнэн тэнэгээр амьдралаа, биеэ үрэх залууст, өрөөлд илүүтэй санаа зовдогоо илэрхийлэхийг хүссэн юм.

  - Бид хоёрын ярилцлагын зорилго ерөнхийдөө ойлгомжтой санагдлаа. Анх хэдийд энэ элэгний хатуурал гэдэг оноштой болохоо мэдсэн бэ? Учир зүйн талаар ярихын өмнө шалтгаан нь байх ёстой байх?

  - 2008 онд гэх нь зөв байх. Тэр үед би Дорнод аймагт цайран дээр ажилладаг байлаа. Тэр үед л анхны шинж тэмдэг мэдэгдэж эхэлж байсан юм билээ. Удалгүй хотод ирж барилгын ойр зуурын ажил хувиараа хийдэг болсон. Ер нь амьдрахын төлөө, залуу хүн зорилготой явж байж жаргалтай болно гэдэг ээж, ааваас суулгасан итгэл үнэмшилийнхээ төлөө би янз бүрийн ажил хийж үзсэн. Харин ажлыг эрэмбэлж, голж бол үзээгүй. Дурлаж, зүтгэж хийж чадвал ажил бүр л сайхан гэдэг үнэн шүү. Хотод орж ирээд 2009 онд доошоо, дээшээгээ цус алдаад байгаагаа анзаарсан. Гэхдээ тоогоогүй. Машин бариад л, хүмүүсээ ажиллуулаад л, бүхий л асуудлаа шийдээд явж байлаа. Цус алдаж байна гэдгээ бол мэдээд байсан. Гэхдээ нэг л ухамсарлаж, бие минь муудаж байна, эрүүл мэнд чухал гэж бодоогүй. Энэ миний эхний алдаа. Бас залуусдаа хэлж ярих гэсэн, сануулмаар санагдсан зүйлийн маань нэг л дээ. Өөрийнхөө биеийг мэдрэхгүйгээр орчноо мэдэрч байна, мэдэж байна гэж залуугийн аагаар ташаардаг юм билээ. Өөрийнхөө үнэлж баршгүй зүйлээ хэрэг дээрээ хамаагүй хямдхан зүйлээр солиод л явж байсан байдаг. Өөрөө өөртөө амьдралын үнэлэмж тогтоож, үнэ цэнээ эртхэн бодиттой болохгүй бол үнэндээ үзэгдэл төдий зүйлийг илүү чухалчлан хууртаад байх тал байдгийг би эндээс ухаарсан. Гэхдээ хожимдсон байлаа.

  - Тэгээд хэдийгээр өөрийн эрүүл мэндийн асуудлаа хүндэрснийг мэдсэн бэ?

  - 2009 оны намар бүр их хэмжээний цус алдсан. Бүр хамаг тамир тэнхээ алдарсан. Нэг давхарын шатаар ч гарч чадахаа байсан гээд бод доо. Нүүр хуурайшиж, уруул ам хатаад хүний төрхнөөс ч гарсан. Завсар л гарвал хэвтэхээс аргагүй болчихсон хэрнээ ажлаа, олж буй хэдэн төгрөгөө илүү чухалчилсаар байлаа. Нэг өглөө ажилчдаа авах гээд машинаа бариад явж байсан чинь толгой эргээд, өмнөх зам нүдэн дээр гозойгоод ирэх шиг болсон. Нэг мэдсэн чинь нийслэлийн 1-р эмнэлэг дээр хүргэгдээд ирчихсэн байв. Эмч нар дотуур цус алдаж байна, шалтгааныг яаралтай тодруулах шаардлагатай, дотор эрхтнүүдийг дурандана гэсэн. Дурандсан. Улаан хоолойн венийн гурван судас хагарчихсан, цус алдаж байсан. Түүнийгээ тэр даруйд нь боолгоод 1-р эмнэлэгт хэвтсэн. Анх удаагаа эмнэлгийн байгууллагад хандсан маань энэ. Элэгнээсээ болж венийн судас бүдүүрч хагарсан гэсэн онош тавигдсан.

  - Тэр үед яг юу гэсэн бодол төрж байв?

  - Хүний бие өөрөө болохгүй байна, бүтэхгүй байна гэдгээ сүрхий хэлдэг юм билээ. Даанч бид анхаардаггүй. Үнэндээ өөрийгөө, биеэ сонсдоггүй. Өөрийгөө сонсоогүй, мэдрээгүй байж өөр зүйлд автаж, тэмүүлэх нь тухайн үедээ болж байгаа мэт боловч хэрэг дээрээ утгагүй. Утгагүй нь өмнө нь дэндүү чухал мэт санагдаж байсан зүйлс яг тэр мөчид ямар ч үнэ цэнэгүй болох нь шууд мэдрэгдсээр л анх ойлгогдсон доо. Зүйрлэбэл хүний бие өөрөө тухайн амьдралын бодит агуулга, аа харин өнгө, мөнгөхөн хөөцөлдсөн амьдрал хийсвэр хэлбэр юм билээ. Агуулгагүй хэлбэрт шүтэж явсаар ийм байдалд хүрсэндээ харамсдаг гэх үү дээ.

  - Амьдралын чинь талаар ярилцахын тулд өөрийн чинь талаар бас ярилцах хэрэгтэй болох байх. Өөрийнхөө тухай?

  - Би Хэнтийн Бор-Өндөрийн хүн л дээ. Тэндээ өсч торнисон бусад хүүхдийн жишгээр цэцэрлэг сургуулиар дамжин хүмүүжсэн. Намайг хоёрдугаар ангид сурч байх үед манайх Эрдэнэтэд шилжиж ирсэн. 2-р ангиасаа 4 анги хүртлээ Эрдэнэтийн гуравдугаар арван жилд суралцсан. Миний дээд талын ах сургуульд дургүй. Сургуулийг ер нь хаячихдаг, болж л өгвөл явахгүй санаатай байдаг сайн эр байлаа. Тэрний нөлөө орсон уу яасан сургуульд дургүй болоод ирлээ шүү. Ингээд сургуулиа хаяад хөдөө мал дээр гараад явчихсан. Гэхдээ хичээл номоо бүр хаяагүй. 8-р анги төгсдөг жилээ Эрдэнэт дээр орж ирээд 8-р ангийн шалгалтаа өгч төгсч байлаа. Тэгээд нөгөө сургуулиа хаядаг зан нь бас л хатгаж, 9-р ангидаа сураагүй хөдөө гарчихсан. Мөн л хичээлээ хийгээд явсан юм шиг байгаа юм. 10-р ангиа Улаанбаатар хотод шалгалт өгөөд төгсчихсөн. Тэндээ элсэлтийн шалгалтад орж, Батлах хамгаалахын их сургуулийн хуваарь авч байлаа. Нийгмийн ухаан, математик, биеийн тамираар шалгалт өгсөн. Тэнцээд шинээр элсэгч нартай карантинд явах гэж байтал нэр минь ороогүй асуудал үүссэн. Уг нь хүнд машин механизмын инженерийн ангийн хуваарь авчихсан байсан юм. Нэр чинь ямар нэг шалтгааны улмаас орхигдсон байна, долоо хоногийн дараа дуудаад асуудлыг шийднэ гэж нэг генерал хэлсэн. Тэр хугацаандаа дуудах юм байх гэж бодоод л гарсан. Дуудаагүй. Ингээд л би хувиараа хөдөлмөр эрхэлж, хүн шиг амьдрах гээд үзье гэж бодсон доо. Жолооны курст сураад жолооч хийж үзлээ. Барилгын компанид мужаан ч хийж явлаа. Арматурчин-бетончин ч болж байсан. Юм юм л хийсэн. Өөрийнхөө хэмжээнд амьдралаа дажгүй болгоод байсан гэж итгэлтэй хэлнэ.

  - Үзсэн хүн л юмыг ойлгодог юм билээ гэж чи ярилцлага өгөх зорилгоо тодотгож байсан. Үзснээ ойлгуулах, өрөөлийг битгий алдаасай гэсэн сургамжийг өөрөө хэлэх гэсэн байх?

  - Хүний амьдрал-эрүүл мэнд, ажил, найз нөхөд, гэр бүл, сэтгэл зүрх гэсэн таван үндсэн хэсгээс бүрддэг болов уу гэж би боддог. Боддог болоод байна гэх үү дээ. Эдгээрээс нэн чухал нь эрүүл мэнд. Хэзээ ч эргэж олдохгүй. Бас эрүүл мэндгүйгээр бусад нь оршин тогтнох боломжгүй. Гэсэн хэрнээ бидний амьдралын үнэлэмжид ерөөсөө жин дардаггүй. Үнэ цэнэтэй санагддаггүй. Хамгийн аюултай, харамсалтай нь энэ. Хэрэг дээрээ чи, би байхгүйгээр бидний үйл хэрэг, эд хөрөнгө гэж байх уу? Бүтээгчгүйгээр бүтээл байх уу? Гэтэл бид ихэнх тохиолдол бүтээж байгаа, за хатуу хэлье, нас богинотой, тэр цаг үедээ л чухал мэт санагддаг зүйлдээ хамгийн үнэ цэнэтэй зүйлээ үрж байна. Ганц эрүүл мэнд дээр ч биш. Ажил гэсээр ар гэрээ хаядаг, аман дээрээ гарч ирсэн ганц нэгхэн бүдүүлэг үгнээс болж найз нөхдөө, нэр хүндээ алддаг. Ерөөсөө л өөрөө мөнх иймээрээ байх юм шиг авирладаг. Гэвч ямарваа зүйл богино хугацаанд, бүр хайрламаар ахархан хугацаанд заяагдсан байдаг юм билээ. Бид муу ёрлож байна гэдэг. Муу ёрлох биш. Муугаас сэргийлж байж л сайн явна шүү дээ. Сайн байх үедээ муудаж болно, муу байх үедээ сайн цаг ирнэ гэдэгт дандаа бодож, өмнөх хойтохоо өөрийнхөө мунхаг үйлдлээр гутаалгүй, өөрийгөө золиосонд нь үрэлгүй л амьдраасай гэж хэлэх гэсэн юм. Ямар зүйлийг, ялангуяа өвчнийг өөрийн чинь бие сэрэмжлэх дохио ирүүлсэн даруйд нь чагнаж мэдэрч, бага дээр нь эмчлүүлж байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ эрүүл явж чадна, зөв амьдарч чадна. Эхний ээлжинд өөрөө өөртөө эзэн бол, өөрөө өөрийгөө бүрэн хяна, эрүүл яв л гэж захих байна. Ингэж чадаагүй бол сүүлд нь төлөх төлөөс нь аймаар их шүү. Олсон гэж бодож, итгэж байсан бүхэн чинь харсаар байтал алдагдана.

  - Энэ өөрөө өөрөөсөө олсон ухаарал байх?

  - Хамт олонтой, найз нөхөдтэй, ханьтай, үртэй сайхан явсан цаг бий. Одоо харин аль аль нь үгүй болж. Бүр алга болдоггүй юмаа гэхэд надаас холдсон байна. Сэтгэлээ онгойтол ярилцаад сууя гэхээр тийм найз нөхөд ч тоотой болжээ. Нэг л мэдэхэд тусгаарлагдчихсан байна. Сэтгэлээ нээгээд, сайхан яриад суух хүн ердөө ээж минь л үлдэж. Эхийн сэтгэлийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэднэ. Ямар аугаа билээ. Ингээд ирэхээр бөглөрдөг юм байна, бачуурдаг юм байна. Гэхдээ аль болох ухаанаар, ухаарлаар асуудалд хандаж, буруугийн хариуд ч зөв л хандахыг хичээж явна. Тэрнээс биш би л ингэчихсэн, би л гээд бачимдаад, гомдоод бухимдаад явбал эргэн тойрондоо ч, өөртөө ч халтай байх нь мэдээж.

  - Өөрөөс чинь хүний мөс чанарын тухай асуумаар санагдлаа?

  - Хүнийг хүн байлгадаг зүйл нь хүн гэх нэр нь ч биш, хүний гадаад төрх ч биш байх. Хэрэг дээрээ рашаан ч, шалбааг ч ус шүү дээ. Ус бүр унд биш байдаг шиг хүн бүр хүн биш байдаг юм шиг. Тийм ийм гэж итгэлтэй хэлэх эрдэмтэн, ухаантан би биш л дээ. Тэгэхээр зөвхөн өөрийн бодсоноо л ярьж байна. Ойлгоно биз ээ. Хүнийг хүн болгодог мөн чанар нь хүний мөс чанар. Хүний мөс чанаргүй бол хүн хүний утгаа алдана. Одоо бол харин хүн биш хүмүүс дэндүү олширч. Өөдөө яваа нэгнээ хөөргөх бол хүн чанарын илрэл бус. Харин уруудаж, дорой яваа нөгөөдөө туслах нь хүн чанарын илэрхийлэл байх. Араатан, амьтны сүрэг ч хүчтнээ ялгаад дээрээ гаргаад, сүүлээ хөдөлгөөд долигноод байх чаддаг. Гэтэл уруу доройгоо тэтгэх ухаан адгууснаас гарна гэж үү. Ингээд бодохоор нинжин сэтгэл, тусч чанар л хүний, хүн чанарын илэрхийлэл байх. Эцсийн эцэст өөр юугаар ч биш, хүн хүнээрээ дутдаг хорвоо юм билээ.

  - Чи өөрөө хэр хүн чанартай хүн явсан бэ? Өөрөө өөрийгөө дүгнэж, цэгнэж байгаа хүний чинь хувьд ингэж асууж байгаа юм шүү уучлаарай...

  - Бусдын л адил олны, нийгмийн дунд амьдарч явсан хүний хувьд бусдыг гомдоож, зовоож явсан тохиолдол бишгүй л бий байх. Гэхдээ хар буруу санаад, зориуд, санаатайгаар хийж явсан үйлдэл байхгүй гэдгийг л бардам хэлнэ. Нэгдүгээрт надад тийм сонирхол байдаггүй, хоёрдугаарт аав ээжийн минь хүмүүжил тийм биш. Хүн хүнээс ямар хайр халамж, нинжин сэтгэл авна түүнийгээ л бусдад буцаагаад гаргадаг болов уу гэж би боддог. Хүнийг хүн биш болгох амархан, хүн болгох хэцүү гэдэг. Би үүнтэй санал нийлэхгүй. Хүнд сайхан сэтгэлээр, нинжин сэтгэлээр хандаад л байвал сайн сайхан хүн болж хувирна шүү дээ, яагаад болохгүй гэж. Хамгийн гол нь муу муухай хандах амархан, магадгүй сонирхолтой байдаг болохоор л муу болгох хялбар, сайн болгох хэцүү гэлцдэг байх. Хүнийг бусдын хандлага л өөрчилдөг, амьдруулдаг. Тэгээд би хүн хүнээрээ дутдаг хорвоо гэсэн юм. Хэрвээ би, бид хүн чанараар бусдад хандаж чадвал тэд ч бас хүн чанарыг гаргах л болно. Хүний мөсгүй хандвал хүний мөсгүй хандлагыг л буцааж хүртэж таарна. Хүн боловсролоороо бус эргэн тойрны хүмүүсийн хандлага, хүмүүжлээрээ л ухааждаг бололтой юм.

  - Эдгээрийг юун дээрээс анзаарсан бэ?

  - Ааваасаа. Дээр нь Монгол ардын зүйл цэцэн үгэн дээрээс. Мал маллаж хөдөө өнгөрүүлсэн хүүхэд нас минь зүйр цэцэн үг, домог, өвгөдийн сургааль дунд өнгөрсөнд би баярладаг. Монголчууд үйлийн үр гэж ярилцдаг даа. Энэ бол хамгийн үнэн.

  - Хүний амьдралын үнэ цэнийг мэдээж аз жаргал гэдэг зүйл байнга дагалддаг. Үнэ цэнийн тухай өөрөө нэлээд ярьлаа. Тэгвэл аз жаргалыг юу гэж тодорхойлох вэ?

  - Хүмүүс тогтсон нэг нөхцөл, одоо болзол ч гэх юм уу тавьчихаад түүндээ хүрвэл аз жаргалтай болно гэж боддог. Байртай больё, машинтай больё, мөнгөтэй больё гэх мэтчилэн. Тэгээд л тэдгээрийнхээ араас хөөцөлдөөд байдаг. Тэр болзол нь өөрөөс нь өдөр тутмын аз жаргалыг нь, амгалан тайван амьдралыг нь булааж байгааг анзаардаггүй. Би ч гэсэн тийм л байсан. Нэгд нь хүрэхээр нөгөө нь харагддаг, ерөөсөө л эцэс төгсгөлгүй хөөцөлдөөн, зай завсаргүй зүтгэл бол бидний аз жаргалтай болгоно гэж боддог тэдгээр зүйлс. Буруу юм билээ. Хүний аз жаргал бол ерөөсөө л эрүүл мэнд. Өдөр тутамд эргэн тойрондоо оршиж байгаа бүхнийг мэдэрч, дуртай зүйлээ хийж, эрүүл саруул, элэг бүтэн амьдрах л аз жаргал. Энгийн жишээ авья. Шүд чинь өвдөж байхад хичнээн сайхан машин унасан байгаад ч жаргаж чадах уу. Хүн хэдий чинээ материалаг зүйлийн төлөө зүтгэж тэмүүлэхийн хэрээр төдий чинээ хохирол амсдаг юм шиг. Үүний биет жишээ нь би өөрөө.

  - Өөрийг чинь хайрлаж, өвдсөн энэ хүнд үед чинь түшиг тулгуур болж байгаа хүмүүсээ дурьдалгүй өнгөрч болохгүй байх?

  - Тусдаа гэр бүлтэй, сайхан ахан дүүстэй, хөөрхөн охин үртэй, өвчингүй байсан бол хамгийн жаргалтай хүн би. Аав, ээж минь, ахан дүүс минь намайг дэмжиж, өргөж, өдий дайтай авч явна. Яг өнөөдрийн аз жаргал минь, амьдралд тэмүүлэх тэмүүлэл минь миний охин. Би охиноо харах бүртээ өгүүлшгүй аз жаргалыг мэдэрч, өөрийн эрхгүй амьдралд, дэндүү хурдан өнгөрч байгаа цаг хугацаа, өдөр хоногт хоргоддог доо. Миний гэр бүлийн хүн намайг өвдсөн хойно 2010 онд надтай танилцаж, ханилж байсан. Зургаан жил сайхан амьдарч, хөөрхөн охины аав, ээж хоёр болсон хоёр. Одоо тусдаа амьдарч байгаа. Эхнэрт минь намайг ойлгох ч үе байсан, ойлгохгүй ч үе байсан. Надад ч бас эхнэрээ ойлгох үе ч байж, ойлгохгүй үе ч байсан биз. Ханьдаа гомддоггүй ээ. Сайхан охин төрүүлж өгч, өвчин зовлонтой хүнд цагт амьдралд тэмүүлэх учир утга хайрласан хүн бол миний хань...

  Бидний яриа удаан үргэлжилсэн. Гэхдээ миний хувьд энүүхэн хэсгийг нь хуваалцмаар санагдлаа. Элэгний хатуурал нь хүнд шатандаа орж, хоолой нь хүртэл сааралтан гэнэ гэнэхэн гарахаа байх энэ залуугаас таниж мэдэрсэн ухаан, түүнийгээ бусдад түгээх гэсэн асар их тэмүүлэл мэдрэгдэж байсныг өгүүлэхгүй өнгөрч болохгүй. Үзэгдэл, өрнөл бүхэн нь хатуу зөөлнөөрөө бус хар цагаанаараа ялгардаг энэхэн замбуулинд хоргодохын шалтгаантай, хожимдохгүй байхын сэхээрэлтэй амьдрахыг тэрбээр онцлон захисаар. Эрхэм таны мэргэн оюунд өргөе...