ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД АРВАН ЖИЛ БҮГСЭН “УУЛЫН” ТӨМӨР
Соц нийгмийн үед Хөвсгөл аймагт Баавайн Төмөр буюу “Уулын” Төмөр хэмээх цуутай эр байсныг хэн хүнгүй мэднэ. Хөвсгөлийн тайгад арван жил бүгээд өөрөө уулнаас бууж ирээд цагдаагийнханд хоёр гараа гавлуулсан энэ хүнийг дал, наяад оны шоронгийнхон бүр илүү мэддэг. Зохиолч Д.Норов түүний тухай “Уулын Төмөр” хэмээх кино зохиол бичиж, найруулагч Д.Бат-Өлзий уг зохиолыг дэлгэцэнд амилуулсан билээ. Мөн Хөвсгөл нутгаас төрж гарсан зохиолч С.Хэнзий “Уулын” Төмөрийн тухай “Үзэсгэлэнт сайхан ч догшин ширүүн хорвоо” хэмээх баримтат тууж бичиж байлаа. Сэтгүүлч Б.Ойдовын 1990-ээд онд хэвлэгдсэн “Яс цоожинд ганихарсан гучин том ялтан” хэмээх номонд “Уулын” Төмөр багтаж байлаа. Зохиолч, сэтгүүлчид энэ мэтээр “Уулын” Төмөрийг бусдаас онцолсон нь цаанаа бас учиртай. Үүний учир нь “Уулын” Төмөр нь дээхэн үеийн “Торой” Банди, “Тогос” Чүлтэм нар шиг ард түмний дунд хүндлэгдсэн шилийн сайн эр байж чадсанд байгаа юм. Тэр зөвхөн нутгийн ардууддаа хүндлэгдээд зогсохгүй мөрдүүлж байсан байцаагчдаа, яллах гэж байсан шүүгч нартаа хүртэл хүндлэгдэж, цаадуул нь түүнийг дотоод сэтгэлдээ өрөвдөж хайрладаг байсан гэдэг.
Дээхэн үеийн шилийн сайн эрсийг “Арван тавны цагдаа” нар ингэж хайрлаж байсан түүх тэр бүр байдаггүй. Тиймээс “Уулын” Төмөр жинхэнэ ориг “Шилийн сайн эр” байсан бололтой. Нутгийн ардууд Баавайн Төмөрт “Уулын” Төмөр гэдэг нэр хайрлаад бүтэн арван жилийн турш цагдаа нараас хамгаалжээ. Төмөр шиг сайн морь унаж, ан гөрөө хийж, ууланд урц босгож, хээрээр гэр хэцээр дэр хийсэн алдартай хулгайч социализм, коммунизм ид ноёрхож байсан захиргаадалтын үед тун цөөхөн төрсөн. Түүнийг хааяа нэг уулнаас бууж нутгийн айл хунараар айраг цагаа эргүүлж явахад нь цагдаагийнхан сүргээрээ очиж сандаргасан явдал цөөнгүй бөгөөд энэ бүгдээс нутгийн ардууд л хамгаалсаар иржээ. Муу мэдээ дуулсан Төмөр хангал мориныхоо нуруун дээр үсэрч мордоод хадтай хавцалтай уулан дундуур гал цахилуулан давхиж оддог байж. Машин тэрэг хөлөглөсөн цагдаа нар түүний барааг харвал дээдийн заяа. Хөвсгөлийн битүү тайга, эгц өндөр хясаан дундуур машин тэрэг явж болохгүй нь харамсалтай. Ийм маягаар “Уулын” Төмөр арван жил чулуу хөөлгөсөн гэдэг. Тэрбээр бүтэн арван жил уул хадаар амьдраад нэгэн өдөр уулнаасаа бууж “За, одоо л нэг эрх чөлөөтэй, амар тайван амьдаръя. Би хийсэн хэргээ ухаарч ойлгоод хэнд ч баригдалгүй арван жил оргох ганцхан зорилготой байсан. Энэ зорилгоо биелүүллээ. Одоо намайг өршөөх байлгүй” хэмээн нутгийн ардуудад хуучилж байсан гэдэг. Гэтэл итгэж биширсэн төр засаг нь өршөөх нь худлаа болж хувирчээ. Тиймээс Төмөр дахиад л шоронгийн хаалга татсан байна. Чанга дэглэмээс эхлээд жирийн дэглэм хүртэл дамжаагүй шорон гэж үгүй бөгөөд түүний өөдөөс ямар ч хэрцгий догшин авиртангууд хэдэрлэж байсан түүх байхгүй гэдэг. Ямар сайндаа л ялтанууд “Халхын их шоронгийн хад модны Төмөр” хэмээн авгайлах билээ дээ. Ингээд түүний тухай домог болсон ярианаас иш татъя. “Уулын” Төмөртэй хамт Болиогийн Дүүжий гэдэг хүн хамт оргосон гэдэг. Мань хоёр тас харанхуй шөнө Шишгэдийн голыг салаар гатлаад эрэг дээр гараад мориндоо мордтол Дүүжийгийн морь нь булгиад хаячихаж. Төмөр эмээл дээрээсээ бугуйлаа авч ганцхан гогцоо мултлаад чулуудтал тэр нь хангал морины толгойд өлгөгдөж зуларсан морийг ганцхан эргүүлээд тогтоочихсон гэдэг. Тас харанхуй шөнөөр эмээлдээ эвхсэн бугуйлаа тайлж аваад хангал морь бугуйлдана гэдэг эр хүний бахархал. Мөн Хөвсгөл аймгийн Жологийн тайгад Төмөр 40 сумтай винтов буутай явж байгаад 60 гаруй чонотой тааралдаж эцэст нь арай гэж амьд гарсан гэдэг. Шишгэдийн голд эмээлтэй мориноосоо салчихаад замд тааралдсан адуунаас яах ийхийн завдалгүй нэг морь барьж унаад явчихсан байна. Явган нүцгэн хүн ямар ч эмээл хазааргүй сул морь унаад өчнөөн хол газар туулсан байгаа юм. Мөн тэр нэг удаа Хүнхэр тайгад явж байгаад цагдаагийн арав шахам хүнд хөөгдөж морины хурд, эрийн сайныг шалгасан гэдэг. Гэвч цагдаагийнхан морийг нь буудчихжээ. Явган нүцгэн Төмөр хэдийгээр цагдаа нарт бүслүүлсэн ч гэлээ хадан хавцал өөд амь тэмцэж тэдний гараас амьд мэнд мултарсан байгаа юм. Түүнийг үнэндээ машинтай хөөгөөд ч, явган хөөгөөд ч барьдаггүй байж. Шоронд байхдаа зарим нэг ядарсан хоригдолын ажлыг давхар үүрдэг байсан нь нөхөрсөг, хамтач, энэрэнгүй сэтгэлийн илэрхийлэл ажээ. Түүнтэй хамт хоригдож байсан Архангай аймгийн харъяат Дэлгэрийн Самбуу доорхи зүйлийг хуучилсан юм. “Төмөр бид хоёр чангалангийн төмөр хаалганы цаана хамт хоригдож байлаа. Бидэнтэй арав гаруй хоригдол хамт байсан. Хатуу хар модон шалан дээр хувцас хунар нь таар шуудай болсон хоригдолууд өдөр шөнөгүй нухлуулсаар арьс яс болж гүйцэв. Хэн маань ч үхэж болох энэ муу хар савнаас бүгдээрээ амьд гарах юм шүү гэж “Уулын” Төмөр бидэнд байнга сануулдаг байлаа. Ноорхой хувцастай хоригдолууд модон шалан дээр нухлагдаад энд тэнд нь цул хөндүүр болж сав л хийвэл ёолно. Төмөр тэдэнд өөрийнхөө хувцасыг тайлж өгөөд өөрөө модон шалан дээр нүцгэн унтдаг байлаа. Дээхэн үед бөхчүүд болон шилийн сайн эрчүүд суран дээр унтдаг байсан гэдэг. Тиймээс Төмөр энэхүү ёс заншлыг дагасан ч байж болох. Тэгээд бидэнд цаг ямагт сэтгэл зүйн эмчилгээ хийдэг байлаа. Жишээ нь “Та нарын хэвтэж байгаа модон шал чинь цэцэг ногоо жигдэрсэн дэлгэр зуны хээр тал. Бидний дээр цэлмэг хөх тэнгэр цэлийж байна. Хажуу талаар эгц өндөр хадан хясаа байна. Ийм сайхан байгаль дунд хэдүүлээ хэд хоног тухлан саатах хэрэгтэй. Даанч биднийг ой хамгаалагч нар энэ сайхан байгалиас хөөж гаргах гээд урцны маань хаалгыг байн байн тогших юм. Хэдүүлээ эндээс яасан ч явахгүй шүү” хэмээн туйлын итгэл үнэмшилтэй ярьдаг байлаа. Ой хамгаалагч гэдэг нь хянагч нарыг хэлж байгаа ухаантай юм. Хоригдолууд Төмөрийн яриаг сонсоод нээрээ л дэлгэр зуны хээр талд хэвтэж байгаа юм шиг туйлын бахдалтай байдагсан. Төмөр дор хаяад долоо хоногийн өл дааж байсан юм. Ядарсан хоригдолуудад голдуу хоолоо өгчихнө. Хоол идэхдээ бас учиртай. Камерт адууны цувдай орж ирэх үед бараг л найр наадам болдог байлаа. Төмөр арваад хоригдолын адууны цувдаааг бүгдийг нь нийлүүлж байгаад өрөөний голд тавина. Тэгээд бүгдээрээ тойроод сууна. Энэ үед Төмөр “Байгаль эх бидэнд буян хишгээ хайрлалаа. Энэ сайхан тарган цатгалан хандгайг хэдүүлээ одоо сайхан шарж идье. Ой хамгаалагч нарт мэдэгдэж болохгүй шүү. Гэхдээ яарах хэрэггүй, удаан бөгөөд тайван зооглоцгооё” гээд адууны цувдааг хувааж өгнө. Өлсгөлөн хоригдолууд бараг бүхлээр нь залгих шахам байдаг. Харин Төмөрийг үг хэлсэний дараа нээрээ л хандгайн мах идэж байгаа юм шиг маш бахдалтай алгуурхан иддэг байж билээ. Энэ мэтээр бидэнд сэтгэл санаа, бие бялдарын асар их дэм өгсөн. “Бид бүгдээрээ шилийн сайн эрчүүд учир хэн ч ёолж халаглах учиргүй” гэж Төмөр хэлдэг байлаа. Төмөрийн энэ үгийг сонсоод ядарч туйлдсан арваад хоригдолын сэтгэл санаа сэргэж туйлын сэргэлэн болчихдог байж билээ. Хэрвээ Төмөр тэр үед бидэнтэй хамт байгаагүй бол бүгд л сэтгэл санаагаар унаад тураалдаа орж чангалангийн цэвдэг өрөөнд мажийцгаах байсан биз. Бид бүгдээрээ тэр хар савнаас амьд мэнд гарцгаасан” гэж билээ. “Уулын” Төмөр арван жил ууланд бүгээд үнэхээр өөрийн санаачилгаар уулнаасаа буусан уу, эсвэл гэнэдэж цөлстөөд уулнаасаа буусан уу гэдэг хоёр янзын таамаг байдаг. Мэдээж цагдаа, хуулийнханд бол “Би өөрөө уулнаасаа бууж ирсэн” гэж л хэлнэ шүү дээ. Харин хамт хоригдож байсан хүмүүстээ арай өөр зүйл ярьдаг байж. Дал, наяад оны үед Дөчин мянгат, Сансар хороололд жинхэнэ атамандаж явсан “Хагархай” Тамир “Уулын” Төмөрийн тухай дурсахдаа “1982 оны 3-р сарын 22-нд Гүррагчааг сансарт нисч байхад би яг мөрдөнд орж байлаа. Тэр үед Хөвсгөлийн тайгад арваад жил бүгсэн Баавайн Төмөр баригдаад ирчихсэн, яг миний хажуу талын өрөөнд байсан. Баавайн Төмөр яаж баригдсан бэ гэвэл их сонин. Тэр үед Мааньтын шоронгоос Чойрогийн Дүгэрээ тэргүүтэй есөн ялтан оргож улс орон даяар бөөн дуулиан дэгдэж байлаа. Тэгтэл энэ есөн оргодолын хоёр нь Хөвсгөлийн тайга руу гараад явчихаж л дээ. Тэгээд цагдаагийнхан вертолёт хөлөглөөд Хөвсгөлийн тайгад самналт хийхгүй юу. Энэ үед Баавайн Төмөрийн дээгүүр вертолёт эргэлдээд бөөн цэрэг, цагдаа болоод явчихсанд мань эр “Намайг барихаар ирлээ” гэж эндүүрээд цагдаа нар дээр өөрөө давхиад очсон байгаа юм. Уг нь түүнийг цагдаа нар тоохоо байчихсан, зөнд нь орхичихсон байж л дээ. Баавайн Төмөр ингэж гэнэ алдсан гэдэг. Тэгээд арав гаруй жилийн ял авсан. Гэсэн ч ял нь зохих хэмжээгээр хөнгөрсөн. Нэгдүгээрт нутгийн ардууд гомдол гаргаад, хоёрдугаарт Чехийн элчин сайдын яамнаас Төв хороонд бичиг өгсөн байгаа юм. Яагаад ингэсэн бэ гэвэл Чехийн геологичид Хөвсгөлийн тайгад явж байгаад төөрч будилаад үхэж хатахын даваан дээр нь Баавайн Төмөр таарч тэднийг хооллож ундлаад аминд нь орсон гэдэг. Ингэж бусдад тус болж явсан нь өөрт нь эргээд сайнаар нөлөөлсөн” гэж ярьсан юм. “Уулын” Төмөрийг мөрдөж байсан цагдаагийн бэлтгэл офицер Г.Сундуйсүрэн Хөвсгөл аймгийн Дархадын сумдад хэсгийн төлөөлөгчөөр олон жил ажиллажээ. Тэрбээр янз бүрийн бэрхшээлтэй учирч, олон ч гэмт хэрэг илрүүлж явсан чекист хүн. Түүнийг сайхан барилддаг байсан, гэвч албан ажлаасаа болоод аймгийн наадамд хоёр гуравхан удаа зодоглосон, хэрвээ цаашид барилдсан бол улсын начин бүү хэл заан болох байсан гэж ахмад бөхчүүд ярьдаг байлаа. Бэлтгэл офицер Г.Сундуйсүрэн одоогоос хэдэн жилийн өмнө “Уулын” Төмөрийн тухай доорхи дурсамжийг үлдээж билээ. “Хөвсгөлйин тайгад олон жил бүгсэн “Уулын” Төмөр давжаа биетэй жирийн нэг залуу байсан. Баривчлаад цагдаагийн гадаа авчрахыг харсан хүмүүс “Энэ чинь нөгөө дуулиант Уулын Төмөр мөн гэж үү, арай ч дээ” гэх зэргээр голонгуу харж, ярьцгааж байсан. Уг нь сахал самбаа нь ургачихсан хүдэр эр гэж бодож байсан байх л даа. Буунд мэргэн, моринд гарамгай, Монголдоо л Ковбой гэгдэх сэргэлэн залуу байсан. Хар буруу санаагүйгээсээ болоод бусдад санамсаргүйгээр уруу татагдсан хүн. Нэг удаа тэр найз Сэмжидтэйгээ Мөрөнгөөс Ренчинлхүмбэ орох гэж хэд хоног онгоц хүлээж л дээ. Тэгтэл тэсвэр алдсан Сэмжид нь хоёулаа морь хулгайлж унаад нутаг явъя гэж ятгасан байгаа юм. Тэд нутагтаа ирж амжсан ч хулгайн морь нь илрэхэд Сэмжид Тува руу явъя гэж ятгахад нь Төмөр зөвшөөрч. Тэгээд хоёулаа зугтаж ой тайгаар хонон өнжин хоол ундгүй явсан байгаа юм. Сүүлдээ шантарч ядарсан Сэмжид “Ер нь болъё” гэхэд Төмөр зөвшөөрөөгүй юм билээ. Тэгтэл Сэмжид Төмөрийг буудаж шархдуулсан байгаа юм. Хариуд нь Төмөр түүнийг буудаад алчихаж. Тэгээд л зам нь шулуудчихгүй юу. Хүн алчихсан тул олон жил хоригдох нь мэдээж шүү дээ. Арваад жил ууланд бүгэх болсон нь ийм учиртай. Энэ хэрэг надад оногдож, би түүнийг барих гэж нэлээд хөөцөлдсөн. Нутгийнхан хэлнэ гэж байхгүй, тас нууна. Түүнийг нутгийн ардууд их хайрлаж хамгаалдаг байсан юм. “Уулын” Төмөр сумын төвд сэмхэн ирээд кино үзчихдэг, тэр ч бүү хэл сонгуулийн үеэр саналаа өгөөд явчихсан байдаг байлаа. Намайг нэг удаа кино үзээд сууж байтал өмнө минь сууж байсан нэг хүн гараад явчих юм. Тэгтэл Төмөр намайг таниад гараад явчихсан юм билээ. Ууланд бүгж байхдаа хэнд ч гэм хийгээгүй. Шөнийн цагаар ам бүл цөөтэй айлын өвсийг хадчихдаг, хүмүүс ч Төмөр ирээд явжээ гэж баярлах жишээтэй. Төмөр айлаас морь гуйж унаад явсан ч эргүүлээд аваад ирдэг байж. Тэгээд л нутгийн ардууд түүнд итгэл, сэтгэлээ өгсөн байдаг. Хэрвээ тухайн үед Төмөр надад баригдаад, нарийн учраа тайлбарласан бол ял нь хөнгөн тусах байсан юм. Хулгайн хэргийг санаачлагч нь Төмөр биш. Эхэлж буудсан хүн нь Сэмжид. Шархадсан Төмөр амиа хамгаалаад хариу буудсан хэрэг. Нууцгүй хэлэхэд би түүнийг эрж хайж байсан ч дотроо өрөвддөг байсан. Төмөр нэг удаа уулнаас баригдаж ирээд дахиад шоронгоос оргосон хүн. Тэр үед “Ганц худаг”-т нэг үймээн гарсан юм. Нэг хоригдол манаачийг алах гэж гэтэж байгаад өөрөө буудуулчихаж. Энэ үймээнийг ашиглаад Төмөр усны цоргийн хамгаалалт хийсэн яндангаар шургаж, шөнөжин мөлхсөөр гарч амжсан байгаа юм. Азаар түүнд аргамжаатай морь таарч хөл залгасан гэдэг. Тэгээд Хандгайт хавийн уулаар бүгж байгаад нутгийн зүг хөдөлсөн байдаг. Замдаа айл хунараар орж адуугаа эрж явна гээд аяга цай ууж, хоол идээд л цааш явдаг байсан гэдэг. Тэгээд Хөвсгөлийн тайгад ирээд арван жил бүгсэн хүн дээ. Орогнодог хэд хэдэн нууц газартай. Газар ухаад дээр нь хөрсөөр хучин, өчүүхэн цоорхой гаргаж түүгээрээ агаар, галын утаа гаргана. Нэг удаа бид тал талаас нь бүслээд гарах гарцгүй болготол Төмөр газрын гаваар орсон мэт алга болчихсон. Нууц нуувч руугаа орсон хэрэг. Бас нэг удаа баригдсан боловч алга болчихсон. Тэр тухайгаа сүүлд нь “Би голын усанд далд ороод нарийхан гуурс уснаас цухуйлгаад амьсгалж байсан юм” гэж ярьж байсан. Олон жил ууланд бүгэхдээ биеийн хувьд нөхцөлгүй чийрэг болж, яг л зэрлэг амьтан шиг ууж идэж явсан байдаг. Заримдаа айлд ирээд хонохдоо “Ямар муухай үнэртэй юм, бүгчим байна” гээд гадаа унтдаг байсан гэдэг. Чихний нь сонор сайжирч ямар ч амьтаныг алхаагаар нь мэддэг, нисч яваа шувууг харахгүйгээр бууддаг байсан гэдэг. Нэг удаа айлд сууж байснаа газар чагнаад удахгүй машин ирэх нь гээд гараад явчихсан гэдэг. Тэгтэл хориод минутын дараа машинтай хүмүүс ирсэн байгаа юм. Сүүлдээ түүний нэрийг барьж мал хулгайлдаг хүмүүс олширсон. Тиймээс нутгийн хүмүүс буруугаар ойлгож “Төмөр хүн биш чоно болжээ” гэлцэх болсон юм. Тэгээд л Төмөр нэрээ төрөө цэврээр нь авч үлдэхийн тулд уулнаас бууж ирсэн байх гэж би боддог. Өөр бас шалтгаан байсан юм билээ. Түүнийг уулнаас бууж ирсэний дараа малын хулгай хэвээрээ байсан. Ямар ч байсан тэр нэр төрөө аварч, нутгийнхандаа нэр бүтэн үлдсэн хүн дээ. Арван жил өнгөрөхөд ялын хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг гэдэг бол худлаа. Төмөр хэдийгээр уулнаас бууж ирсэн ч найман жилээр яллагдсан. Энэ ялаа Авдрантын шоронд ном ёсоор нь эдэлсэн. Тэр ч байтугай ажлынхаа төлөвлөгөөг давуулан биелүүлж байсан учир хугацаанаасаа өмнө суллагдсан. Уулын арван жил, Авдрантын найман жил түүнд маш хүнд туссан байгаа юм. Тэр дотны найз зохиолч С.Хэнзийд нэгэн захидал бичсэн байдаг. Түүндээ “Архинд шунасан хүн хожиж байсан удаагүй юм. Урт наслахыг ч үзсэнгүй. Миний чамд хэлэх эцсийн үг энэ. Чи архинаас айж яв. Би архинд толгойгоо мэдүүлсэн бол аль хэдийн өнгөрөх байсан. Гэвч надад нутагтаа насаа элээх, жаргах хувь тавилан даанч алга байж дээ” гэсэн байлаа. Үүнээс үзэхэд гутарсан нь илт байгаа биз. Зохиолч С.Хэнзий түүний амьдралыг олон талаас нь судлан “Үзэсгэлэнт сайхан ч догшин ширүүн хорвоо” гэдэг баримтат тууж бичиж байлаа. “Уулын” Төмөр миний тухай үнэнийг мэдээд “Ахмадтай уулзаж нэг сайхан ярих юмсан. Надад туслах гээд байхад нь би зугтаад байсан юм билээ” гэж ярьсан байсан. Үнэн юм үнэнээрээ байх сайхан. Төмөр бол муу нөхрийн нүглээс болж ялихгүй хэрэгт орооцолдоод алдаж эндсэн ч эр зоригтой, хөдөлмөрч, өрөвчхөн, гүндүүгүй сайхан хүн байлаа” гэж дурсаж билээ. “Уулын” Төмөр ан авд үнэхээр гаргууд байсаныг нутгийнхан нь одоо ч дурсан ярьдаг аж. Хандгайн махыг борцолж хатаагаад нутгийн ардаа олон ч удаа дайлсан гэдэг. Энэ хүн арван жил уул хадаар оргоод, дахин шоронд орж ялаа дуусгаад эрх чөлөөтэй, амар тайван амьдарч байгаад 1990-ээд оны эхээр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын “Хороогийн гол” гэдэг газар таалал төгсчээ. Чанга дэглэмтэй шоронд хамт ял эдэлж байсан Нэргүй гэдэг хүн нас барахаас нь өмнө түүнийг эргэж очсон гэдэг. Тэгээд “Уулын” Төмөр сайн найзтайгаа хэд хоног архидаад бие нь муудаж нэг л өдөр амьсгал хураасан байна. Нутгийн залуус “Уулын” Төмөрийг нас барахад нь маш их харуусч “Зах зээлийн үед манай нутагт шилийн сайн эр , хурдан морь хоёр хэрэгтэй байна. Их Тогосынхоо голд Загдын хурдан алаг морь, “Уулын” Төмөр хоёрын толгойг авчирч онголон тахъя” гэсэн уриалга гаргасан гэдэг. Магадгүй онголон тахисан ч байж болох юм.
ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ