Эрүүл мэндийн хичээлийг бие даасан хэвээр үлдээх шаардлагатай гэв
Эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлтэй интеграцчилах ажлын туршилтын хугацаа өнгөрөгч арванхоёрдугаар сараас эхэлсэн. Туршилтын хугацаа зургадугаар сард дуусах бөгөөд энэ хугацаанд Эрүүл мэндийн хичээлийн агуулгыг биологи, биеийн тамирын хичээлүүдэд шингээж байгаа ажээ. Энэ шийдвэрийг эсэргүүцэж, эрүүл мэндийн хичээлийг бие даасан хичээл хэвээр үлдээхийг шаардаж буй байгууллагууд хамтран мэдээлэл хийлээ.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД “ЭРҮҮЛ МЭНД” ХИЧЭЭЛИЙГ БИЕ ДААСАН ЦАГТАЙ ХЭВЭЭР ҮЛДЭЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА.
Хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг бөгөөд ихэнх архаг өвчний эх суурь нь энэ насанд тавигддагийг эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг.
"Хүний хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд эрх ТББ сүлжээ"-ний тэргүүн Б.Алтанчимэг “Эрүүл мэндийн болон нөхөн үржихүйн боловсролыг багаас нь системтэйгээр олгох нь хамгийн чухал. Өсвөр үеийнхэнд сэтгэл хөдлөл, зан үйл, бодол санаа, сурахтай холбоотой эмгэгүүд буюу сэтгэцийн эрүүл мэндийн асуудал түгээмэл тохиолддог. 2011-2014 онд хийгдсэн судалгаануудын үр дүнгээс харахад хүүхэд, өсвөр үе, залуучуудын дунд эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд ихтэй, өсвөр насны охидын жирэмслэлт, осол гэмтэл, амиа хорлолт, мансуурах, тамхидалт, архидалт, хүчирхийлэл, үр хөндөлт нэмэгдсээр байна. Ийм байхад Эрүүл мэндийн хичээлийг интеграцчилах нь хамгийн буруу шийдвэр” гэлээ.
1998 онд “Сургалтын агуулгын талаар баримтлах чиглэл, Сургалтын төлөвлөгөө батлах тухай” Гэгээрлийн сайдын сайдын 100 дугаар тушаал гарч сургалтын төлөвлөгөөний “Нийтээрээ заавал судлах” хичээлд “Эрүүл мэнд” хичээлийг анги тус бүрт 12 цаг оруулж байхаар тогтон хэрэгжүүлж өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн хичээлийн бие даасан байдлаар оржээ.
“Youth lead” Залуучуудын сүлжээний зохицуулагч М.Дуламсүрэн “2004 онд Эрүүл мэндийн боловсролын стандарт анх боловсруулагдан гарснаар энэ хичээлийн цаг нэмэгдэж, тусгай хөтөлбөр, сурах бичигтэй болж жинхэнэ утгаараа орж эхэлсэн. Гэтэл интеграци хийж буй биологи, биеийн тамирын хичээлүүд нь өөрийн судлах агуулгын багтаамж ихтэй, сургалтын орчин, техник тоног төхөөрөмжүүд нь онцлогтой, багшийн заах арга зүй, сургалтын технологи нь ялгаатай байдаг тул эрүүл мэндийн хичээлээр зайлшгүй эзэмшвэл зохих үндсэн мэдлэг, чадвар дадлыг оруулах боломжгүй байна. Хүүхдүүд эцэг эхтэйгээ ярьж чаддаггүй зүйлээ эрүүл мэндийн багштайгаа ярилцаж бэлгийн боловсролтой болдог шүү дээ” хэмээн ярилаа.
Иргэний нийгмийн 107 гаруй байгууллага нэгдэн 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр БСШУ-ны сайд Л.Гантөмөрт ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөнд “ЭРҮҮЛ МЭНД” хичээлийг бие даасан цагаар үлдээхийг шаардсан үндэслэл нотолгоо бүхий долоон хуудас шаардлагыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөлгүй интеграцчилах ажлыг үргэлжлүүлсээр байгаа ажээ.
Эх сурвалж: Г.Номин, iKon.mn