“Хөх толботон танаа” Шарайдын Цэвээн Жамсрано

   Монгол угсаатны их эрдэмтэн, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн нэрт зүтгэлтэн Шарайд Жамсраны Цэвээн 1881 онд Буриад-Монголын малчин ардын гэрт мэндэлжээ. Шарайд Жамсраны Цэвээн нь дэлхий дахинаа Цэвээн Жамсрано, Цэвээн Жамсранов нэрээрээ алдаршсан билээ. Залуу идэр цагтаа хаант оросын сургуульд боловсрол эзэмшиж асан тэрбээр 1905 оны халимаг, буриадуудын оросоос тусгаарлах хөдөлгөөний гол зохион байгуулагчдын нэг байжээ. Харамсалтай нь энэ хөдөлгөөн 1910 оны үед илчлэгдэж, тэрээр хаант оросын шоронд суусан байна. Хорионоос оросын дэвшилтэт үзэлтнүүд болон буриад, халимаг, хасаг оюутнуудын эсэргүүцлийн хөдөлгөөний үр дүнд мултарсан Шарайдын Цэвээн ар Халхад Монгол туургатны тусгаар голомтыг цахихад хүчин зүтгэж эхэлсэн байдаг.

   Жамсраны Цэвээн нь 1911 оны Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөнд оролцож, гадны бусад орнуудаар Монгол улсыг хүлээн зөвшөөрүүлэх үйл хэрэгт идэвхийлэн оролдохын зэрэгцээ бүх Монгол үндэстнийг нэгтгэсэн нармай Монгол улс байгуулахыг мөрөөдөж байв. Монголын ноёдын эхлүүлсэн тусгаар тогтнолын хөдөлгөөний эрч харьж, хятадын цэргийн эрхэтнүүд Монголыг түрэмгийлэн эзлэх хүртэл Богд хаант Монгол улсын сэтгүүлзүй, түүх, хэл шинжлэл, гадаад харилцааны салбарт түүний оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй юм. Тэрбээр Монголын сэтгүүлзүйг 1913 онд гаргасан “Шинэ толь” сониноороо анхлан мэндлүүлсэн түүхэн гавьяатан билээ. 1921 оны Монголын Ардын хувьсгалын үйл хэрэгт ч мөн номлогч-орчуулагчаар оролцож, өнөөгийн тусгаар Монгол улсын байгуулахад өөрийн ухамсарт амьдралаа бүрэн зориулжээ.

    Шарайдын Цэвээн хэмээх буриад-Монгол хүмүүн монголын түүх, угсаатны зүй, ардын уран зохиол зэрэг салбарт чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд орчин цагийн нэгдмэл Монголын онол, үзэл санааны гол санаачлагч-удирдагч байлаа. Цэвээн Жамсрано “Буриадын ардын туг” хэмээх улс төрийн байгууллагыг толгойлж байв. Тиймээс ч Буриад-Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэж байлаа. Жамсраны Цэвээн нь нэгдсэн Монгол улсыг байгуулахын тулд Буриад-Монгол, Өвөр Монгол, Барга Монгол, Урианхайн хязгаар /Тагна Тува улс/ зэрэг монголын газар нутгийг Монгол улсад нэгтгэхийг ихэд чухалчилан үзэж, эл үзэл санаагаа туйлын эрчимтэй дэлгэрүүлж байсны учир 1937 онд ЗХУ-ын “чекист”-үүдэд баригджээ. Түүнийг оросын дотоодыг хамгаалахын шилээвэр яргачид 5 жил гар дамжуулан тамалсан юм. Гэлээ ч тэрбээр өөрийн үзэл санаанаас няцалгүй байсаар 1942 оны 5-р сарын 14-ны өдөр Оренбургийн шоронд 62 насандаа таалал төгсчээ.

   Түүний насанд туршдаа эмзэглэж явсан явдал 1990-ээд онд болж Буриад-Монголын өөртөө засах орныг ОХУ татан буулгаж, буриадын нэрнээс “Монгол” гэх үгийг бүрмөсөн авч хаясан билээ...  Ээдрээт цагийн өнгөнд элгэн түмнийхээ төлөө, газар шорооныхоо төлөө эцсээ хүртэл тэмцсэн энэ их бичгийн хүн эдүгээ тусгаарлаж өгсөн голомт нь самрагдаж буйг үзээгүй нь зол...  Гэвч...   Өвгөдийн маань сүнс уйлсаар байгаа буйзаа...

           Л.Срона