Хайрын тухай бодрол...
Он жилийн түүчээ мартуулж чаддаггүй зүйл гэж байдаг ажээ. Цаг хугацаа аугаа. Түүний эмчилж чадахгүй шарх энэ хорвоо дээр үгүй гэдэгсэн биш билүү. Гэтэл үгүй юмсанж. Улиран одох хором мөч бүр улам лавшруулдаг, бүр тодотгодог дурсамж байдаг юм байна. Харанхуйн дунд асах ганц лаа лугаа. Мөнхөд гэрэлтдэг дурдатгал...
Эрээн бараантай амьдралын дунд үргэлжийн нандин гэгээтэйгээрээ үлдсэн чиний тухай бодрол... Замбуулингаас хэдэн хором ч гэлээ илүү булааж, түүндээ жаргал эдлэхээр тэмүүлэн буй амьдрал минь зах хязгааргүй цаг хугацааны өртөөлөлд чиний тухай дурсамж, чиний тэртээ дээр үлдээсэн гэнэн ахуйн инээмсэглэлээр гэрэлтэн байнам. Хэзээ ч үл барагдах харанхуйн чинадад гэгээ түгээх ганц лаа лугаа... Би боддог. Битүүхэн шаналан тээсэн энэлэлт зүрхнийхээ тэсрэлт бүрт өөртөө хэлдэг. Би чамд хайртай байсаан. Харин хайрлаж чадаагүй ээ гэж. Хайрлах бүү хэл хайраа бүрэн илчилж чадаагүй. Үг бүрээс минь үнэнийг, өнө мөнхөд үргэлжлэх ёстой тэрхүү сэтгэлийн хайллыг хүлээдэг байсныг чинь би яахан мэдэх. Яагаад ертөнц зөвхөн эр хүнд нь ийн галаар тоглох үүргийг хүлээлгэдэг юм бэ. Яагаад бүсгүй нь сэтгэлээ илчилж, эсвэл хамтдаа хайрын аязыг хөглөж болдоггүй юм бол. Сонин ... Эцсийн эцэст илчилж, илэрхийлж чадаагүй хайраас болж эр, эмгүй л насан туршдаа энэлэн тээнэ шүү дээ. Хайрын үгс, хайрын илэрхийлэл. Хэн ч хэзээ ч зааж өгдөггүй, уламжлан үлдээдэггүй атлаа эрт дээрээс авахуулаад энэ цаг дор тэр л чигээрээ иржээ. Эдүгээгээс ирээдүй рүү өөрөө дамжиж, хүн төрөлхтөний хайр мэдэрдэг сүүлчийн зүрхэн зогсох хүртэл үргэлжлэх буйзаа. Илчилж амжаагүй, эсвэл бүтэлгүйтсэн хайрын дууль ч цаг хугацаанд цаашлан баяжсаар энэ дэлхий дээр сэтгэлтэн, хэлтэн, бичигтэн үгүй болтол өнө мөнхөд дуурсах биз ээ. Чи бидэн хёорын дурлалын ахархан түүх Ромео, Жульетта хоёр шиг ариун хайрын билэгдэл, шүтээн болон гялалзахгүй ч энэ орчлон дээр төрсөн, үхэх нь үнэн, үйлт хоёр зүрхэнд зогсох хүртэл нь цохилно. Би чамайг санаж буй шиг, чи минь ч намайгаа дурссаар байгаа. Нэрт дурлалын дуульч Шекспир “хайрыг нуух нь илчлэхээсээ илүү аюултай” гэж хайрын тухай хамгийн тод иш үгийг үлдээжээ, Гэхдээ илчлэгдсэн хайр үнэ цэнээ алдаж, үлгэр домог шиг аугаа дурдатгал болж чаддаггүй гэдгийг тэр орхигдуулж. Илчилсэн хайр нууцлаг, нандин эрхэмсэг чанараа алдаж, зүгээр нэг жир тохиолдол лугаа санагдах нь бий. Тэмүүлж эрхэлж буй зүрх хариугаа яагаа ч үгүй эрт авчихаар таамаглахын жаргал, хүлээх, харамлахын гэгээн зовлонгоо хэзээ эдлэх. Нууцлаг, битүүлэг, хөлд жигүүр ургуулдаг мөрөөдөл хүслэн байгаа цагт, хайр, хайрын утгаараа жаргадаг бус уу. Амьдрал, хорвоогийн жам ийм ажээ. Жигүүртний төрлийг хун, сарьсан багваахайтай нь, ан амьтаныг согоо, өмхий хүрэнтэй нь, ургамлын зүйлийг сарнай, шарилжтай нь заяасан хорвоо дээр давсыг нь амталж байж, бурмыг нь илүү шагшдаг, ангаж цангаж байж л усны амтыг сайханд тооцдог ажгуу. сохор хүнээс хараа гэж юу болохыг асуувал таг харанхуйг нэрлэнэ дээ гэж эртний нэгэн сэтгэгч шүүрс алдсан нь бий. Үнэн гэвэл ерөөс энэ. Үнэндээ үнэн гэдэг чинь худалгүйгээр оршин тогтнож чаддаггүй эд. Хайранд хүлээлт, хагацал байж гэмээнэ аугаа ихээр дуурсдагийн, асар удаан дурсагддагийн шалтгаан оршино. Хайр турж үхдэггүй, харин ч цатгалдаж үхдэг. Ромео, Жульетта хоёрын хайр амьдрал болсон бол одоо бид тэдний гайхамшигт дурлалын тухай уншихгүй, үзэхгүй, бахдахгүй байсан. Харамсалтай ч гэлээ тэдний хайрын хагацал, хайрын тухай гэгээн домгийг бүхий л цаг үед дуурсган үлдээжээ.
Иймээс чамайгаа эрхлүүлэн жаргаж чадаагүйдээ, чинийхээ мойл хархан нүдний цоглог харцнаас хайрын үг уншиж амьдраагүйдээ харамсдаггүй. Түүнээс биш чамтайгаа анхны бороонд тэврэлдэн зогссон тэр үдшээ, ариун онгог амьгалыг чинь түргэтгэн байж уруул дээр чинь анхлан үнссэн тэр хормоо буцаахсан гэж олонтоо мөрөөдсөн. Одоо ч гэсэн тэр цаг хугацаанд дахин очихсон гэж ямар их хүснэм бэ. Ай ариун хайрын эзэн, аз жаргалын гэрэл гэгээ миний хайрын эрххэн гүнж минь. Сар хөмсөглөсөн шөнөөр зүүдэнд чинь очихсон гэж, сарнай ягаан уруулыг чинь шимж л нэг жаргахсан гэж он цагийн түүчээнээс эргэж, одоо ч гэсэн чамайгаа хайнам. Цаг хугацаа эдгээх бус улам хүндрүүлдэг шарх гэж байдаг ажээ... Харанхуйн дунд ганцаар тодрох лаа лугаа...
2010.02.14. Эрдэнэт Л. Срона