"Хөх толботон танаа" цуврал: "1911 оны эрх чөлөөний хөдөлгөөний төлөөс буюу төрийн зүтгэлтнүүдийн учир битүүлэг үхлүүд"
Дотоодын бослого, “хар тамхины дайн”-д ганхсан Манж улс гүрний хүчээ нэгэнт алдав. Хүнд байдлаас гарч, улсаа аврах сүүлчийн гарц бол нэн даруй шинэчлэл хийж, дэлхийн гүрнүүдийн алхааг гүйцэх гэдгийг ухаарсан Манжийн төр “шинэ эргэлтийн бодлого” гэгчийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэвч сульдаж тамирдсан эдийн засаг, үхширч ялзарсан төрийн тогтолцоо нь өөрчлөлтийн “үсэрхийлэл”-ийг даагаагүй билээ...
Шинэ засгийн бодлогод хамгаас их хэлмэгдэх нь их гүрний буйд хязгаар төдийгөөр 200 гаруй жил явж ирсэн ар Монгол болох нь даруйдаа тодров. Манжийн хятадчилагдсан төр Өндөр гэгээн, Түшээт хан хоёрын Долнуурт байгуулсан гэрээгээр дотор газрын иргэдээс давуу тал олж авч, түүнийгээ хадгалж ирсэн Монголчуудын тусгаар байдал, илүү эрхийг нэн түрүүнд үгүйсгэлээ. Одоо Монгол хятадын жирийн нэг муж болжээ. Яг энэ сэдэл л хятадын түрэмгий, зальжин бодлогоос эртний дархлаатай, эрх чөлөөт байдлаа ямагт эрхэмлэдэг Монголчуудад тусгаар тогтнолын дуудлага болж дуурссан юм. Ер нь манжууд Монголыг хятадаас тусгаарлаж, тэдний нөлөөллөөс ангид байлгах бодлого барьж ирсэн нь ясны дайнч Монголчуудад хөлөө хөсөр, гараа газар тавих ганц шалтгаан болж байжээ. Ийн Монголчууд соёмбот тугийн дор морин дээрээ ташууртайгаа хөндөлсөж, улсын нэрээ Монгол хэмээн тунхагласан шинэ түүх эхэллээ...
1911 оны 12-р сарын 29-нд Монголын уламжлалт тулгуур төрийг сэргээснээ тунхаглаж, Богд хаант Монгол улсыг зарлав. Ингээд Монголын эгэл боргил ч эр зоригтой эх орончдын тусгаар тогтнолын төлөөх эрс хатуу, эмгэнэлт гашуун тэмцлийн дууль эхэлсэн юм. Төрөө гэх чин зорилготой, түмнээ гэх чинхүү зоригтой Монголын хөвгүүд эх орон, эрх чөлөөг нь хувааж залгих гэсэн харийнхны хувьд чухам л хоолойд тээглэсэн яс байв. Тиймээс ч тэдний учир битүүлэг үхэл ар араасаа үргэлжилсэн юм. Анхлан 1914 оны өвөл Цэргийн яамны тэргүүн сайд Гомбосүрэн 30 гаруйхан насандаа гэнэт өөд болжээ. Хэдхэн хоногийн өмнө эрүүл саруул хаант оросын төлөөлөгчтэй зэр зэвсгийн гэрээ байгуулж, Богд хаант Монгол улсын цэргийн яамны бодлогод харийн нөлөө тусгуулахгүй хэмээн эрс хэлж асан тэрбээр гэнэт л өнгөрсөн байдаг. Энэ харамсалтай үхлээс хойш нэн удалгүй тусгаар тогтнолын хөдөлгөөнийг манлайлагчдын нэг, Дотоод явдлын яамны сайд, да лам Цэрэнчимэд ид тэгширсэн 42 насандаа бурханы оронд оджээ. Үүнээс хойш яг есөн сарын дараа буюу 1915 оны хавар Гадаад яамны тэргүүн сайд, чин ван Ханддорж бусдын гарт амиа алдлаа. Богд хаанд золгож, дайлуулаад гарсан түүнийг агсам морь нь авч давхин дагуулуудаас нь хэдхэн хором хөндийрүүлэх хооронд л хар хэрэг гарчээ. Албан ёсоор түүнийг морьноосоо унаж өнгөрсөн гэдэг ч хиа, дагуулууд нь ноёноо Сэлбийн эргээс олоход нүдийг нь араас нь болов уу гэмээр бүлт цохиж амийг нь хөнөөсөн байсан гэдэг.
Үхлийн гинжин хэлхээ ар араасаа хөвөрч 1915 оны гурван улсын гэрээнд оролцож, улсынхаа эрх ашгийн төлөө зоримоглон зүтгэж асан Түшээ гүн, Сангийн яамны тэргүүн сайд Чагдаржав Хиагтын хэлэлцээрээс ирээд удаагүй байхдаа Нийслэл хүрээнээ тун сэжигтэй байдлаар таалал төгсжээ. Тэрбээр дөнгөж 46 настай байв. 1919 онд оросын засгийн газрын итгэл хөсөрдүүлсэн явдлыг палхийтэл хэлэн цочирдуулж, гурван улсын гэрээнд Монголыг хүлээн зөвшөөрүүлэх бүхий л санаа, бодлогыг алсаас төлөвлөн удирдаж байсан Богд хаант Монгол улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн хор амсч бие барав.
Ийнхүү Монгол төрийн түшээдийн сэнтий эзгүйрч, нэгэн үеийн эх орончдын тамир шавхагдаж эхэлсэн байдаг. Гэвч Монгол төрийн голомт бөхөөгүй, бөхөх ч үгүй гэдгийг үр хойчис бид гэрчлэн орших билээ...
Л.Срона. 2014.11.23