"Хөх толботон танаа": "Сайн ноён хан Намнансүрэн"
“...Бидний Монгол анхан цагаасаа Оросыг түшсэн учир өчнөөн жил болсон ч бусад улсад горилон одсонгүй. Гэтэл итгэж явсан түшиг маань Хятад лугаа хуйвалдан эзэрхэж гэрээ байгуулжээ. Монголчууд чонийн амнаас дутаагаад барсын аманд орсон адил болов. Ахан дүүс хэдэн хэсэгт хэмх лугаа хуваагдах нь илэрхий ажгуу...” Ар, өвөр нийлэлдсэн бүрэн Монгол улсаа байгуулах хүслийг нь Хаант Орос үл хэрэгсэн Хятадтай эвссэнд хорссон Сайн ноён хан Намнансүрэн ийнхүү өчиж байжээ.
Олноо “ягаан ноён” хэмээн алдаршсан, Монгол улсын анхны Ерөнхий сайд Намнансүрэн нь эзэн Чингис хааны 16-р үеийн ач Батмөнх даян хааны 11-р хөвгүүн Гэрсэнз Жалайр хунтайжийн хүү Онохуй үйзэн ноёны 15 дахь үеийн ач юм. Тэрбээр 1911 оны үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөнийг оройлон оролцож, санаачлагийг нь гартаа авч байсан цөөн хүний нэг билээ. Түүний төр тэргүүлсэн 1912-1919 он бол үндэснийхээ тусгаар тогтнолыг байлдан олсон, нийт Монголчууд их гүрэн байгуулж асан тэр аугаа цагаасаа хойш анх удаа оюун санааны хувьд сэргэн бадарсан, эх оронч сэтгэлгээ дэврэн мандсан цаг байв. Хацрынх нь туяанд дээлнийх нь мөр гэрэлтдэг хэмээн түмэн олноо домоглогддог Намнансүрэн ханы ухамсарт бүхий л амьдрал Монгол улсын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн намтар юм. Тэрээр Хаант Оросын дэмжлэгтэйгээр нэгдсэн Монгол улсыг байгуулах, Хятадаар тусгаар улсаа хүлээн зөвшөөрүүлэхийг идэвхийлэн оролдож байлаа...
”-Би танай улсад тусал гэж засгийн газартаа заавал уламжилна. Харин та нар их улс болох гэж бүү яар. Гурван улсын хэлэлцээрийн үеэр Оросын тал танайд ашигтай бодлого баримтлах болно”... Намнансүрэнг хоёронтоо бараалхсны дараа оросын эзэн хаан 2-р Николай ийн амалжээ. Энэ бол оросын хааны дипломат заль байлаа. Үнэндээ их Монгол улс буй болохоос хятад, орос хоёр хоёулаа ихэд эмээж байв. Хөх чонийн хийморьт Монголын суу алдрыг тэд мартаагүй байлаа. Энэ нь ч удалгүй Хиагтын гэрээгээр батлагдсан юм. Намнансүрэн хан оросын зуйрган арганд хууртсангүй. Тэрээр Санкт-Петрбургт байх хугацаандаа харуй бүрийгээр орчуулагчаа дагуулан нууцаар Англи, АНУ, Франц, Япон улсын элчингүүдээр орж тусгаар тогтнолын нот бичгээ гардуулсан байна. Тухайн улсууд ч үндэсний тусгаар тогтнолын нот бичгийг найртайгаар хүлээн авчээ. Сайн ноён ханы Орост айлчилсан айлчлалын дүнд Монгол улс анхны гадаад зээллэгээ авч, оросын сургагч нараар цэргээ бэлтгүүлж, ташуураас өөр зэвсэггүй байсан Монголчууд буу барин ах дүү өвөр Монголчуудаа хятадын хар цэргээс өмгөөлөн тулалдсан нь маргашгүй үнэн.
Сайн ноён Намнансүрэн гадаад ертөнцөд, ялангуяа Орос улсад өндөр нэр хүндтэй байсны баталгаа баримт эдүгээ ч олноороо гарч ирсээр буй. Түүний Монголын түүхэнд байгуулсан хамгийн том гавьяа нь Монгол улс өнөөдөр ч Ховдын хязгаартайгаа байгаа явдал юм. Сайн ноён хан цаг үеийн ээдрээт мөчид Ховдын хязгаарыг өөртөө нэгтгэхийг хаант оросоор зөвшөөрүүлж чадсан билээ...
Хиагтын гурван улсын хэлэлцээрт Намнансүрэн хан Япон улсыг татан оролцуулж, Монголын тусгаар тогтнолыг дэмжүүлэхийг оролдож байв. Түүний шууд оролцоотойгоох томилогдсон Монголын төлөөлөгчид ялангуяа Манлайбаатар Дамдинсүрэн, Да лам Дашжав нар Хятадын эзэнт эрхийг зүйл бүрээр няцаан мохоож байсан нь Орос, Хятадын аль алинд таалагдсангүй. Иймээс тэдгээр төлөөлөгчдөө татаж авахыг Намнансүрэнгээс шаарджээ. Сайн ноён хан харин хүлээж авсангүй. Сөргүүлэн төлөөлөгчдийг ийн шилж сонгох нь улсын дотоод хэрэгт оролцож буй бүдүүлэг хэрэг гэсэн хариу барьжээ. Монгол улсын Ерөнхий сайдтай хэл амаа ойлголцохгүйгээ ухаарсан Орос, Хятадын тал Богдын Эрдэнэшанзув яаманд хандаж, шанзав Бадамдоржоор нэр бүхий төлөөлөгчдийг эргүүлэн татуулсан байна. Энэ үйл явдлаас болж Намнансүрэн хан, шанзав Бадамдорж хоёр ширүүхэн зөрчилдсөн гэдэг. Татагдсан төлөөлөгчдийн оронд мөн л мятрашгүй эх оронч Ширнэндамдинг томилсон нь шанзав Бадамдоржийн дургүйг туйлын ихээр хүргэжээ. Хэзээний хулчгар, хонзогнуур шанзав ламтан энэ явдлыг араандаа зуусан нь мэдээж...
1918 онд үндэсний тусгаар тогтнолын төлөө мөр зэрэгцэн тэмцэж асан нөхөд нь, чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд нар учир битүүлгээр нас барж, Намнансүрэн хан улс төрийн тавцанд ганцаардаж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн чоно борооноор гэгчээр Монголын хамгийн том хүн болохыг санаархсан шанзав Бадамдоржийн нөлөө ихэссэн байна. Сайн ноён Намнансүрэн 1919 оны 4-р сард Богдын ордонд болсон зоогны үеэр хортой архи хүртэж, ид 40 насандаа хорвоог орхисон юм...
Цөвүүн цагт эх орныхоо тусгаар тогтнолын төлөө үл шантран тэмцсэн түүний сүнс хөх тэнгэрийн орондоо оршсон гарцаагүй...
Л.Срона. 2014.11.01