“Загнуулдаг” Засаг...
Аймгийн Засаг даргын жил бүр иргэдтэйгээ хийдэг уулзалт ирэх долоо хоногоос эхлэх юм байна шүү. За очоод Засаг даргаа зад загнаад аваарай таанууд.
“Загнуулдаг”, “зарагддаг” Засагтай байхын жаргалыг яг үнэндээ Эрдэнэтчүүд л эдэлсээр энэ хэдэн жилийг үдэж байгаа.
Ажил, амьдрал ямар байлаа ч араар суудаггүй, урд нь зогсдог, ахуй орчин юу болж байлаа ч өөрөөсөө зайлуулдаггүй, нүүрээрээ тулдаг ийм нэг сайн чанар Эрдэнэтийн хоёр ч засгийн үед энэ орон нутагт жишиг болчихлоо овоо.
АН, МАН-аар нь ялгадаггүй, ард урдаар нь ангилдаггүй, орсон гарсныг түлхэж шахдаггүй, түрж холдуулдаггүй ийм нэг уулзалтууд ирэх долоо хоногт ар араасаа цуврах нь.
Нийтийн сүлжээнд “нүүргүй” дайрдаг нөхдүүд нийтийн дунд нүд рүү нь ширтэж байгаад үгээ хэлж, үнэнээ тодотгоно буйзаа. Даанч дарга харахаараа гар барьчихдаг, дараа нь харин утсан дээрээсээ муулаад унадаг хачин зан, сонин дадал нутагт битгий хэл нуга даяараа гай тарьж байх шив дээ. Эзэн биегүй матаасын эрин үе дуусаагүйн шинж юмдаг уу даа хөөрхий.
Ямартаа ч “гайхагддаг” бусад орон нутгийн “галзуу” ажиллагаатай зарим дарга нар ч иргэдийнхээ өмнө ингэж суугаад ааштай нэгэнд нь загнуулж, аатай нөгөөд нь “агсан тавиулж” жилийн ажлаа хамтдаа дүгнээд ирэх оноо цугтаа төсөөлчихдөг жишиг бол алга аа алга.
Сайнтай муутай ч иргэдтэйгээ ойр байдаг, саартай хурдтай ч олонтойгоо цуг дөхдөг аятайхан ажлын нэг бол аймгийн Засаг даргын иргэдтэйгээ хийх уулзалт...
Батлутын үеэс эхэлж, Батжаргалын түүчээгээр үргэлжилж байгаа Орхон аймгийн иргэдтэй хийх уулзалт энэ жилдээ 7 дахь удаагаа болох юмдаг уу даа. Уг нь хувь хүний асуудал ярьсаар хамаг цагаа үрчихгүй бол орон нутгийн хөгжлийг чиглүүлэх овоо доривтой үйл ажиллагаа юмсан. Алдаршаад байгаа Дарханы Азаа ч аймгийнхаа иргэдтэй ингэж уулзлаа гэж дуулдаагүй, тэгж сонслоо гэж яригдаагүй.
Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал их бий мэдээж. Амьдрал үргэлжилж амьд хүн оршиж байгаа цагт асуудал дуусч, ахуй амаржина гэж угаасаа байдаггүй. Харин асуудлыг шийдэж, амьдралыг хялбарчлах нь төр засгийн түмэн үүрэг, мянган зорилго байх ёстой.
Хүний урд тулгамдаж байгааг хүрээний төвөөс анзаараад янзалдаггүй, олны өмнө тулж байгааг ордны цонхоор хараад шийддэггүй. Хүнтэйгээ уулзаж, иргэдтэйгээ нүүрэлдэж байж гэмээнэ босох цаг, зорих чигээ тодорхойлох нь зөв.
Үлгэр шиг өнөөдөртөө амар сайхандаа жаргаахгүй ч өнө хожмоо зөв замаар хөгжихөд хүн бүрийн үг, иргэн бүрийн санаа оноо чухал аа. Загнуулаад ч болтугай уулзчихдаг, уйлуулаад ч болтугай сонсчихдог Засаг төрийн төлөөлөлтэй байгаадаа заримдаа ч бас баярладаг шүү... Орхон аймаг-Эрдэнэт хотын иргэний хувьд...