Эрдэнэтийн засаглал ба “Хэвийн бус...”
Эрдэнэт хотын төв-Амарын талбай дээр дрифтийн тэмцээн, үзүүлэх тоглолт болж гэнэ шүү. Сошиал орчинд бөөн шуугиан. Үзэж хараагүй нь бараг шуугиан сургаар нь нүдээ сугалуулж, чихээ сэтлүүлмээр. Агуулга нь... Ердөө л “Хэвийн бус”. “Төв талбай дээр машин уралдах нь ёс бус. Амарын хөшөөний урд машин эргэлдэж үзүүлбэр үзүүлэх нь хэвийн бус. Ёстой тэгэх ёсгүй...”
Гэхдээ яг хэн тэгээд хэзээ төв талбай дээр орчин үеийн техникийн үзүүлбэрийг хориглоод “ёс бусчлаад” зөвхөн хотын захад хаалттай хэдэн хүнд үзүүлнэ ээ гээд “хэвшүүлж” орхисныг ёстой л харин чөтгөр бүү мэд ээ. Ерөөс ёс бус, хэвийн бусын тухай ярьвал их учир гарна. Хүн төрөлхтөн гэгч анх нүцгэн шахуу дэгдэж яваад гал олж гараа хүргэсэн тохиолдол ч бас тухайн үедээ “хэвийн бус” байсан л байж таарна. Гэтэл тэр нь өдгөө хүний хөгжлийн гол түүчээ шүү дээ. “Хэвийн бус”-аас үүдсэн аугаа хэвийн зүйл.
Ер нь удаан тогтсон эд өмхийрч мууддаг, харагдах байдлаа хөөсөн бүхэн дотроосоо ялзардаг нь ертөнцийн жам. Хотын өнгө төрхөө байшингийнхаа талыг ч болтугай будаад, зам талбайгаа байдаг чадлаараа хөрөнгө зарж нөхөж нэмээд байх боломж Эрдэнэтчүүдэд байсан уу гэвэл байсаан.
Гэхдээ хүний хөгжил хаягдсан, хотын доод байгууламж орхигдсон он жилүүдийг үлдээхгүй гэж зүтгэсэн нь өнөөдөр сүүдэртүүлээд байгаагийн гэгээтэй тал л даа. Ер нь яг дор нь 120 орчим км 40 шахам жил болчихсон хэзээ мөдгүй садарч задрах хоолой байхад мянган сайхан Маргад эрдэнийн хот босгоод яалтай билээ... Санаж байна уу? Сөрөх, сөргөлдөх хүчнүүдийн толгой лидерүүд. Хотын төвөөр баахан шилэн автобусны буудал-Түргэн үйлчилгээний гялгар цэг байгуулсныг... Аан харин тэднийг хэдхэн сарын дотор яаж буталж будаа болгосныг... Савалж хөдөлдөг, хаанаас нь бол хаанаас нь хогоо аятайхан хийчих боломжтой хөлтэй цэвэрхэн хогийн сав хаа сайгүй тавьсныг... Тэрнийг нь хэрхэн цөөхөн хоногт хэргээр өшиглөж “карате”, “кунг-фу” хийсээр “хэвтүүлж” санаа амарсныг... Нийтийн тээвэрт хичнээн шинэ автобус тавьлаа ч долоохон хоногт “сэг” царайтай болдогийг захын жолооч л толгойгоо сэгсрээд яриад өгнө дөө бас.
Бүтээн байгуулалт байж болдог ч бүрэлгэн сүйтгэлт зайлшгүй дагадаг сонин тогтолцооны эсрэг туг хатгаж, туйлбартай зогсох гэсэн эхний санаа чинь уг нь хүний хөгжил.
Бүтээснээ бүрэлгэн сүйтгэдэг биш бүр сайжруулдаг, олсноо устгасандаа бус ургуулж барихдаа зарцуулдаг тийм хэтийн тогтолцооны төлөө лаа ч болтугай асаасан нь өнөөдөр салхинд дальдраад байна. Даанч гудамжны гэрэл шиг, захын зам шиг ил харагддаггүй, яг хотын доорхи ёолон барин үүргээ гүйцэтгэж байгаа шугам хоолой шигээ далдын далд үлдчихдэг янзын эдтэй яршигтай байдлаар хав дөрвөлжин зууралдснаар өнөөгийн орон нутгийн засаглалын зовлон эхэлсэн. Одоо ч мэрүүлэн мэтгүүлэн үргэлжилж байна. Харин... Таалагдахгүй байгаад нь автахгүй, туйлбартай байгааг нь талархаж байна. Хөгжлийг барилга байшингаар, зам талбайгаар бус хүний хөгжлөөр хэмжинэ, үнэлнэ гэдэг яахын аргагүй “хэвийн бус”.
Хэвийн бус ч учраас хэлүүлж, яриулах зүйл ихтэй ч байгаа. Халгаж халшрах тохиолдол ч хаа нэг бас гарах л биз. Гэлээ ч Эрдэнэтэд Эрдэнэтийн хүний хөгжлийг босгох гэж хичээсэн он жилүүдийг гал анх олоод түлэгдэн барин түүдэг асаасан тэр анхны хүн шиг хойчийн хойчид эргэн дурсах цаг ирж л таараа. Яагаад гээч. “Хэвийн бус”-чуудаас, “хэм хэмжээ”-г зад дайрагсдаас дараагийн эрин зууны хөгжил цэцэглэлт эхэлдэг учраас. Өдөр өдрөө өнгөрөөж өнөөдрийн бор хоногоо аргалж хүнд таалагдахын тулд хөл доорхийг нь түүж засаглахын зовлон энд хүрээд дуусахын эхлэл, ирээдүй цагт арай өөр Эрдэнэт хүн байхын зураглал... Батлутаас, Батжаргалаас зам салаалан наашилж байгаа юмдаг уу даа уг нь. Гэхдээ... Хэдхэн жилийн өмнө хамаагүй цөөхөн унаатан байхдаа А1001 зам дээрээ яаж түгжирдэг байснаа, цөөхөн оны өмнө хуучин байрыг худалдаж авах гэж байдгаа бариад бүүр царайчилдаг аснаа, замын хажуугийн шор шиг хашаанд сүлбүүлчих шахан мярааж явснаа, байрны гадаах букерээ хогон дундаасаа олдоггүй байснаа, гоё фасадтай байшинд орцоороо үмхийд утуулж сууснаа... Жирийн жишээ гэхэд хэдийнээ мартжээ хэдүүлээ. Үнэндээ бидний мартах нь амархан, давших нь давагдашгүй хойно...
Амарын талбай дээр машин “хаазалсаан”, арай дэндүү бүр төв талбай дээрээ авто шоу зохиосоон. Гэвч... Дугуйгаар зурагдсан, дунгуйран элэгдсэн, арилсан бүхэн ердөө маргааш нь бүтэн болчихсон, цэвэрхэн цэмцийж, цэлгэрхэн гялайж байв шүү Амарын талбай...
Хүний хөгжил гэдэг чинь харагдах байдлаараа энэ л дээ уг нь...