Статистикийн хэлтсийн дарга Б.Туул: - "Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудыг улсын тооллогод 100 хувь хамрууллаа”

   Статистикийн тухай хуульд заасны дагуу 5 жил тутамд зохион байгуулдаг Аж ахуйн нэгж, байгууллагын улсын ээлжит тооллого энэ оны 11 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 01-ныг хүртэл нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулагдлаа. 

    Орхон аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Туултай ярилцаж энэ удаагийн тооллогын талаар мэдээлэл авсан юм. 

 

-    Орхон аймагт хичнээн ААН, байгууллага бүртгэлтэй байгаагаас хичнээн байгууллага нь тооллогод хамрагдсан бэ?

-    Улсын хэмжээнд 2021 оны III улирлын байдлаар 215.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас Орхон аймагт 5491 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Улсын хэмжээнд 21 аймаг дотроо хамгийн олон аж ахуйн нэгжтэй нь Орхон аймаг. Аж ахуйн нэгж, байгууллагуудыг тооллогод бүрэн хамрууллаа. Тооллогын мэдээлэл улсын хэмжээнд нэгтгэгдэж, Үндэсний статистикийн хорооноос 12 дугаар сарын сүүлээр тооллогын урьдчилсан дүнг нийтэд мэдээллэхээр төлөвлөсөн. 

 

-    Тооллогоос хоцорсон ААН, байгууллагад ямар арга хэмжээ авах вэ? Тооллогод хамрагдаагүйн хор холбогдлын талаар?
-    Зөрчлийн тухай хуульд статистикийн тооллого, түүвэр судалгаанд санаатай болон санамсаргүй байдлаар хамрагдаагүй, эсвэл санаатайгаар буруу мэдээлэл өгсөн аж ахуйн нэгж, байгууллагад торгуулийн арга хэмжээ авна гэж заасан байдаг. Ер нь Статистикийн тухай хуульд тухайн нутаг дэвсгэрт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг хувираа хөдөлмөр эрхлэгчид нь статистикийн мэдээ тайлан гаргаж өгөх, тооллогод хамрагдах үүргийг хуульчлан заасан. ААНБ, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тооллогод хамрагдах нь нэг талаас Статистикийн тухай хуульд заасан үүргийг хэрэгжүүлж байна нөгөө талаас нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад хувь нэмрээ оруулж байгаа явдал юм.

 

-    Энэ удаагийн тооллогын онцлог болоод тооллогыг явуулахад гарсан хүндрэл бэрхшээл юу байв?
-    Энэ удаагийн тооллогын онцлог нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр явуулсан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг тоолсон, нөгөө талаас эдийн засгийн тооллого гэдэг утгаараа онцлогтой. Тооллогод цахимаар хамрагдаж чадахгүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг уламжлалт аргаар буюу маягтаар асуулгыг авч тооллогод хамруулсан. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг уламжлалт аргаар нэг бүрчлэн тоолсон.
   Улсын хэмжээнд ээлжит тооллогыг явуулснаар ААНБ-ын эдийн засгийн чадавх, үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн инновац, судалгаа хөгжүүлэлт, технологийн хөгжлийн нэвтрэлт, мэргэжлийн ажиллагчид, тэдгээрийн хангамж, хүрэлцээ, хомсдол, хүрэлцээгүй байгаа шалтгаан зэрэг нарийвчилсан тоон мэдээлэл бий болно, мөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд учирдаг дарамт, хүндрэлийн талаарх мэдээллийг цуглуулна. Үүний үр дүнд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесээ хөгжүүлэхэд төрийн бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай тодорхой мэдээллүүд бий болно. Өөрөөр хэлбэл, судалгаанд үндэслэн бизнес эрхлэхэд тулгарч буй дарамтыг бууруулах бодлого, шийдвэр гарах боломжтой.
   Хүндрэл бэрхшээлийн хувьд энэ удаагийн тооллогыг явуулахад ААН, байгууллагууд нь мэдээллээ дутуу оруулах, тооллогодоо хамрагдахгүй удаашрах, олон дахин шаардуулах, холбоо барих мэдээллээ өөрчилсөн зэрэг хүндрэлүүд гарч байлаа. Бид олдохгүй байгаа аж ахуйн нэгжийн холбогдох мэдээллийг олон сувгаар хайж олсон, цахимаар мэдээллээ дутуу оруулсан, мэдээллээ оруулахгүй байсан аж ахуйн нэгж рүү  олон дахин шаардаж байж тооллогыг амжилттай явуулж чадлаа. 

-    Ярилцлага өгсөнд баярлалаа. 
    
                                            Ч.Нарангарвуу