“-Амьдралыг минь хулгайлж бузарласан хүн адуу мал хулгайлснаас ч бага ял авсан”
Тогтож ядсан нулимстай юм уу гэмээр чийглэг хар нүдтэй, тэр нүдэндээ хөх үнсэн дунд унтарч буй цучил шиг санагдах тийм бүгээхэн гуниг тодруулсан жаахан охин. Түүнийг зүгээр “О” гэе. “Санхүү өгнө, авна” гэсэн зарын группүүдээр биеэ үнэлэх сэдэл бүхий зар тавьж байгаад анзаарагдаж нөлөөллийн үйл ажиллагаанд хамрагдаж эхэлсэн. Одоо харин амьдрал ахуй, хүмүүжил, тэмүүлэл нь арай л өөр өнгө төрхийг илэрхийлэх болжээ. Түүнтэй өөрийнх нь хүсэлтээр энэхүү ярилцлагыг хийж, хуучин мэргэжлээ сэргээхэд хүрсэн юм. Мэдээж тодорхой шалтгаантай учраас холбогдох бүх мэдээллийг нууцалья. /Бүх барагцаалж болох тоон мэдээлэл, нэр, байршилыг оруулаагүй болно/
- Юуны өмнө яагаад заавал өөрийнхөө тухай ярих гээд байгаагаа тодруулаач. Би ч бас албадан хэлбэрээр юм уу, аль эсвэл өөртөө ямар нэг ашигтай байдал үүсгэх гэж энэ ярилцлагыг хийгээгүй гэдгээ олон нийтэд нотолмоор байна л даа.
- Ер нь бусдад сургамж болоосой, эцэг эхчүүд үр хүүхэддээ тавьдаг анхаарлаа сайжруулаасай, хүний амьдралыг гэмтээдэг зүйл юунаас болдогыг ойлгоосой. Над шиг байдалд орсон нэгэн байвал хандах газар, зүг чигээ олдог болоосой л гэж хүсч ярилцлага өгөх гэсэн юм. Бас энэ тухай нэг сайхан ярьж дотроо онгойлгомоор байдаг нь нууц биш л дээ. Өмнө нь нэг удаа яриа өгч байсан. Ямар нэг шалтгаан гарсан юм болов уу олон нийтэд хүрээгүй. Бас миний насанд хүрээгүй байдал ч нөлөөлсөн байх. Одоо бол би өөрөө шийдээд ярьж, хэлж болохоор болсон. Би бас хуулийг нь харж хүнээс асуусан л даа.
- Нэлээд эмзэг сэдэв хөндөх гэж байгаа болохоор миний хувьд шууд асуулт тавихад амаргүй байна. Хоёулаа юунаас яриагаа эхлэх вэ?
- Болсон үйл явдлаас л эхэлье. Санаа зоволтгүй ээ. Би ... жилийн өмнө бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан. Жаахан охин байхдаа. Хэзээ ч тэгнэ гэж бодож байгаагүй хамгийн их итгэж найддаг хүн маань намайг ийм байдалд оруулсан. Энэ талаар тодруулахгүй орхиё. Нэг зүйл хэлэхэд тэр хүнд маш бага ял өгсөн. Би одоо ч гомдолтой байдаг. Миний амьдралыг юу ч үгүй болгож хаясан муухай үйлдэл хийчихээд багахан хулгай хийсэн хүнтэй адилхан л ял сонссон. Үнэндээ миний хамаг юмыг хулгайлсан хүн шүү дээ. Хүний амьдрал хулгайлсан хүн адуу мал авсан хүнээс ч бага ял авна гэдэг муухай санагдсан.
- Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгч ойрын хамаатан чинь байсан уу? Яагаад ийм бага ял авсан юм бол?
- Ойр дотны хамгийн их итгэдэг хүмүүсийн маань нэг байсан л гэж хэлье дээ. Тэр үедээ согтуу байсан. Ар гэрт маань нөлөөлсөн. Хохироод, хохирсноо хэлж, гэмтэнг шийтгүүлээсэй гэж хүссэн минь сүүлдээ хэцүү дарамт шахалт, занал зүхэл, надад маш хүнд нөхцөл болж хувирсан. Гэр бүл, сургууль, найз нөхдийн орчиндоо ад үзэгдэх гэдгийг утгаар нь мэдэрсэн. Хэрэг мөрдөгдөөд эхлэхээр бүгд мэддэг болчихсон. Нэг юм хэлэхэд гэмт этгээдээс илүү намайг ад үзээд байсан нь сонин. Бүр гэр бүлийн нэр хүнд гутаалаа, хүний нүүр харах аргагүй боллоо, тусалж дэмждэг ганц хүнээ шоронд явуулах гэлээ гэж аав намайг зоддог байлаа. Гэхдээ би дэндүү гомдсон болохоор өргөдлөөсөө буцаагүй ээ. Өмөөрч хамгаалах хүнгүй, олигтой өмгөөлөгч авч чадаагүй болохоор магадгүй тэр хүн бага ял авсан байх. Нэг зүйл хэлчих үү. Угаасаа миний хэлье гэж бодсон зүйлийн минь нэг л дээ.
- Тэг ээ тэг. Гэхдээ чиний яриаг буулгахдаа ямар нэг багцаалж болох бүх мэдээллийг би зохих шаардлагын дагуу оруулахгүй байх ёстой. Нарийн ширийн зүйлс нь ихэнх нь орхигдоно гэсэн үг. Тэгэхээр олон нийтэд хүргэх гэсэн гол зүйлээ л тодорхой сайн гаргахыг бодоорой.
- За. Над шиг байдалд орсон охид олон байдаг юм шиг санагдсан. Гэхдээ ихэнх нь тэр гэр бүлийн нэр хүнд болон эцэг эхийнхээ зовлонгоос айгаад, бас сургууль найз нөхдөөсөө ичиж эмээгээд хэлдэггүй юм шиг ээ. Надад нэг найз байдаг. Яг тэр хүнд үед дув дуугүй миний дэргэд үлдсэн ганц найз минь дээ. Тэр саяхан надад уйлаад ярьсан. Чам шиг байдалд орж байсан гээд. Ээждээ хэлсэн чинь аавд нь хэлээд тэрүүхэн тэндээ бөөн юм болж болж, тэр хүнээс нь мөнгө аваад салсан гэсэн. Өмөөрөх болов уу гэсэн гэр бүл нь “Чи ч өөрөө буруутай л биз” гээд өнгөрсөн гэнэ лээ. Гол нь найз маань өөрийг нь хүмүүс юу гэж бодох бол, сайн хөвгүүн нь яах бол, ирээдүйд намайг хэн ч хүлээж авахаа болихвий гэж айгаад чимээгүй болсон гэсэн. Би ч бас цагдаад мэдүүлэг өгснийхөө дараа дэмий юм хийчихлээ гэж өөрийгөө зөндөө зүхэж байлаа. Маш их дарамттай байсан гэдгийг л дахин хэлье. Амиа хорлох тухай ч бодож байсан.
- Ямар дарамт учирч байсан бэ?
- Өө тэгээд л сургууль дээр хүүхдүүд дөлөөд л, багш нар намайг харахаараа илэрхий шивэр авир гээд л... Зарим хүмүүс өрөвдөж байгаа царай гаргаж тэр муухай сэдвийг дахин дахин хөндүүлэх гээд л. Ер нь би өөрөө хэрэг хийчихсэн мэт мэдрэмжийг алхам тутамдаа авч байсан. Анх өрөвдөж байгаа мэт царай гаргаад сүүлдээ ил далд элдвээр хэлээд эхэлдэг юм билээ. Хүүхэд л юм чинь муудаж сайдаж, хүн уурлуулах зүйл гарна аа даа. Тэгэхээр л том жижиггүй энэнийг сөхөөд маш муухайгаар доромжилдог. Аавдаа л их гомддог доо. Жаахан уучихаараа л хэлэх хэлэхгүй үгээр /хараалыг орхив/ хэлж дандаа зоддог. Ээж дүү бид гурвыг өвөл зун хэзээ ч хамаагүй, шөнө өдөр, цас бороотой байсан ч ялгаагүй гудамжинд хөөгөөд гаргачихдаг байсан. Аавын эрүүл мэнд жаахан асуудалтай л даа. Тэрнээсээ болдог байсан юм болов уу гэж боддог. Нээрээ мөрдөн байцаагч солигдох бүрт, бас бусад холбогдох /нэрлэсэн албан тушаал, байгууллагыг орхив/ газар очих бүрт тэр асуудлыг дахин дахин яриулдаг. Надад ямар хэцүү байгааг хэн ч тоодоггүй. Ажил нь тийм юм уу гэхээр илүүтэй үгэнд дурлаад, сонирхоод ч байх шиг байдаг. Тэгсэн хэрнээ шийдээд өгье гэсэн бодолгүй. Аргацаасан, худлаа өрөвдсөн, эсвэл “чи өөрөө ч болдоггүй байлгүй” гэсэн хандлагатай. Өөдгүй санагдсан. Хэрвээ иймэрхүү хэргийн мэдээллийг нууцалж хүлээж аваад нууцаар шийдэж чаддаг бол /хохирогчийн мэдээллийг нууцлах гэдэг утгаар хэлсэн/ өөр өчнөөн охид чимээгүй хохирогч болж байгаагаа хэлж, хэрэгтэнг давраахгүй байсан байх. Нэг удаа ийм хэрэг хийгээд зүгээр өнгөрсөн хүн цаашдаа зүгээр байхгүй л гэж би боддог.
- Яагаад буруу зам руу хазайх болов? Хүнд уруу татагдсан уу?
- Ийм явдлын дараа хүний дотор ямар нэг зүйлийг ухаад авчихсан юм шиг мэдрэмж үлддэг юм билээ. Тэр онгорхой зайг нь юугаар ч дүүргэж болохгүй юм шиг санагдаад. Нэг тийм эзгүйрсэн, одоо яасан ч хамаагүй юм шиг. Хэний ч үг хол хөндий цуурай шиг сонсогдоод дотор шингэдэггүй. Энэ үедээ дандаа фэйсфүүк ухаж цаг хугацаа өнгөрөөдөг, өөрийгөө аргаддаг байсан. Хэн нэгэнд уруу татагдаагүй ээ. Уруу татагдсан бол цахимд л уруу татагдсан байх. Фэйсфүүкээс бага багаар буруу талын мэдээлэлтэй болж, нэг л өдөр хуурамч хаяг нээгээд насанд хүрэгчдийн зарын группүүд руу хүсэлт явуулж эхэлсэн. Би түрүүн хэлсэн дээ. Манайх тийм ч сайхан амьдралтай биш гэж. Хэрэг шийдэгдсэнээс хойш намайг хайхрах хүн байгаагүй. Өмнө ч нэг их харж хандаад яав ийв гээд байдаггүй байсан. Энэ асуудлын дараа бол бүр хаягдсан. Дүү бид хоёрын юу өмсч, юу идэж, яаж байгааг аав, ээж хоёр анзаардаггүй. Намайг яаж ухаалаг утастай болж, фэйсфүүк ухаад байгааг ч нэг удаа сонирхож асууж байгаагүй. Аав мөнгө олдвол л архи уучихна. Өвчнөө намдаах гэсэн юмаа гээд л согтуу ирнэ. Согтуу ирэх бүрдээ ээж, дүү бид гурвыг зовоодог. Хөөж тууна, харааж загнана, ээжийг зодно, надад ч гар хүрдэг. Ийм байхаар хүн өөрийн эрхгүй хэн нэгэнд таалагддаг, хэрэгтэй байх юмсан гэсэн хүсэлтэй болдог юм билээ. Бас арай өөр орчныг мэдэрч, энэ бүхнээс түр ч гэлээ мартагнаж хөндийрөхийг бодно. Нэлээд хэдэн ах нартай уулзсан. Тэр ах нартай энд тэнд гэр бүлтэйгээ явж байхад нь одоо ч таардаг. Хүүхдүүд нь л над шиг харагдаад байдаг юм. Тэгсэн хэрнээ хэн нь ч надад боль, байг гэж хэлж байгаагүй ээ. Өөрийн гэсэн мөнгөтэй байх, түүгээрээ найзуудтайгаа нийлээд ийшээ тийшээ явчихдаг, аятайхан газар орчихдог, хувцас хунар аваад өмсчихдөг байх сайхан байсан. Гэхдээ дүүдээ ундаа чихэр, тоглоом, гутал аваад өгчих боломжтой байх л хамгаас сайхан байсан даа. Юм юмаар дутуу, гундуухан явдаг жаахан дүүгээ баярлуулах л хамгийн гоё.
- Цахим орчинд хэдий хэр цаг өнгөрөөдөг байв даа? Юу хийдэг байв даа?
- Утас дээрээ цахимд 6 цаг орохоор тохиргоо тавьчихад л хүрдэггүй байсан гээд бодохоор өдөртөө лав 7-8 цаг болдог байсан байх. Өөрийнхөө хаяг дээр зургаа янз бүрээр авч засч оруулна. Тэр зураг дээр авч байгаа лайк, сэтгэгдлийг байн байн эргэж харна. Найзуудтайгаа чатална. Шинээр танилцсан хүмүүстэйгээ ч харилцана. Намайг яг хэн гэдгийг мэддэггүй хүмүүст өөрийгөө байгаагаасаа өөрөөр ойлгуулах сайхан байдаг. Өөрөө бараг тийм болчихсон мэт мэдрэмж төрдөг гэх үү дээ. Ер нь фэйсфүүкт би өөрийгөө тэс одоо хүн мэтээр, илүү аз жаргалтай, үнэ цэнэтэй, чөлөөтэйгээр мэдэрдэг. Амьдрал дээрх хүмүүсийн хандлагаас шал өөр орчинг тэндээ бүрдүүлчихсэн болохоор тэгж санагддаг байх. Бодит харилцаан дээр намайг үл тоох нь тодорхой хүмүүс надтай нэг түвшинд харилцаж, хүндэлж, бас эргүүлдэг болохоор утсаа нээгээд л энэ байгаа амьдралаасаа түр ч болтугай холддог. Ер нь миний тайвширдаг орон зай. Сүүлдээ байс гээд л утсаа хажууд байсан ч эрээд л, үгүйлээд л нэг тийм сонин хамааралтай болчихдог юм билээ. Бас хуурамч хаяг ашиглаж, насанд хүрсэн хүмүүсийн болоод “санхүү”-тэй холбоотой олон группүүд рүү ордог байсан. Зөвхөн Эрдэнэтийн гэхэд л 3-4 тийм хаалттай групп байдаг. Ер нь аймаг бүр тийм хаалттай групптэй байх. Хотынх бол бүр янз бүрийн нэртэй замбараагүй олон насанд хүрэгчдийн групптэй. Тэнд нь хэн ч орж болно. Өөрийнхөө хаягаар нэвтэрдэггүй болохоор ямар ч хянах боломжгүй. Миний анзаарснаар тэнд насанд хүрээгүй хүүхдүүд, тэр дундаа охидууд маш их байдаг юм шиг санагдсан.
- Цаашдын амьдралаа хэрхэн төсөөлж байгаа вэ? Амьдрал алаг цоогтой, гэхдээ ирээдүй гэрэлтэй байгаа гэдэгт итгэж байж зөв сайханд хүрэх байх?
- Хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ суралцахаар болсон. Мөрөөдөл минь түрүүчээсээ биелж байгаа болохоор одоо дан сайн сайхныг бодож байна. Гэхдээ би хүний гэргий болно, ээж болно, ажил мэргэжилдээ ч гэсэн нэр хүндтэй явахыг хичээнэ, гэтэл амьдрал минь суусан энэ толбо бусдын амаар дамжин намайг харлуулахвий, хайртай хүмүүсээс минь, дуртай зүйлээс минь салгахвий гэж үргэлж айдаг. Хүмүүс яагаад ийм муухай хүний мууд дуртай, мартах дургүй, тэрнийгээ ид бах болгож бусаддаа түгээн дамжуулдгийг би ерөөсөө ойлгодоггүй. Тэрнээсээ ямар сайн сайхныг мэдэрдэг юм бол? Түүний цаана яригдаж байгаа хүн нь өөрөөсөө болж тийм байдалд хүрсэн үү, үгүй юу, тэр буруутай юу, үгүй юу гэж яагаад боддоггүй юм бол? Бас хүмүүс минь хүүхдүүддээ анхаарал хандуулаач ээ. Над шиг байдалд орчихсон, түүнийгээ илэрхийлж чадахгүй айдастай яваа хүүхдүүд олон байдаг юм шиг санагддаг. Юу хэрэглэж, юу сонирхож, яаж байгааг нь сайн ажиглаж, сэтгэл санааг нь танадаж аав ээж нь хайрлаж халамжилдаг бол олон хүүхэд сайн сайхан явна даа.
Тэр ийн ярив. Үе үехэн нулимс нь гялагнах хэрнээ ил гаргахгүй хэрсүүхэн хүүрнэх жаахан охин. Үлээж хөгжөөхгүй бол унтрахад бэлэн бүдэгхэн цог мэт итгэлгүйхэн харах нүд. Бие биедээ сонин дуулгаж, дуулиан шуугиан тарих гэхдээ буруу зөвийг нь үл тоон чихнээс чихэнд дамжуулдаг бүхэн цаанаа хэн нэгний сэтгэлийн галыг унтрааж, амьдралын итгэлийг мөхөөж байдаг. Нийгмээрээ жигшүүрийн бай болгоод байгаа биеэ үнэлэлтийн цаана өсвөр насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, үнэ цэнэ, сэтгэл зүрхээ нэгмөсөн устгуулсан эмэгтэй хүний дотоод ертөнц оршин байдгийг судалгаа илэрхий харуулсаар байгаа. Хүчирхийлэлд өртсөн бяцхан зүрхүүд биднээс аврал гуйн чимээгүй хашгирч байна. Чимээгүй хашгирааныг ил болгохоор шивнээд ч болтугай зориг гаргасан түүнд талархая...
Ярилцсан: А.НАРАНБОЛД