Г.Шархүү “Зурамны мах идсэнгүй гээд зодуулж явлаа”
“Хүүхэд насны галт тэрэг”-нд энэ удаа Орхон аймгийн Засаг дарга асан Г.Шархүү зочноор уригдлаа.
- Ярилцлага өгөх цаг зав гаргасан танд баярлалаа. Таны унасан газар, угаасан уснаас яриагаа эхлэе?
- Зүгээр, хүүхэд багачуудаа зориулж цаг гаргалгүй яах вэ. Юуны өмнө Орхон аймгийн нийт сурагчид, багш нарт энэ өдрийн мэндийг хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Би Завхан аймгийн Цэцэн-Уул суманд төрсөн. Хүй цөглөсөн газар маань далайн түвшинээс нэлээд дээр өргөгдсөн, өндөр уулсын дунд Отгонтэнгэр хайрханы дэргэд байдаг. Манай нутаг шовх сүрлэг уулстай, цэвэр агаар, цэнгэг устай сайхан газар. Мэдээж хүн болгон л төрсөн нутгаараа бахархдаг байх. Гэхдээ тэр дундаас онцгой, бахархахгүй байхын аргагүй сайхан гэж байдаг бол тэр миний нутаг гэж хэлмээр байна.
- Аав ээжийнхээ тухай яриач?
- Манай аав, ээж хоёр хоюулаа хуучнаар Завхан аймгийн Сант-Марал сумын хүмүүс. Сант-Марал сум сүүлдээ гурав салсан шүү дээ. Манай аавыг Гаадаг гэдээг. Зургаан хүүхэдтэй айлын хамгийн том нь. Харин би эцэг, эхээсээ наймуулаа. Бас айлын ууган нь. 6 эрэгтэй, 2 эмэгтэй дүүтэй. Хоёр эмэгтэй дүү маань ихэр. Манай аав ихэр болохоор ихрийн удамтай гэр бүл. Аав ээж маань хоюулаа их тайван, хүүхдүүдээ харцаараа лухааруулж, хүмүүжүүлдэг хүмүүс байсан.
- Хүүхэд нас тань хэрхэн өнгөрсөн бэ?
- Бага нас маань тэр үеийн жирийн малчин хүүхдийн адилаар өвөлд нь сургуульдаа явж, зун нь хонь мал хариулж, хурга тугалтай хөөцөлдсөөр өнгөрсөн. Гэхдээ үеийнхээ хүүхдүүдээс ялгаатай нь би малд төдийлөн дуртай байгаагүй. Морь унах бүр ч дургүй. Одоо ч тэр зан маань хэвээрээ. Ер нь л багын боловсролтой, эрдэм номтой болохыг мөрөөддөг, хичээдэг байсан. Номонд л их дуртай хүүхэд байлаа. Тиймээс ч тэр үеийн орос, монголын зохиолчдын туурвисан ном зохиолуудаас амьдралыг таньж мэдэрсэн. Хөдөө гэртээ байсан болохоор сургуулийн дотуур байранд 10 жил сууц харьцангуй эрт бие даасан. Захны даавуу хадах энэ тэр гээд эхлээд будилдаг зүйл их л байлаа. Яваандаа ч юм юмаа өөрөө хийчихдэг, бусдад зааж өгдөг их догь сурагч болсон. Хичээл номдоо сонирхолтой байсан маань тухайн үед нутгаасаа гадаадад сурахаар явсан цөөн хүний нэг болоход дөхөм болсон гэж боддог. Дээр нь нэмж хэлэхэд манай сургуулийг үүсгэн байгуулсан захирал маань Монгол улсын анхны хөдөлмөрийн баатар багш Дагва гэж хүн байлаа. Яагаад энэ хүнийг заавал дурьдах болов оо гэвэл энэ хүн та бидний сайн мэдэх “Гологдсон хүүхэн” киноны чулуун хахууль авдаг На түшмэлийн дүрд тоглосон авъяастай, алдартай хүн байсан.
- Та хөдөө төрж өссөн мөртлөө яагаад морь, малд дургүй гэж?
- Би бүр багадаа даага сургаж байгаад унаж толгойгоо хөдөлгөчихвөө. Өвөө маань барьж байж зүгээр болгосон. Их л өвдөж, зүдэрсэн санагддаг. Тэрнээс хойш л морь унах дургүй болчихсон. Гэхдээ адуунд дургүй монгол хүн гэж юу байх вэ. Моринд хорхойтой, хурдан морь үзэх дуртай. Ганц унах л дургүй дээ.
- Хэр хөдөлгөөнтэй хүүхэд байв? Хүүхэд насныхаа хөгжилтэй дурсамжаас хуваалцвал?
- Ер нь томоотой хүүхэд байсан шүү. Шийтгүүлбэл бусдын хоморгонд л орчихдог. Багадаа дүүтэйгээ модон хувинд орж нуугдаж тоглож байгаад аавдаа нэг тоншуулсан маань л миний хамгийн том зүггүйтэл байсан юм болов уу даа. Аав маань бидэнд ерөөсөө гар хүрдэггүй мөртлөө тэгэхдэ толгой руу тоншсон нь санаанаас гардаггүй юм. Хөгжилтэй дурсамж гэвэл зөндөө. Манай нутаг тарвага, зурам ихтэй, бид ч зурам сайн агнана. Сургууль зуны даалгаварт зурамны арьс авч ир гэдэг байлаа шүү дээ. Нэг удаа олуулаа нийлж баахан зурам алаад, махыг нь тогоод дүүргэж чанав аа. Яг болгоод идэх гэсэн чинь би урьд нь идэж үзээгүй болохоор идэхгүй гэж зугтаад, бусад маань дандаа том хүүхдүүд байсан болохоор дор нь барьж аваад чи зурамны мах идэхгүй хаагуур явсан юм гээд зодож байсан. Би зодуулсан ч гэсэн идэлгүй өнгөрч дөнгөсөн. Энэ явдал миний санаанаас ерөөсөө гардаггүй. Бодоод байхад их нийтэч хүүхэд байсан санагддаг. Голддуу л хүүхдүүдтэй хамтарч юм хийх, тоглох, байгаа юмаа хуваалцах сонирхолтой, бас бусдыгаа ихэвчлэн удирддаг, түүндээ ч авьяастай, дуртай. Тоглосон ч дандаа ахлагч нь болчихдог байлаа.
- Хүүхдүүдээ юу захимаар санагддаг вэ?
- Миний сурч хүмүүжиж байсан тэр үе, одоо цаг хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Ийм сайхан мэдээллийн эринд амьдарч боловсорч байгаа хүүхдүүд маань үнэхээр атаархмаар азтай улс. Энэ аз завшаанаа ухамсарлаж, олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаасай л гэж хүсэх байна. Эцэг эхийн хөрөнгөнөөс илүү эрдэм номын буянд, толгойдоо л хөрөнгө хураагаарай гэж захъя даа.