Зам тээврийн ослын улмаас 14 хүний амь нас эрсджээ

    Сар шинийн баярын үеэр замын цагдаа өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, шуурхай арга хэмжээ авч байсан ч авто ослын тоо өмнөх оны мөн үеийнхнээс өссөн дүнтэй гарчээ. 2-р сарын 26-наас 3-р сарын 2-ыг хүртэл цагаан сарын өдрүүдэд авто ослын улмаас 14 хүний амь нас хохирч, 49 хүн хүнд, хөнгөн бэртэл авсан байна. Хот хоорондын замд гарсан ослын улмаас 13 хүний амь нас хохирсныг харахад битүүлэг, золголтын үеэр хөдөө замд хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үзэгдэл их, ноцтой хэмжээнд байжээ.

   Эдгээрийн дотроос битүүний өдөр буюу 2-р сарын 26-нд нэг гэр бүлийн дөрвөн гишүүний амь насыг авч одсон аймшигтай осол гарсан нь олон хүний зүрхийг шимшрүүлсэн байна. Төв аймгийн Борнуур сумын нутаг “Урьхан” зоогийн газраас Дархан чиглэлд гурван км-т “H.ton” маркийн том оврын автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон урсгал сөрсний улмаас “T,Corolla” маркийн автомашинтай мөргөлдсөн. “T,Corolla” машинд зорчиж явсан нэг бүлийн 40 настай эрэгтэй С, 38 настай эмэгтэй У, 6 настай эмэгтэй А, 3 настай эмэгтэй А нар газар дээрээ нас барж, цогцсыг нь ч машинаас гаргаж авахын аргагүй болсон байжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, нэг гэр бүлийн халуун амийг тасалсан жолооч хэргийн газраас зугатсан байсныг Цагдаагийн албан хаагчид илрүүлэн баривчилсан байна.

   Сар шинэ төдийлэн хуучраагүй, ажил албатай зэрэгцэн үргэлжилж байгаа энэ өдрүүдэд дахин авто осол гарч хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх аюул бий тул нийт иргэд замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж, нэгнээ хүндэтгэж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.