ОХУ-ын баатар цолоор нэхэн шагнажээ

   Сирид байлдааны үүрэг гүйцэтгэж яваад амиа алдсан Су-25 дайрагч нисэх онгоцны нисгэгч, хошууч Роман Филиповт ОХУ-ын баатар цол нэхэн шагнасныг “РИА Новости” дамжууллаа.

   Тэр 2018 оны 2 сарын 3-нд Сирийн нутаг Серакиб Идлибт өөрийн “Су-25” онгоцтой байлдааны нислэг үйлдэж яваад лалын хэт даврагч "Жабхат ан Нусры" бүлэглэлийн харвасан гар пуужинд оногдон газарт унасан байна. Түүнийг Сирийн босогчид амьдаар нь олзлох гэсэн боловч автомат гар бууныхаа сумыг дуустал буудалцан эцсийн мөчид лалын байлдагчдын хамт гранатаар өөрийгөө дэлбэлжээ.

   Түүний хар хайрцгаас үлдсэн бичлэгт хамгийн сүүлд хэлсэн үг нь «Это вам за пацанов!» /Энийг залуусынхаа төлөө та нарт/. Тэрээр 33 настай байсан бөгөөд 1984 онд ЗХУ-ын Вороньеж хотод байлдааны онгоцны нисгэгчийн гэрт төрсөн, үе дамжсан нисгэгч байсан аж.

        Н.СҮЛД