Берлинд ачааны машинаар халдлага үйлдэж 12 хүний амь насыг хохироожээ
Өчигдөр орой Берлин хотод Зул сарын баярын үзэсгэлэн худалдааны үеэр, иргэд олноор цугласан хэсэг рүү ачааны машин хурдаараа орж ирэн дайрчээ. Энэ ослын улмаас 12 хүн амь үрэгдэж, 50 орчим хүн хүндээр бэртсэн байна. Одоогоор уг хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар санаатай, террорист халдлага гэж үзэж байгаагаа Берлиний аюулгүй байдлыг хангах байгууллагууд мэдэгджээ. Халдлага үйлдсэн ачааны машин Польш улсын дугаартай байсан байна. Одоогоор Берлин хотноо иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр цуцлажээ. Мөн тус улсад суугаа элчин сайдын яамдууд өөр өөрийн орны иргэдээ аюулгүй байдлаа сахин хамгаалахыг сануулж, сэрэмжлүүлэг гаргаад байгаа юм байна.