Хавар хавраар сэдрэх мөнгөн хонхтой дурсамж...
/Хөвсгөл аймгийн Мөрөн сумын МГС 3-р сургуулийг 2000 онд төгсөгч нартаа/
Хавар... Гөлөглөн ногоорох модод, алсад дуурсах шувуудын ганганаа... Алгуур өнгөө сэргээн хувьсах байгаль дэлхий... Хавар ирлээ. Бүхий л орчлон сэргэн цэцэглэдэг улирлын нэгээхэн хоромд мөнгөн хонхны дуутай таран одсон андуудаа дурсахгүй байж хэрхэн чадах... Амьдралын шинэ хөшиг нээгдэх гэж байгаад хөөрөн догдолсон хүүхэд, залуусын цовоо цолгин дуу, инээд хөөр. Аз жаргал, хайр дурлал, шинэхэн учрал, нөхөрлөлийг дуурсгасан дуу хөгжим. Байгалийн хэмнэлтэй хөг нийлээд юутай яруу... Ангийн андууд минь. Хүүхэд ахуй цагийн хөөр баяр, зовлон жаргал бүгдээ ширхэг “ирис”-тэйгээ, “зуу”-гийн ундаатайгаа талласан нөхөд минь. Жил бүрийн яг энэ хоромд та нарыгаа ямар ихээр үгүйлнэ билээ. Сонсдог дуу, шохоорхдог охин, хөвгүүдийг чинь ч тодхон санаж, сэтгэлд исгэрэх хөнгөн гунигийн салхитайгаар нэгэн цагт сурч байсан сургууль, сууж байсан ширээгээ анд чинь бодолдоо л сэргээж сууна...
Хөвсгөл аймгийн төв - Мөрөн... Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 3-р арван жилийн сургууль... ”Тетраэдр” сургууль... 2000 оны хавар. Дөнгөж нахиалсан навчисын сэрчигнэх чимээтэй дуурссан мөнгөн хонхны дуу. Энгэрээ улаан туузтай хонхоор чимж, инээдээ нууцхан гуниг, илчилж амжаагүй сэтгэлээрээ гялбуулсан миний л ангийнхан, миний л найзууд. Бид тухайн нөхцөл, цаг хугацааны эрхээр хоёр сургууль дамнан төгссөн ч яах аргагүй нэг ангийнхан байсаан. Одоо ч хувь тавилан, амьдралын эрхээр улс орныхоо өнцөг булан бүрт тархан суурьшсан ч бас л яалт ч үгүй нэг л ангийн хүүхдүүд билээ. Тиймээс л хаврын энэ өдөр завсарлагаанаар “тамхилах”-аар сургуулийнхаа урдах “ТҮЦ”-ийг зорьдог байсан “аавын цээж”-үүдээ, хорвоо дэлхийн бүхий л зүйлийг өөрсдийн дүгнэлтэйгээр бөөгнөрөн хүүрнэдэг асан цэцэгхэн охидоо эргэн эргэн дурсах юм. Ангийнхаа цонхоор хөл нүцгэн үсэрч гараад тэр чигээрээ гүйсээр “ТҮЦ” орчихсон Насаагаа, Нандиадаа сарнай авчихаад түүнийгээ хэрхэн нандигнах учраа олохгүй дэмий л энгэртээ хийж, илбэн байсан Ц-гээ, бүгдийг дотроо “болгоож” нүдээрээ инээж явдаг Мөнхнастыгаа, үргэлж алиалж, сургуулийн коридорыг инээдээр буулгадаг Лутаагаа, зөөлөн урсгал атлаа зөрүүд шийдмэг Цэрэнпүрэвээ, ангийнхнаа бүгдийг нь нэгэн зүгт хандуулах гэж байдгаараа хичээдэг “босс” Нэргүйгээ, дэрэвгэр алаг нүдээрээ үеийн бараг бүхий л хөвгүүдийн зүрхийг зурчихсан байсан хөөрхөн Сувдаагаа...ер нь ангийн бүхий л нөхдөө хайрлан санахад үнэхээр сайхан. Тэр дундаа өдгөө бидний дунд үгүй болсон ч жил бүрийн хавраар ангийн андуудынхаа сэтгэл зүрхэнд тодрон тодрон ирдэг Батболдыгоо, Ганхүүгээ, Эрдэнэбатыгаа, Даваасүрэнгээ... Нулимсгүйгээр санахгүй байж чадахгүй нь. Хүний хайлан болсон андууд минь та нарыг бурхан биднээс яаран авч, дэргэдийн шадраа хийсэн ч... Найзууд чинь та нарыгаа нүдэндээ, зүрхэндээ нулимстайгаар дурссаар байнам. Өөрсдөө үүрдгүй бид чинь та нарынхаа сэтгэлд үлдсэн хүүхэд насны дүрийн өмнө үхэн үхтэлээ сэтгэлийн зулаа өргөх болно. Батболд, Ганхүү хоёр минь Доржсүрэн багшийн ангид тохой залган “А” үсгийн ацаг татсан багын нөхөд, Эрдэнэбат буюу Ц минь зовлон жаргалаа хамтгасан ховорхон найз минь байлаа л...
Жил бүрийн хавраар... Жил бүрийн хавраар би та нарыгаа үгүйлэхгүй байж чадахгүй нь. Ангийн бусад андууд чинь ч ялгаагүй биз ээ... Хал гаднаа ч хайр нь дотроо хөдөлмөрч Лагсам багшийгаа, үнэнийг хэний ч нүүрнээс нуудаггүй Чимэд-Аюуш багшийгаа, бидний төлөө байгаа бүхнээ зориулж, бүдрэхэд минь цуг бүдэрч, босоход минь цуг босдог байсан Хишигхүү, Баярдалай, Цогтоо багшийгаа ээж, аавыгаар санах мэт өнөө ч санагалзсаар. Ер нь бидний төлөө эцгийн ёсоор, эхийн сэтгэлээр ханддаг байсан бүхий л багш нартаа шавь нар нь хайртай. Идэрцагаан, Оюунсүрэн, Баярсайхан, Баярхүү, Батжаргал, Сэндэнпүрэв, Чулуун, Өлзийбаяр...багш нар минь. Өнөөдөр хүүхдүүд нь амьдралын нугачаанд бүдэрчихэлгүй, өөрийн гэсэн нэртэй, орон зайтай яваа нь та нарын минь л ач...Цаг хугацаа аль эрт ангийн андууд та нарын минь нүүрэнд тодордог хүүхэд ахуй цагийн инээмсэглэлийг арчин одсон ч...Зүрхэнд чинь хоногшсон ангийн найзуудаа гэх сэтгэлийг улам лавшруулсан гэдэгт анд чинь итгэдэг. Хүүхэд настайгаа бид дахиад учрахгүй, мөнгөн хонхны дуунаар эргээд бэхэн цэнхэр ширээндээ тохой залгахгүй ч... Хавар хавраар алслан одож байгаа тэр нэгэн хаврын мөнгөн хонхны дууг, нэг ангийн андуудаа хэзээ ч мартахгүй гэдэгт би бас итгэдэг... Хонх дуугарах бүрийд та нарынхаа цовоо цоглог дуу, инээдийг сонсдог асан тэр мөч алдрай настай хамт улиран алсалсан ч... Эргээд ангидаа цуглах өдөр бий гэдэгт найз нь найдсаар л яваа... Хаврын урин салхи, нялх ногооны анхилуун үнэр, хаа нэгтээгээс дуурсах дуу...
...Ангидаа эргээд уулзацгаая
Алтан үеийн найзууд минь
Арван хаврын дурсамжаа
Эргэн санаарай
Мөрөөдлөөр жигүүрлэсэн мөнгөн хонхны дуу
Мөнхөд зүрхэнд эгшиглэсээр он цагт дуурсана...
Тиймээ онц цагт дуурсана андууд минь. Хавраар сэдрэх дурдатгал та нарыг минь ч газар газраас төрсөн нутаг, төрлөх сургууль руу чинь даллан дууддаг буйзаа...
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын МГС 3-р сургуулийн 2000 оны 10 А ангийн төгсөгч А.НАРАНБОЛД