Итгэлээр цангасан эх орон минь…
Монгол орноор дүүрэн харийнхан шавлаа. Үнэтэй костюм өмсөж, өнгөтэй толигор царайлсан, сайхан машин унасан нь ч байна. Сахал үс нь арзайж, царай зүс нь бүрзийж, үүргэвч үүрч, дугуй түрсэн нь ч байна. Хүн сармагчин хоёр нь ялгагдахгүй хүйтний улиралд даарч бүрзийсэн навтгар салбагар хужаа, тохой хэрийн биетэй хэрнээ тоймгүй яравгар хангүг, зайгүй тонголзох атлаа завсар хооронд нь хулгайн нүд шидлэх япон, дэргэдүүрээ зөрөх монголчуудыг адгуус, араатан шинжих лугаа сонирхох донхор хамартай европ царайтангууд гээд Монголын гудамжнаа тааралдахгүй харийнхан үгүй болжээ. Ер нь манай улс тун ч хурдан даяаршиж байгаа бололтой. Эдгээр хүмүүсийн улс үндэс нь өөр, байгаа зүс царай нь ялгаатай, өмссөн зүүсэн, эдэлсэн хэрэглэсэн нь ангид, нийгмийн гарал үүсэл нь тус тусдаа, манайхыг зорьж ирсэн зорилго нь ч хувь хувьдаа атлаа нэг л нийтлэг шинжтэй. Тэр нь тэд бол Монгол хүний хийж чадахгүй бүхнийг хийж чаддаг нь. Гэхдээ зөвхөн Монголд л тийм ид шидтэй. Тэдэнгүйгээр бид барилгаа барьж, замаа тавьж, банкаа удирдаж, баялгаа олборлож чадахгүй. Тэр байтугай хэл сурч, хоол хийж, бүр хаягаа ч бичиж дөнгөхгүй. Хараарай л даа. Гудамжаар алхахад Монгол хүн өөрөө мэдээд биччихсэн байж таарах Монгол үсэгтэй, Монгол хаяг хэд байна вэ. Цөөхөн. Сүүлдээ тэдний хэл усгүйгээр ойлголцож, ярьж чадахаа байгаад “мессеж”, “смс”-ээ явуулах, мэдээ хадаагаа дамжуулахдаа хүртэл гадаад үсэг, гадаад үг хэрэглэдэг болжээ. Үнэндээ Монголчууд гадаад хүн, гадаад хэл, гадаад хоол, гадаад “мэдлэг”, гадаад хувцасгүйгээр амьдарч чадахаа байсан байна.
Эрдэнэт үйлдвэрийг оросууд байгуулж өгсөн шиг энэ орноор дүүрэн харийн хүний хийж өгсөн, гадаад орны хөрөнгө оруулсан үйлдвэр, компани, уурхай, гуанзаар дүүрчээ. Монгол хүн юу ч хийж чаддаггүй болохоор Монгол эзэнтэй компаниуд хүртэл гаднаас, гаднаас ч гэж дээ, өнөө урд хөршөөсөө хужаа зөөж ажлаа хийлгэнэ. Удахгүй малаа хариулж, гэрээ барихад хүртэл Монгол технологи хоцрогдож байгааг анзаарч Өвөр Монголоос /үнэндээ тэд чинь Монгол нэртэйгээс бус гадаад шүү дээ/ гэр барих мэргэжилтэн залж, Австралаас хонины судлаач урьж, Испаниас” бухчин” дуудаж, Мексикээс адуучин дөхүүлэх юм байлгүй дээ. Монголчууд осолдохгүй уух идэх, унтах хэвтэх тал дээр л гадны хүмүүсийн туслалцаа авахгүй байх шиг байна. Ээ дээ гэхдээ нэн удахгүй уухыг оросуудаас, идэхийг хятадуудаас, унтах идэхийг “Камасутра”-тайгаар нь энэтхэгчүүдээс сурна аа гээд шуурч, мэргэжилтэн авчираад эхэлбэл гайхаад байх юмгүй.
Гадаадаар уулга алдаж, харааж, ерөөж, ёолж, ёхолж чухам арай л франц маягаар хэхэрч, англи маягаар унгахгүй байгаа эрлийзийн эрлийзээр “соёлжсон” монголчууд эндээс нь гайгүй хүн төрлөө гэхэд итгэх нь бүү хэл элдвээр дайрч унтраахдаа гаргууд. Гэсэн хэрнээ гадаад л бол гайхамшигтай. Өөрийнхийгөө бус, өрөөлийг шүтэх үзэгдэл өвчин болсон энэ цаг дор юу бидэнд дутаад байна вэ. Орос дүрэмт хувцасаар гангарч, монгол хилэн “форм”-ыг ад үзэж өссөн тэрхүү хүүхэд наснаасаа л дотоодыг үл тоож, гадаадыг дээдлэх үзэл одоогийн олон хүнд суусан юм шиг. Орос ах нараар заалгаж, залуулж байгуулж асан коммунизмээс үлдсэн сэтгэлгээ нь дотроос нь хатгаж, дороос нь тулаад болохгүй байгаа ч юм уу. Сонгодог, шилдэгүүдээ тарааж, шашинжуулж, хядуулж, яллуулсан гашуун түүх нь зүрхэнд нь шар ус хуруулаад буруудсан ч зөвдсөн ч би биш гадаадын нөхөр хариуцлага хүлээг ээ гэдэг болчихоо юу. Ямартаа ч юм бүхэн дээр гадаадыг шүтдэг үзэгдэл яваандаа саармагжих бус идвэхтэй идвэхжих байдалтай байгаа нь энэ цагийн үнэн, ирэх цагийн эмгэнэл болчихоод байна.
Бидэнд юу дутаад байна вэ…Ганцхан өөртөө итгэх итгэл. Түүнээс биш оюун ухаан, хүчин чадал, сэрэх самбаа, авьяас чадвар бүгд байна. Худлаа гэвэл Монгол хүн гадныхны “колончлол”-д нэргүйгээр орчихоод байгаа эх орноосоо бусад газар нэр алдраа бүрэн дүүрэн хамгаалж, амьдрал ахуйгаа хэн гуайгаас илүү авч явж буй. Дэлхийд нэртэй компаниудад оюуны гайхамшиг бүтээж, энд шүтэгддэг харийнханыг тэнд нь “жижгэрүүлж”, нутаг дээр нь хар ажил хийлгэж байгаа Монголчууд цөөн биш. Гадаадын нэг нэр хүндтэй бизнесмен “Монголчууд залхуу. Залхуугийнхаа хэрээр сүрхий. Ямар ч ажлыг чанарыг нь алдуулахгүйгээр илүү хялбараар гүйцэтгэх арга ухааныг олчихоод байдаг. Ямар ч ажилд оюунлаг ханддаг. Харин вьетнам, хятад, солонгос, япон ямар ч ажилчин тэдэн шиг илүү амраар хийх арга сэдэхийн оронд биеийн хүчээрээ, хар тэнхээгээрээ цаг нар хайрлахгүй зүтгээд байдаг” гэсэн нь бий. Монгол хүн монголдоо хийх ажилгүй, хэлүүлэх нэргүй атлаа гадаадад гарахаараа бүхнийг чадаж, бүгдээс дутахгүй ажиллаад, алдаршаад болоод байдаг. Тэгэхээр эх нутаг дээрээ итгэл дутаж, сэтгэл гарахгүй байна аа гэсэн ганцхан гаргалгаа гарч, батлагдаж байгаа биз. Монголын нэг уран сайхны кинон дээр “чийчаан” гэгчийг анх үзэж байгаа монгол дархан дээгүүр доогуур нь жаал харсанаа “Хэ цэс, төмөр нь байвал хийж л орхих эд байна” гэдэг. Инээдэмтэй, үгүйдээ л хошин аяс оруулах гэж энэ хэсгийг тухайн киноны кадрт нэмсэн байж таарна. Гэхдээ Монгол хүн машин ч хийчихэж чадна аа гэж итгэж байгааг харуулсан нь өнөөдрийн өөрөөсөө бусдыг л юм хийдэг гэж ойлгодог монголчуудад шуудхан сургамж өгөөд байна. Хэрэвзээ хүн өөрөө хийж чадна гэж итгэвэл соёлжсон, техникжсэн шинэ зууны Монголчууд гадаадад бус Монголдоо бүтээн байгуулалт хийж, хөгжил дэвшилийг авчиралгүй яав гэж. Ямар мориноос өөр унаагүй, хүрээнээс өөр хотгүй өнгөрсөн зууны сөнөх дөхсөн үндэстэн биш. Шинэ үеийн Монголчууд шижигнэсэн, шуугисан ид ааг бяр дээрээ байна шүү дээ. Заавал оросоос, америкаас мэргэжилтэн залж, мэдлэг заалгахын хэрэг алга. Хүн хаана хүрч чадна гэж итгэнэ, түүндээ хүрдэг. Хүн юу хийж чадна гэж бодно. Түүнийгээ бүтээдэг нь өдгөө олон олон суутны намтар, олон олон улсын хөгжлийн түүхээс тодорч байна. Гэтэл бид өмдөө татахаас бусдыг гадаадын хүнээр хийлгэнэ ээ гээд гай татаад суухаар хэзээ дэвжиж, яаж хөгжих болж байна даа. Өөрийнхөө хийж чадах ажлыг өрөөлд хөлсөөр ацаглана гэдэг үнэндээ өөрөө өөртөө гай татаж байгаагаас ялгаа юун. Өнөөх нь орж ирүүтээ өөрийг нь захираад, эзэрхийлээд сууж орхидог сонин жишиг байхад бүр гай шиг гай биш үү.
Өнгөрсөн зууны эхэн үед “хар тамхи”-ны дайнд европчуудад ялагдсан хятадад үйлчилгээний газрын үүдэнд “Хятад хүн, нохой хоёр орохыг хориглоно” гэсэн пайз байдаг байж. Тэгвэл өнөөдөр ямар ч дайнд ялагдаагүй монголд бичээгүй л болохоос ийм пайзтай газар хаа сайгүй бий болчихоод байна. Тэнд нь Монгол хүнийг байтугай, Монгол цагдааг, Монголын хуультай нь болгож тавьдаг гэж байгаа. Эзэрхийллийн эмгэнэл энэ оронд хэзээний нүүрлэчихжээ. Эцсийн эцэст эдгээр нь итгэл дутсаны, энэ биедээ эс итгэсний уршиг юм. Өөртөө итгэхгүйн дээр өөрийн яс гарвал нэгтэй, өнөө ч маргааш ч өөртөө нь зэрэгцэн оршиж, амьдарч тэмцэх нөгөөдөө итгэж өгөхгүйг бас яана. Итгэл…итгэл…Үүгээр Монголчууд ямар ихээр дутна вэ. Монгол хүний амьдарч, хүрч чадах орчин, түвшин өнөөдрийн биднийг хүрээлэн байгаа хар бараан нийгэм үү. Монгол хүний үнэ цэнэ гудамжинд нохойтой зэрэгцэн хэвтээ согтуу архичин уу. Эсвэл харь газар булингартай далайн эрэгт атигар, арчаагүй хангүг эрээр нүүр рүүгээ нулимуулан байж хэдэн “ногоон” олж буй хүдэр халх уу. Хүн юу хийж чадна, хаана хүрч дөнгөнө гэж итгэнэ, түүндээ л хүрдэг гэдгийг дахин нуршихаас өөр арга алга. Тэгвэл Монгол хүний итгэл сэтгэл, дээр өгүүлсэн жишээн дээрх шиг гудамжинд хэвтэж, харийн газар дарлуулж явахад яг тохироод байна. Бусдын гар харж, архи дарсны орчинд, тамхины утаан дунд суунаглан, эцэг эхийн арчаагүй дорой байдал, харгис гар, хатуу харьцаан дор өссөн хүүхэд юуг гэрэл гэгээтэйгээр төсөөлөх вэ. Лав л барууны амьдрал шиг сайхныг мөрөөдөж, тийм ирээдүй, хөгжлийг харж чадахгүй. Хараа, сэтгэлгээний цар хүрээ бага бол хязгааргүй боломж өгөөд ч ашиглаж чадах нь юу л бол. Мисс баймаар сайхан бүсгүй хар архичин нөхөр чирээд зүдэрч явдагийн учир энэ. Илүү дээр амьдралд, илүү сайхан нөхөрт тэнцэнэ гэдгээ ойлгохгүй байгаа юм чинь, арга байж уу. Гүнж хэдий царай муутай төрлөө ч заавал ханхүүтэй гэрлэдгийн шалтгаан ч бас үүнд бий. Алт танихгүй гуйлгачин алтан уул олсон ч баяжиж чаддаггүй гэдэг. Нөгөө эзэнгүй арал дээрх Робинзон Крузо үмх талх, аяга усыг мөрөөдлөө болгож байсан бол их хотын хогийн сав бараадан суугаа навсгар эр тансаг машин, сайхан бүсгүй, үгүй байг ээ гэхэд шарсан тахиа, шил оргилуун дарс мөрөөдөж лавтайяа чадна. Ялгаа байгаа биз. Тиймээс ажил хийж, шинийг сэтгэж бус нам дагаж, худлаа чалчиж дээшилдэг гэж итгэдэг, шороотой гудамж, нүүрсний утаатай агаар, хямд архи, завхай ядмаг амьдралыг жишиг гэж ойлгодог залуус, хүүхдүүдийнхээ мэлмийг нээж, сэтгэлгээний цар хүрээг нь өргөтгөж өгөхгүйгээр өнөөдөр бид хөгжлийн тухай ярилтгүй. Юу хийж чадахыг нь, хаа хүрч дөнгөхийг нь ухааруулж, алсын зорилготой, амьдралын идвэхтэй ирээдүйг бэлтгэж байж итгэлээр цангасан эх орноо аврах боломжтой болно.
Сулдгар биетэй хужаа, донхор хамартай европ хоёр хийж чадаад байгаа зүйлийг эдгээр үндэстний аль сайн чанарыг шингээж цогцлоосон Монгол хүн хөнгөхөн амжуулж чадна. Амжуулсаар ч байна. Гагцхүү ихэнхид нь итгэл дутаад, сэтгэл нь мөхөөд ижилхэн монгол хүн хийчихлээ гэхээр хордоод, атаархаад байгаа учраас энэ орон ийм чигээрээ сааралтаж, гадаадынхан газар аваад байгаа юм шүү дээ. Монгол хүн чадна аа, бүгдийг чадна. Гадаадынхан даварч, газар аваад байгаа эх оронд нь харин боломж олго. Яг үнэндээ гадаадаас мэргэжилтэн залах хэрэгтэй бол энэ төрийн ордонд, дугуй зааланд “эргүүтээд” байгаа далан зургааг л гадаадын мэргэжилтнээр солимоор байна. Бусдыг нь харин Монгол хүн хийж чадна. Морь унадаг, мод тохдог боодолтой мах гэж Монгол хүнээ ойлгоод, ойлгуулаад суугаа дээдсүүдээ бид ёстой гадаадын гайгүй мэргэжилтэнээр сольчихмоор байна. Бүр амьдрах биш түр суугаа мэт аашлах тэдний тэнэг бодлогоос “хоноц” харийнханаар эх орноо дүүргэж, эзэн Монголчуудыг нь нэргүй боол болгох сэдэл, санаа нэвт үнэртээд байх юм. Ард түмнээ гэгээрүүлхээс айдаг удирдлагатай байснаас огт оронд нь харийн хүн сууж байвал хамаагүй дээр. Ядаж тэд чинь санаа зовоод улаан цагаан шууд хулгай хийхгүй байлгүй. Үгүй ээ гэхэд Монгол биш юм гээд харж хянаж, цагдаж, сэргийлэх нь арай илүү байлгүй яав гэж. Адилхан элэг нэгтэй ах дүү нар минь гэсээр суутал буудаллаад буцах гадаадынханаас дор эрхэмүүд харийн лобби дор бөхөлзөж, харийнханаас дор хар санаа гаргаж байна.
Монголын төрийг түшиж, түмнийг нь төлөөлж байгаа мөртлөө гадны компанийн Монгол талын захирал шиг авирлах өөдгүй заримдагуудыг харсаар үнэндээ залхлаа. Өөртөө итгэлгүй, өнөөдрийн өчүүхэн ашиг харж амьдрах Монголын нийгмийн олонхи мөн чанартаа тэдний бүтээл. Чонотой нийлсэн хотны нохой, чононоос илүү аюултай гэдэг энэ. Харийнханаар дүүрсэн Монголд харь дотортой тэргүүнүүдийнх нь оруулсан хувь нэмэр гэвэл одоогийн итгэл алдарсан, идэх, уухаас өөрийг мэдэхгүй Монгол хүний арчаагүй байдал.
Түмнээ гэгээрүүлж, төрмөл биш олдмол энэ итгэлгүй, дорой байдлыг нь засч залах цаг хэзээ юм бол доо. Итгэл нь сэргэсэн цагт энэ орон азийн бар байтугай заавал нэг араатан байх ёстой юм бол илүү сүрхий аварга амьтан болон өндийх нь гарцаагүй. Өнгөрүүлсэн түүхийнх нь жишээ байна. Өнөөдөр ч үлгэрлэж байгаа залуус нь байна. Бидний Монголчууд чадахаа л чадна аа.
Срона Нараа 2009.09.17