Дилав хутагт Жамсранжав: "Арай гэж эвлэсэн ваарыг дахиж хагалаад яах нь вэ..."
"Хөх толботон танаа" цуврал...
...-Танай оронд улааны засаг тогтсоноор, шашин ном нь доромжлогдон доройтож, хүн ард нь хэлмэгдэн цусаа урсгасан. Монголын өнөөгийн засаглал, нийгмийг солих хэрэгтэй гэж танд бодогдохгүй байна уу? гэхэд Дилав хутагт Жамсранжав: "-Арай гэж эвлэсэн ваарыг дахиж хагалаад яах нь вэ. Эргэж бүрэлдээ ч үү, үгүй ч үү. Тусгаар Монголын голомт асч л байвал түүний тулд энэ хэрийн золиос байх буйзаа" гэсэн гэдэг. Нэгэн цагт эх орныхоо тусгаар тогтнолын төлөө мөр зэрэгцэн тэмцэж асан нөхдийнхөө чин хүслийг тэрбээр ийн цөөн үгээр илэрхийлжээ.
АНУ-ын Нью Жерси мужид амьдралын сүүлийн жилүүдээ үдсэн Дилав хутагт Нэгдсэн үндэсний байгууллагийн байрны өмнө, олон орны далбаан дунд намирах Бүрэн эрхт Тусгаар тогтносон Монгол улсын алтан соёмбот төрийн далбааг байн байн ирж харах дуртай байж. Яг тэр агшинд л түүний амирлангуй гүжирмэг төрхөнд бахархал гэрэлтэж, нүд нь нулимсаар чийгтэн гялалздаг байсан гэдэг. Төр улсынхаа төлөө ухамсарт бүхий л амьдралаа зориулсан буурал хутагт эх орныхоо шороон дээр ясаа тавьж чадаагүй юм. Энэ нь өөрийнх нь хэлсэнчлэн тусгаар тогтнолын төлөө төлөх үнэ-золиосны нэгээхэн хэсэг байсан биз ээ. Ийм өвгөдийн өмөлзөж эргэх сэтгэл, өндийж ивэх ясаар тулагдсан тусгаар тогтнолоо өнөөгийн бид яаж хайрлаж, ямар үнээр цэгнэж яваагаа бодох цаг болсон мэт...
Үр хойчис тань өнөөдрийн Монгол хүн таныг хэрхэн дурсах бол?