"Хэт Буха" жанжин

"Хөх толботон танаа" цуврал...

  ...“-Монголчууд бид үл дийлдэх тавилантай. Өнөө миний дарагдан хөнөөгдөж буй нь султан Кутуз чиний хавтайнх бус мөнх тэнгэрийн таалал билээ. Чиний өнөөдрийн ялалт үүлэн чөлөөний наран лугаа түр зуурынх. Энэ мэдээ хамгийг эрхшээсэн ил хаан Хүлэгүд хүрэхэд түүний хилэнд Египет орон өшөө хорслын галд шатаж, Мамлюкууд та нар Монгол цэргийн морин туурайн дор гаслах болно. Монгол нутагт, Хүлэгү хаанд над шиг цэрэг эр түм түмээрээ бий. Тэдгээр дайчин эрсийн жирийн нэг нь би.” Хэт Буха жанжин үхлийн өмнө Мамлюкын султан Кутузыг дагжиж атиртал ширтэн ийн өчжээ. Ялсан нь ялагдсан мэт чичирч, ялагдсан нь ялсан мэт эрмэг догшин байх ийм хормыг ертөнцийн буурал цадиг урд хожид үзээгүй юм. Айн Жалутын тулалдаан гэж дэлхийн түүхнээ алдаршсан тулаанд Монгол цэргийг арабын ертөнцөд анх удаа цохисон Мамлюкууд үнэндээ ялагдсантай адил ялалттай учирсан. Хүлэгү хааны томилон үлдээсэн цөөн Монгол цэргийг захирсан Хэт буха жанжин тулалдааны ид үед ухарсан Сирийн Муса султанаас болж, ихэд дарагдан өөрөө олзлогдсон гэдэг. Айн Жалутын тулалдаанд Монголчууд зөвхөн дэлхийг байлдан дагуулагч-ялагдашгүй цэрэг гэдэг омог итгэлээр орсон юм. Учир нь султан Кутуз болон түүний итгэлт жанжин Бэйнбарсын цэрэг Хэт бухагийн цэргээс 10 дахин илүү байсан гэх түүхийн баттай сурвалж буй. Монголд дийлдсэн улсын түүхчид энэхүү тулааныг товойлгон үзүүлж, Монголчуудыг буруу ташаагаар харуулахыг санаархдаг нь харамсалтай.

  Хэрэг дээрээ Мамлюкийн гаргасан энэ амжилт аз төдий, үнэхээр мөнх тэнгэрийн таалал байсан билээ. Монгол цэрэг тулааны эхэн үед угаасаа сүрдэж гүйцээд байсан Мамлюкуудыг довтлон зугтаалгасан байдаг. Гэхдээ тэд угийн шаламгай, догшин байдлаараа Кутузын цэрэгт зайлах боломж олгосонгүй. Иймээс л Мамлюкийн цэргүүд хавханд орсон араатан болж хувирсан юм. Зугтаад ч аврагдаж чадахгүйгээ сэхээрсэн ямар ч хулчгар араатан бүхий л чадлаараа эсэргүүцдэг нь байгалийн хууль. Тооны хувьд хэт давуу цэрэг зугтсан ч, тулалдсан ч ялгаагүй гэдгийг ухаарч, улайран дайрсан нь Хэт-Бухагийн ялагдлын үндсэн шалтгаан байв. Монгол цэргийг ялсан Мамлюкууд тулааны дараа хэрэг дээрээ сэтгэлээр бүрэн үхээд байсан юм. Харь газрын хөрсийг цусаараа угаасан Монгол эрсийн хатан зориг тэдний сүр хүчийг авч одсон нь тэр байлаа. Үхлийн өмнө толгой дээгүүр зогсоо Хэт Буха жанжины омог догшин байдлаас султан Кутуз үнэхээр ширвээтсэн гэдэг. Түм түмэн ийм эрсийн эрмэг төрх түүний сэтгэлд ургаж, Монгол гэх нэгэн нэр өр зүрхийг нь базаж байсан биз ээ....

  Алс нутагт амиа алдсан дайчин Монгол эрсийн сүнс төрсөн нутгаа эргэсэн нь гарцаагүй. Гэхдээ ...Үл дийлдэх тавилантай удам угсаа нь морин туураар тамгалж асан харь газартаа боолын боол, босгоны шороо болж буйг үзээд арабын талд мөнхөд үлдсэн яс нь шархиран өндийж байж ч мэдэх...