Ээлжит 8-р хуралдаан болоод өнгөрлөө. Гэвч...

/Бичил тойм/

   Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаан өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар 2027 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг болоод иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 2027 онд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох, аймгийн хэмжээнд 2027 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах, аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, аймгийн 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах зэрэг асуудлыг хэлэлцэв. 
    Хэлэлцэх асуудлаа батлах үеэр сөрөг хүчин-Ардчилсан намын дарга Г.Алтангэрэл Хурлын хуралдааныг цахим, танхим хэлбэрээр явуулж байгаа нь хуралдааны дэгт харшилж байна, яаралтай бус, бүх асуудлыг ийн хэлэлцэж буй нь эрхзүйн зөрчил гэлээ. 21/20 харьцаатай энэ удаагийн бүрэн эрхийн хувьд нэгж төлөөлөгчийн үнэ цэнэ нэн өссөн. Иймээс Ардчилсан нам анхны хуралдаанаас эхлэн ийм байр суурийг уйгагүй илэрхийлж байгаа. “Нэгээр илүү бол мянгаар илүү” хэмээж буй Ардын нам харин цахим, танхим хосолсон хэлбэрийг аргацаан барьсаар өдийг хүрсэн. Хойшид ч үргэлжлүүлж, яаж ийгээд олонхиороо түрэх бодолтой байгаа нь нууц биш. Учир нь нэг төлөөлөгч л танхимд ирээгүй нөхцөлд олонхын давуугаа алдана. Гэтэл ялагчдын талд тунигсад олон бий. Ардчилсан нам тэртээ тэргүй цөөнх болохоор цахимыг хүчингүй болгох нь хүрд эргүүлэх алтан боломж. Тиймээс энэ асуудлаас хойшид ч үхэн зууралдах гарцаагүй. 
   Г.Алтангэрэлийн дараа Н.Азжаргал төлөөлөгч Хурлын зөвлөл дээр оруулсан санал бүрэн тусгагдаагүй, боловсруулалт хангалттай биш гэдэг шалтгаанаар 2027 оны хөгжлийн жилийг төлөвлөгөөг хэлэлцэхгүй буцаах саналыг гаргалаа. Өнгөн дээрээ нэг асуудлыг дахин сайжруулахаар хойшлуулж буй мэт боловч сөрөг хүчний тухайд ээлжит хуралдаан дээрх хамгийн том акц нь энэ байв. Ирэх оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах хуулийн хугацаатай. Тодруулбал энэ оны 10 дугаар сарын 01-ний дотор. Хэрэвзээ энэ удаагийн хуралдаанд хэлцэгдэхгүй орхигдвол цаг шахсан үед амжихгүй байх эрсдэлтэй. Үүний цаана тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, сандал ширээнээс нь мултлах сонирхол илэрхий. Тухайлбал сонгуулийн дараанаас л эрх ашгаа цухалзуулан онилсон Хурлын даргын суудлыг суллах, огцруулах. Гэвч олонхын санал эсрэг гарч, Ардын намын бүлэг нэгнийхээ илүүг ашиглаж чадлаа. Ардчилсан намын, нэг тойргийн хоёр “А”-гийн дэвшүүлсэн асуудлын араас Хурлын хуралдаан дэгийн дагуу үргэлжлэв. 
    Хэлэлцсэн асуудлыг нэг бүрчлэн нурших нь илүүц биз ээ. 
   Гэхдээ газрын харилцаан дээр нэлээд ноцтой асуудлууд хөндөгдлөө. Эрдэнэт хотын статус хуулиараа шийдэгдсэн гэж сонгогдсон гишүүд болоод сонгогдохоор горилогсод байнга онцолж, өөрсдийн хувь нэмрээ хөөрөлхөн дурьддаг. Гэтэл өнөө хэр Эрдэнэт хот бус Орхон аймаг хэвээрээ, дотроо Баян-Өндөр сум гэгч нэгжийг агуулсаар буй. Эл давхардсан засаг захиргааны бүтэц нь газрын хувьд нэлээд хүндрэл дагуулдаг аж. Газрын харилцаа дээр Баян-Өндөр сум нь аймгаасаа эрх мэдлээрээ давчихдаг. Газар олголтын тухайд аймаг нь сумаа хянаж чадахгүйд хүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байх шиг. Орхон аймаг дуулиантайхан зарлаж, мэргэжлийн ерөнхий архитектортой болсон ч хот төлөвлөлтөд дэвшил анзаарагдсангүй. Сул талбай бүр дээр барилга чихцэлдүүлсээр машин тавих байтугай хөл гишгэх зайгүй бетонон ширэнгэ болох цаг ойртож. 
   Холбогдох албаныхан нь эмнэлэг, сургууль, өрхийн эзэмшлийн нэрээр газар авч орон сууцны барилга, худалдаа үйлчилгээний цогцолбор барьдаг явдлыг зогсоох арга байдаггүй гэдгээ бараг хэлчихлээ. Цахилгааныг тасалдаг ч зөрүүлээд өндөр хүчин чадалтай цахилгаан үүсгүүр авчраад тавьчихдаг, түүнийг нь хураах гэхээр хувийн өмчид халдсан болчихдог гэнэ. Ингээд л хаа сайгүй “авлига” хороолол боссоор, удахгүй Улаанбаатар шиг утаарч, түгжирч байх тавилантай юмдаг уу даа. Гашуун туршлага бэлээхэн байгаа ч гаргалгаа байдаггүй ажээ. Ирэх оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хувьд мэргэжилтэн, агентлагуудын оролцоо сул байсан бололтой. Зарим дарга нар боловсруулсан зүйлийнхээ хариултад гайхаж зогсоо нь ч содон. Хандлага хайнга байсан уу, эсвэл дээрээс нь хэдэн хүн хүчээр чиглүүлэн үзэмжээр мэдэрхийрч багцалсан уу гэдгийг аандаа цаг хугацаа шүүх биз ээ. 
   Товчхондоо Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал лидерийн дутагдалд орчихжээ. Асуудлыг тулга тойрч бус уг үндэсээр нь ухаж гаргаж ирдэг, бодлогын түвшинд шийдэл хайдаг, бурууг нь дальдралгүй хэлчихдэг, булхайг нь улайлгүй илчилдэг жинхэнэ иргэдийн төлөөллийн дутмагшилд орчихож. 
   “-Манай багийн... Манай хаалганы... Манай байгууллагын...” гэх хэсэгчилсэн, жижиглэсэн, хэт тарамдаж, амин хувь руу шургасан үгс л сонсогдох болж. Үзэмжээрээ, үзэн ядалтаараа, зуултаараа, зуйнгарч асуудалд хандах нь ихэсч. Үнэндээ Ардчилсан намаас нэг тойргийн хоёр “А”, Ардын намаас хурал даргалж буй Д.Мөнхбатаас өөр наалдахуйц дуу хоолой, зангараг өнгө төрх харагдахгүй байна. 
   Үзэгдэх гэж үг хэлсэн болдог, бичсэнээ үсэглэж уншдаг, зураг, бичлэг хийлгэхийн тулд чухал царайлдаг нэлээд хэдэн хүн, иргэд болоод албан хаагчдыг залхааж цаг уяж байгаагаа анзаардаг ч юм уу үгүй ч юм уу. Уг нь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан М.Түмэнжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга, Засаг даргын орлогч байсан Д.Соёлчхүү, Баян-Өндөр сумын Засаг дарга асан С.Ганцогт, аймгийн ИТХ-ын дарга явсан Б.Мягмарсүрэн зэрэг үг, үзэл санаа нь тод үнэмлэхүй лидерүүд бий ч яагаад ч юм дуугаа хураажээ. Дараагийн залгамж үе нь бүгдийг хувисгаж, “гагцхүү нарыг хэвээр нь үлдээнэ” гэсэнд гомдсон ч байж болох... 
   За ямартаа ч энэ удаагийн Хурлын хуралдаан иймэрхүү маягтай болоод өнгөрлөө. Намрын өдөр налайж байгаа ч нэн удахгүй өвөл айсуй...

                                                                                         Л.СҮЛД