Орхон аймагт мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлсэн төрийн анхны байгууллага боллоо
Орхон аймагт 2018 оноос эхлэн төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа Олон улсын чанарын менежментийн 9001:2015, байгаль орчны 14001:2015, мэдээллийн аюулгүй байдлын 27001: 2013, авлигын эсрэг 37001:2016 тогтолцоог нэвтрүүлсэн туршлагатай билээ.
Төрөөс үйлчилгээ авч буй иргэд болон төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч бүрийн хэрэгцээ, шаардлагыг ханган нэгдсэн удирдлагаар хянах нь нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлэхийн хамгийн том давуу тал юм.
Тиймээс нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах чиг үүргээ ухамсарлан бусад төрийн байгууллагуудад нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн байгууллагууд туршлагаасаа хуваалцах, байгууллагын үйл ажиллагааг стандартын шаардлагад нийцүүлэхийн ач холбогдол, үр ашгийг танин мэдүүлэх зорилгоор “Чанарын форум 2024” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг, Стандарт, хэмжил зүйн газрын Тамгын дарга Б.Ууганбаяр, Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Эрдэнэбат болон Орхон, Булган, Хөвсгөл аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 400 гаруй хүн оролцож, мэдээлэл авлаа.
Энэ үеэр Орхон аймгийн ИТХ-ын ажлын албанд мэдээллийн аюулгүй байдлын 27001:2013 стандартыг амжилттай нэвтрүүлсэн гэрчилгээгээ гардан авлаа. Ингэснээр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 сумын бүх төрийн байгууллагуудаас гурван тогтолцоог нэвтрүүлсэн анхны төрийн байгууллага, Орхон аймагт мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог нэвтрүүлсэн төрийн анхны байгууллага боллоо.