Засаг даргын шуурхай хуралдаанаас ...

  Даваа гараг бүрийн 11:00 цагаас хуралддаг Орхон аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан боллоо.

  Хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинжаргал нар удирдан явуулж, зарим алба хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ.

  Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Засаг даргын "Урьдчилан сэргийлэх талаар анхааруулга хүргүүлэх тухай" үүргийг Баян-Өндөр, Жаргалант сумдын ЗДТГ-аар дамжуулан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлжээ.

  Нийт томуу томуу төст өвчний 96,6 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд үүний 91,3 хувь нь 0-4 насны хүүхэд  байна.

  Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар аймгийн Эрүүл мэндийн газар, Баян-Өндөр сум хамтран иргэдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг энэ есдүгээр сарын 7-24-ийг хүртэл зохион байгуулж байна.

  Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг  түшиглэн  зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх үзлэгт дотор, мэдрэл, зүрх судас, нүд, чих хамар хоолой, халдварт өвчний эрт илрүүлэг  үзлэг, ЭХО, эмэгтэйчүүд, халдварт бус өвчлөлийн эрсдэлт  хүчин зүйлийн үнэлгээ гэсэн  9 чиглэлээр үзлэг шинжилгээ хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар Нийцэл, Анхны Оч, Үйлс Бадрах өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 2014 иргэн хамрагджээ.

  Түүнчлэн “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-иас Дэнж багийн 35 киловатын  агаарын шугамын их засварын ажил хийгдэх тул өнөөдөр /9-р сарын 14/ өглөө 09:00 цагаас 17:00 цаг хүртэл гэр хорооллуудад хэсэгчилсэн цахилгаан тасрахыг албаны хүн мэдээллээ.  

  Хуралдааны төгсгөлд Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал нар өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хөнгөлөлттэй жороор олгодог эмийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд хүргэх, хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт шалгалтыг тогтмол хийх үүрэг даалгавар өглөө.

Мэдээллийн төв