Канадын Ерөнхий сайдын эхнэр Софи Трюдо коронавирусын халдвар авчээ

   Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн эхнэр Софи Грегуар Трюдогийн коронавирусын шинжилгээгээ эерэг гарсан тул 14 хоногийн турш тусгаарлагдахаар болжээ.
   Грегуар Трюдод вирусын бага зэргийн шинж тэмдэг илэрч байгаа хэдий ч бие нь сайн байгаа тул 14 хоног тусгаарлагдана гэж Пүрэв гарагийн орой Ерөнхий сайдын ажлын албанаас мэдэгдэв. Тэрээр Их Британид үг хэлсний дараа Лхагва гарагт ханиад томуу туссан шинж тэмдэг илэрсэн гэнэ. Одоогоор ойрын хавьтлуудыг илрүүлэх ажил явагдаж байна.
   Ерөнхий сайдад халдвар авсан ямар нэг шинж тэмдэг илрээгүй тул шинжилгээнд хамрагдахгүй юм байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан тул эмч нарын зөвлөмжийг дагаж байгаа ба албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж, баасан гаригт Канадчуудтай уулзахаар төлөвлөж байна. 
   Хатагтай Грегуар Трюдо өөрт нь санаа тавьсан хүмүүст талархал илэрхийлж, бие нь сайн байгаа гэлээ. Мөн "Хэдийгээр би вирусын эвгүй шинж тэмдгийг мэдэрч байгаа ч удахгүй хөл дээрээ эргэж босох болно. Гэртээ хорио цээрийн дэглэм сахих нь бусад эрүүл мэндийн асуудалтай тулгарч буй Канадын гэр бүлүүдтэй харьцуулахад юу ч биш юм" гэсэн байна. Канадад коронавирусын 147 тохиолдол батлагдаж, нэг хүн нас баржээ.