Туркийн армийн бүлэглэл ТӨРИЙН ЭРХИЙГ АВСНАА телевизээр зарлалаа

    Туркийн армийн нэгэн бүлэглэл улс орныг хяналтандaa авч, Истанбул дах стратегийн гол цэгүүдийг эзэлснээ мэдэгдлээ. Телевизээр хийсэн мэдэгдэлд дурдсанаар одоо “Tнхийн зөвлөл” улс орныг удирдаж, хөл хорин, цэргийн дэглэм тогтоосон гэжээ. Уг бүлэглэлийн цаана хэн байгаа нь мэдэгдээгүй байна. Зарим мэдээллээр армийн дээд тушаалын зарим хүмүүсийг баривчлаад байгаа гэнэ.

   Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган энэ явдлыг цөөнхийн дэгдээсэн бослого гэж нэрлээд тэднийг дарах болно гэдгээ мэдэгдсэн байна. Эрдоган CNN Turk сувагт гар утсаар ярихдаа ард түмнийг гудамжинд гарч бослогыг эсэргүүцэхийг уриалжээ. Үүнээс өмнө ерөнхий сайд Бинали Илдирим мэдэгдэл хийж уг үйл явдлыг цэргийн хэсэг хүний зохион байгуулсан хууль бус ажиллагаа гэсэн юм. Тэр засгийн газар төрийн эрхэнд хэвээр байгааг хэлж байв. Харин цэргийн бүлэглэлийн мэдэгдлийг үндэсний телевизийн TRT сувгаар нэвтрүүлэгч уншиж танилцуулсан бөгөөд түүнд одоогийн засгийн газар нь ардчилал, иргэний хууль дүрмийг гуйвуулж байгааг дурдаад шинэ үндсэн хуулийг тогтооно гэсэн юм. Гэвч Туркийн ерөнхийлөгчийн алба энэ мэдэгдлийг армийн удирдлагын зөвшөөрөлгүй хийгдсэнийг Ройтерс агентлагт мэдэгджээ.

    Зарим мэдээллээр бол Туркийн армийн топ захирагч, генерал Хулуси Акарыг босогчид барьцаалаад байгаа гэнэ. NTV телевизээр ерөнхий сайд Илдирим “Армийн удирдлагаас гадуур хэсэг цэргийнхэн хууль бус ажиллагаа явуулж байна. Бид ардчилалд хор учруулах ямар нэг үйлдлийг зөвшөөрөхгүй гэдгийг ард түмэн ойлгох ёстой” гээд “Үүнийг зохион байгуулсан хүмүүс хатуу хариуцлага хүлээх болно” гэж ярьжээ. Одоогоор Босфорын хоолойгоор нэвтрэх замын хоёр урсгалыг хаагаад байна. Нийслэл Анкара хотод буун дуу сонсогдож байгааг мэдээлжээ. Мөн Анкара дахь Туркийн төв телевизийн байранд цэргүүд нэвтрээд байгаа гэнэ. Анкарагийн тэнгэрт нисдэг тэрэг, онгоцнууд нам өндөрт эргэлдэж байна. Истанбулын цагдаагийн төв байрны гадаа буудалцаан болж Истанбулын нисэх буудлын гадаа танкууд байрлажээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бүх нислэгийг зогсоосон байна. Европын Холбооны нэгэн эх сурвалжийн Ройтерст мэдээлснээр “цэргийн ажиллагаа нь армийн нөлөө бүхий хүмүүсийн маш сайн зохион байгуулсан хэрэг мэт харагдаж байгаа” гэжээ.

    Москвад айлчилж байгаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Туркэд энх тайван, тогтвортой байдлыг хүсч байгаагаа мэдэгдээд байна.