Сталинградын тулалдаанд оросын хулганы оруулсан хувь нэмэр…


   ...1942 оны 11-р сард Зөвлөлтийн командлал Сталинград дахь германы 6-р армийг задлан цохих "Уран" ажиллагааг цасан шуургатай шөнөөр эхлүүллээ. Газар орны байршилыг сайн мэддэгээ болон цаг агаарын таагүй байдлыг ашиглаж чадсан Зөвлөлтийн армийн дайралт германчуудыг хангалттай гэнэдүүлж чадсан юм. Гэхдээ зөвлөлтийн танкчид, дайчдыг түгшээж байсан нэг зүйл бол Гитлерчүүдийн нөөцөнд байсан тухайн үеийн шилдэг танкуудаас бүрдсэн 8-р танкийн корпус байлаа. Нөөцөнд хадгалж, оросуудын чухам яг ийм гэнэтийн довтолгооны үед сөрөг цохилтод ашиглахаар төлөвлөсөн танкийн хүчирхэг корпусыг уг нь агаарын хүчин устгах ёстой байв. Харамсалтай нь цасан шуурга оросын нисэгчдийг хөөргөсөнгүй. Довтолгоо нэгэнт төлөвлөгдсний дагуу эхэлсэн учир зогсооход оройтжээ. "Уран" ажиллагааны хэтийн төлөв таашгүй болж ирэв. Алдарт "Барс", "Ирвэс"-ийн эсрэг Зөвлөлтийн цэргийн довтолгоог дэмжиж байгаа оросын сулавтар танкны хүч зогсож чадах эсэхээс Сталинградын тулалдааны хувь тавилан, олон зуун цэрэг, дайчдын амь нас шууд шалтгаалах боллоо...

    Гэвч фашистуудын танкны шилдэг корпусын ихэнхи танк зогсоолоосоо хөдөлж тулаанд орж чадсангүй. Танкчид нь яаж ч хичээгээд алдарт машинуудаа асааж дөнгөсөнгүй. Гэнэтийн довтолгоонд цочирдсон германы арми задарч, нэгдсэн байдлаар эсэргүүцэл үзүүлэх боломжоо алдснаар "Уран" амжилтад хүрч, Гитлерчүүдийг бүслэн устгах "Цагираг" ажиллагаа эхэлсэн билээ. Германы байлдааны машинуудад юу тохиолдсон нь хожмоо тодорхой болсон юм. Хулганууд танкуудын цахилгааны холбогч утсуудыг мэрж гэмтээснээр хүчирхэг дайны техникүүд зогсоол дээрээ ажиллагаагүй болсон байжээ. Ийнхүү бяцхан мэрэгчид эх орны дайнд эх орныхоо төлөө санаандгүйгээр хүчин зүтгэсэн байна...Польшийг 28, Францыг 38 хоногт эзэлж, "цахилгаан" дайны тактик, цэрэг зэвсгийн хүчээрээ дэлхийг чичрүүлж асан Гитлерийн германы арми Сталинградад чухам л гацсан билээ. 28, 38 хоногт немцүүд хотын хэдхэн байшинг эзэлсэн дүнтэй байсан юм. 1943 оны нэгдүгээр сард Сталинградын бүслэлт Зөвлөлтийн армийн ялалтаар дуусахад оросын өвлөөс гадна оросын хулганууд ч ийн өөрийн хувь нэмрээ оруулсан түүхтэй...