Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

 Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн X хуралдаан болж цаг үеийн шаардлагатай асуудлуудыг хэлэлцсэн. Өнөөдрийн хуралдаанд шинэ Тэргүүлэгч Б.Мөнхдалай оролцсоноороо онцлог байлаа. Өнгөрсөн аймгийн ИТХ-ын Ээлжит X хуралдаанаар Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэх асуудлыг хэлэлцэн бүлэггүй болсон Ардчилсан намын Төлөөлөгч И.Баасанжавыг хуульд заасан үндэслэлээр Тэргүүлэгчээс түдгэлзүүлж Төлөөлөгчдийн саналаар нэр дэвшсэн Б.Мөнхдалайг Тэргүүлэгчээр сонгож байсан.

1. Аймгийн авто замын тээвэрт баримтлах бодлогын баримт бичиг батлах тухай

   Аймгийн авто замын тээвэрт баримлах бодлогын баримт бичиг буюу Орхон аймгийн авто замын тээврийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Т.Ариунболд танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан холбогдох газар, агентлагийн дарга, мэргэжилтнүүд байлцсан.

  Энэхүү бодлогыг батлах асуудал өмнө нь Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2 удаа, хурлын хуралдаанаар 1 удаа тус тус орж нэмэлт боловсрлуулалт хийх шаардлагатай болж буцаагдаж байсан билээ. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар мөн л шүүмжлэл өрнүүлж байсан ч батлаж тогтоол гаргахаар боллоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аймгийн нийтийн тээвэр, ачаа тээврийн аливаа үйлчилгээний чанар хүртээмж, стандарт сайжирч, ачааний төвлөрсөн цэг бий болгон, 2021 он гэхэд такси үйлчилгээг гар утасны аппликэйшний тусламжтайгаар хөнгөн шуурхай болгохоор зорьж байгаа юм байна. Аймгийн ИТХ-ын дарга хөтөлбөрийн талаар маш том бодлого баталж байгаа тул сайн анхаарч ажиллахыг захиж байсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх жилийн төлөвлөгөөг батлахаас татгалзлаа. Учир нь бодлогын баримт бичгийг батласан байхад хийх ажлын төлөвлөгөөг Зөвлөлийн хурлаар батлаж болох юм байна.

 2. Шагналд тодорхойлох тухай

   Аймгийн ИТХ-ын гол ажлуудын нэг төрийн шагналд тодорхойлогчдийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх үүргийнхээ дагуу өнөөдрийн хуралдаанаар шагналд тодорхойлогдогсдийн талаар хэлэлцлээ. Асуудлыг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд танилцууллаа.

   Нийт 32 иргэний материалын бүрдэл гүйцсэн тул Ерөнхийлөгчийн тамгын газарт нэрсийг мэдүүлэхээр болсон байна. Үүнд:

Гавъяат эдийн засагч цол -1

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон-1

Алтан гадас одон- 4

Хөдөлмөрийн хүндэт медаль- 24

Цэргийн хүндэт медаль-2 иргэн тодорхойлогдсон.

 3. Хөрөнгө шилжүүлэх тухай

   Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын тодорхой тооны эд хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх талаар Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Оюунгэрэл танилцууллаа. Энэ асуудлаар Тэргүүлэгчид хэлэлцсэний эцэст татгалзсан санал дээр нэгдсэн юм.

4. Хөрөнгө оруулалтын ангилал өөрчлөх тухай

   Мөн аймгийн ИТХ-ын Ээлжит IX хуралдааны 9/04 тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан хөрөнгөоруулалтын ажлын жагсаалтад заагдсан ажлыг төсөл хөтөлбөрлүү шилжүүлэх асуудлыг Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Оюунгэрэл танилцуулсан. Хэдийгээр энэ асуудал Тэргүүлэгчдийн дунд нилээн шүүмжлэл дагуулж байсан ч цаашид энэ төрлийн асуудлыг хэлэлцүүлэхэд анхаарч байх талаар үүрэг өгч, Тэргүүлэгчдийн саналаар зөвшөөрөн тогтоол батлахаар боллоо.

5. Зөвшөөрөл олгох тухай

   Шинээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсч, холбогдох материалаа бүрдүүлж ирүүлсэн “Алдарт Христийн Эрдэнэт чуулган” сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох асуудлыг аймгийн ИТХ-ын дэргэдэх Аймгийн хэмжээнд төр,сүм, хийдийн харилцааг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, аймгийн ИТХ-ын ажилтан М.Бямбадорж танилцууллаа. Шинээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар зохих материалаа бүрдүүлж ирсэн тус сүмийн хүсэлтийг хүлээн авч зөвшөөрлийг олгохоор Тэргүүлэгчид санал нэгдэж тогтоол баталлаа.