ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТЖАРГАЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваадорж нар өнөөдөр томоохон зах, худалдааны төвийн удирдлагууд болон бизнес эрхлэгч нартай цахимаар уулзалт зохион байгууллаа. 

  Монгол улсын Засгийн газраас 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасан. Энэ хугацаанд хатуу хөл хориг үргэлжлүүлэх бөгөөд бусад аймгууд ч мөн энэ дагуу хатуу хөл хорионы хугацааг дахин сунгаад байна. 

  Аймгийн Онцгой комисс ойрын хугацаанд хуралдаж цаашид Орхон аймгийн хэмжээнд хатуу хөл хориог үргэлжлүүлэн сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Үүнээс өмнө томоохон зах, худалдааны төвийн удирдлагууд болон бизнес эрхлэгч нартай Засаг дарга цахимаар уулзаж, тэдний санал бодлыг ийнхүү сонссон юм. 

  Хүнсний бүтээгдэхүүнийг бөөнөөр худалдан борлуулдаг болон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан барилгын материалын худалдааг хэсэгчилсэн байдлаар нээн ажиллуулах саналыг зарим худалдаа эрхлэгчдийн зүгээс гаргаж байв. Томоохон зах худалдааны төвүүдийг нээн ажиллуулсан тохиолдолд түүнийг дагаж иргэдийн хөл хөдөлгөөн, бөөгнөрөл нэмэгдэх магадлалтай тул ихэнх худалдаа эрхлэгчид “Хатуу хөл хориог дахин үргэлжлүүлж, халдварын голомтыг хумьсны дараа худалдаа үйлчилгээг нэг мөр нээн ажиллуулсан нь зүйтэй” гэсэн саналыг мөн дэвшүүлж байлаа. 

  Монгол улсын Засгийн газраас эрчим хүч, дулаан, усны үнийг 100 хувь хөнгөлсөн энэ үед томоохон зах, худалдааны төвүүд түрээслэгч нартаа түрээсийн хөнгөлөлт үзүүлэхийг уриалж байна. 

Мэдээллийн төв