Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн салбар зөвлөлийг есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа. Бүрэлдэхүүнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Онцгой байдлын газрын дарга, Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал, Ажил олгогч эздийн холбооны дарга, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Эрдмийн зөвлөлөөс тус бүр нэг нэг гишүүн багтаж байна. Тус зөвлөл нь хөгжлийн бодлого төлөвлөлтөд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг тусгах, бодлогын зөвлөмж, чиглэлийг гаргана.   

   Мөн хуралдаанаар "Долоо дахь өдрийн адвентист”, “Эрдэнэт дэлхийн гэрэл” сүмүүдийн үйл ажиллагааг нэг жилээр,  “Очир сүм” шашны байгууллага, “Төгс буянт” хийдийн үйл ажиллагааг гурван жилээр тус тус сунгасан юм.