ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

  Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 8-р хуралдаан өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар орон нутгийн 2020 оны төсөвт тодотгол хийх тухай, Газрын харилцааны талаар 2020 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулах тухай тус тус хэлэлцлээ.

   Төсвийн тухай хуулийн дагуу дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас Орон нутгийн төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарчээ. Иймд Орон нутгийн төсвийн орлого зарлагыг бууруулан батлах талаар Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Бямбацэцэг танилцууллаа. 

  Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, короновирус цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардлагатай зарим зардалд төсөв хөрөнгө хуваарилах, цар тахлын улмаас хэрэгжих боломжгүй зарим төсөл арга хэмжээний зардлыг хасч шаардлагатай арга хэмжээний хөрөнгийг нэмэгдүүлэхээр төлөвлөснийг зөвлөлийн гишүүд баталлаа.

   Орхон аймгийн ГХБХБ-ын газарт шинээр найман байршилд үйлдвэрлэл үйлчилгээ, орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлэх саналыг ГХБХБ-ын газрын дарга Д.Цолмон танилцууллаа. Тодруулбал иргэдээс Цагаанчулуут багт орон сууц барих хүсэлт 1 байршилд, Цагаанчулуут, Их залуу, Зэст багуудад худалдаа үйлчилгээний чиглэлээр 5 байршилд, Уурхайчин багт зочид буудал, үйлдвэрлэлийн чиглэлээр нэг нэг санал ирсэн байна.

    Зөвлөлийн зарим гишүүд Орхон аймагт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газрууд олон байгаа тул одоо шинээр байгуулагдах барилгуудын зориулалтыг өөрчлөх санал дэвшүүллээ. Энэхүү саналыг хавсарган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, батлах юм.  

                                                                                                  Мэдээллийн төв