Засаг даргын шуурхай хуралдаанаас ...

   Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал удирдан явууллаа. 

   Шуурхай зөвлөгөөнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва оролцож цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх, чанартай гүйцэтгүүлэх талаар анхаарч ажиллахыг санууллаа. 

   Хуралдаанд 70353511 дугаарт ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт, үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, зарим хэлтэс агентлагийн дарга нар  цаг үеийн мэдээлэл хийлээ. 

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хүүхэд багачууд иргэдийн аюулгүй байдлын үүднээс гэр хороолол, байр хоорондын болон сургууль, цэцэрлэгийн тоглоомын талбайд үзлэг шалгалтыг хийж зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна. 

  Мөн Аймгийн хэмжээнд шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын 2020 оны 27 дугаар хурлын шийдвэр, 2020 оны 02 дугаар албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны А/484 дүгээр захирамжаар баталсан ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан нийт 65 сургууль, цэцэрлэгийн 362,976 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгууллаа. Ариутгал халдваргүйтгэлийн ажилд давхардсан тоогоор 180 ажилтан, албан хаагч, 4 автомашин, 20 гаруй багаж хэрэгслийг ашигласан байна. 

    Хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэх явцдаа ногоон байгууламж сүйтгэсэн аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох арга хэмжээ авч нөхөн сэргээлт хийлгэх мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар анхааруулж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Ногоон байгууламжийг эвдэж сүйтгэсэн газруудын судалгааг гаргаж нийт 120 м.кв талбайг нөхөн сэргээх шаардлагатай болохыг тогтоож тухайн байгууллагаар нь нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэхээр ажиллаж байна. 

     2020 оны хөрөнгө оруулалтаар Авто замыг халуун асфальтаар нөхөх ажил нийт  1042 м.кв газар хийгдэхээр төлөвлөгдсөн. Үүнд, Дэнж багийн төв зам, Их Залуу багийн 15 дугаар сургуулийн урд талын авто зам, Шанд багийн 17 дугаар сургуулийн урд талын авто зам, Нэгдсэн эмнэлэг, Кувейтын гудамжны авто замуудын хагаралтай газруудад авто замын нөхөөсийн ажил хийгдэж байна. Уг ажлыг гүйцэтгэгчээр  "Нобль роуд" ХХК ажиллаж байгаа юм.                                                                                                                 Мэдээллийн төв