Орон сууцанд шар шоргоолж үүрлэх болжээ

  Орхон аймгийн 6-р бичил хорооллын 1-р байранд айлуудад жижиг шар шоргоолж үзэгдэх болжээ. Ичээндээ орох ёстой баавгай гэнэт “айл хэсч айраг ууж” эхэлсэн шиг ичсэн байх ёстой шоргоолж ийнхүү айлуудаар “айлчилж” эхэлсэн нь бас л чамгүй асуудал дагуулсан бололтой юм. Тухайн байрны гурван айл шар шоргоолжийг устгаж өгөөч гэсэн хүсэлтийг СӨХ-дөө болон аймаг, сумын хариуцлагатнууддаа иргэдээ сонсох утсаар дамжуулан тавьсан байна. Байрны гурван айлд үзэгдсэн гэхээр тухайн шоргоолж нийтийг хамарч үүрлээгүй шинжтэй. Эсвэл бусад айл нь шоргоолжийг жоом биш учраас төдийлөн тоогоогүй ч байж болох. Ямартаа ч энэ намар хөдөөд баавгай ичихээ “мартаж”, төвд нь шоргоолж нуугдахаа “умартсан” дэлгэр сайхан болж байна.
 Н.СҮЛД