"Шилдэг хамтарсан баг”-уудад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь 2017 оныг “Хамтарсан багийг чадавхжуулах жил” болгон зарлаж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Норвегийн тусламжийн байгууллага, Японы Хүүхдийг ивээх сантай хамтран ажиллаж, нэг агуулга, нэг модулиар үндэсний хэмжээнд 609 хамтарсан багийн 4634 гишүүнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан билээ.

   Тус агентлагаас “Хамтарсан багийг чадавхжуулах жил”-ийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүчирхийллийн хохирогчид үзүүлж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хамтарсан багууд тайлан мэдээгээ хуульд заасны дагуу ирүүлэх ажлыг тогтмолжуулахад анхаарч, сум, дүүргийн шилдэг хамтарсан баг шалгаруулах ажлыг зохион байгуулсан. “Шилдэг хамтарсан баг” шалгаруулах уралдаанд 16 аймаг, 6 дүүргээс нийт 38 хамтарсан баг материалаа ирүүлснээс Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, Төв аймгийн Зуунмод сум, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны хамтарсан баг шилдгээр шалгарч тус бүр “Nissan AD” маркийн авто машинаар шагнууллаа.

    Энэхүү уралдааны шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хурлын танхимд боллоо. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд ХНХ-ын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, дэд дарга Б.Халиун болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ДЗМОУ-ын байгууллагын Нэгдсэн хөтөлбөрийн захирал Глориос Грагори Дас, Норвегийн тусламжийн байгууллагын Улаанбаатар хотын захирал М.Чанцалсүрэн болон Японы Хүүхдийг ивээх сангийн мэргэжилтэн Э.Дуламсүрэн нар оролцлоо.

   Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг ХНХ-ын сайд С.Чинзориг нээж хэлсэн үгэндээ “Гэр бүл, хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшлээс үзүүлэх хөгжлийн үйлчилгээний нэр төрлийг судлан тодорхойлж, нийгмийн амьдралд бие даан амьдрах, өрсөлдөх, амьдрах ур чадвартай иргэнийг бэлтгэх тогтолцоог бий болгох, байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай, хагас бүтэн өнчин, амьдралын баталгаажих түвшнээс доогуур өрхөд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх эмчилгээ, байнгын асрамжийн үйлчилгээг эцэг эхийн оролцоонд тулгуурлан бий болгох, аймаг, дүүрэгт нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрыг нэмж байгуулах, гэр бүл төвтэй хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээг илүү бэхжүүлэн ажиллахад гол анхаарлаа хандуулан ажиллах болно. Эцэст нь Монгол улсын 609 хамтарсан багаас ажил үйлсээрээ шалгарч, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлсэн 3 хамтарсан багийн 21 гишүүндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хамтран ажилласан олон улсын байгууллагуудад дахин талархал илэрхийлж байна” хэмээн онцоллоо.