“-Хүүхдийн мөнгөөр хайр найргүй архи уучихдаг...”

   Төрөөс хүүхдэд олгож байгаа мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө”-өөр архидан согтуурдаг айлууд олон биш ч байсаар байгаа. Тэдгээрийн ихэнхи нь зорилтот бүлгийн өрхүүд байдаг. Ялангуяа хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг болсноос хойш архидалт хавтгайрч, зарим хүүхэд өөрийнхөө мөнгөн тэтгэмжээр өөрийнхөө эрхийг зөрчүүлэх нөхцөлд ордог нь одоо нууц биш болжээ. Яг ийм нөхцөл байдалтай гэр бүлд өсч хүмүүжсэн, өдгөө оюутны ширээний ард суугаад байгаа нэгэн хөвгүүнтэй товчхон ярилцлага өрнүүлснээ хүргэе. Мэдээж түүний эрхийг нь хүндэтгэн нууцлалыг нь хангалаа.


- Чиний хувьд одоо оюутан болжээ. Хүүхдийн мөнгө, тэр тусмаа 100 мянган төгрөгийг хэдэн сар авсан гэсэн үг вэ?

- Би хүүхдийн мөнгө 100 мянга болсноос хойш 1-2 сар авсан билүү, яалаа даа. Угаасаа тэр мөнгө бидний хувьд нэг их мэдэгддэггүй үрэгддэг учраас анзаараагүй юм байна. Би дороо хоёр дүүтэй, тэд маань хүүхдийн мөнгө авдаг учраас одоо ч хүүхдийн мөнгөний зарцуулалтыг нь сайн мэднэ ээ.

- Хүүхдийн мөнгөө танай гэр бүлийн тухайд юунд зарцуулдаг вэ? 

-За миний хувьд та нэр ус, хаяг байршилийг нууцална гэсэн учраас тодорхой ярьж өгөхийг бодьё. Бүр эхнээс нь эхлэх үү дээ. Манай аав багад орхиод явчихсан ч би хоёр дүүтэй. Хоёр дүү маань бага, өөр эцэгтэй гэсэн үг л дээ. Ээжийн тухайд миний мэдэхийн л архи бага сага уучихдаг, манайд болох бүтэхгүй хүмүүс цугладаг байсан. Гэхдээ ээж хойт эцэгтэй суухаас өмнө амьдрал хамаагүй дээр байсан гэж хэлж болно. Уудаг ч нэг их хавтгайрдаггүй, удаан үргэлжилдэггүй, ээж бас ажил хийдэг байлаа. Ээж жирэмсэн болж, тэгээд л манайд нэг хүн нэмэгдснээс хойш хэцүү болсон доо. Нэг уугаад эхлэхээрээ мөд зогсохгүй, гэрт тамхины утаа суунаглаж, согтуу хөлчүү хүмүүс бие биедээ агсамнаж байдаг болчихсон. Тийм үед би ч хичээлээ тараад харих дургүй, яаж ийгээд гадуур цаг нөхцөөхийг боддог. Гэртээ хариад угаасаа тайван байх битгий хэл суух ч газар олдохгүй. Тэгээд гадуур тэнэлээ гэж хойт аавд зодуулдаг байсан. Заримдаа ч гэртээ харьмааргүй санагддаг. Гэвч дүү нараа бодоод л очдог байсан даа. 

- Дүү нарыг нь шоглоод байдаг хэрэг үү? Чамайг эзгүйд?
- Аав ээж уучихсан үед намайг байхгүйд тэд маань бүр хаягдчихдаг юм. Хоол, унд, хувцас хунарт нь анхаардаггүй. Бас согтуу хөлчүү хүмүүсийн гар хөлийн үзүүрт зарагдана. Загнуулна. Гар хүрдэг ч биз. Заримдаа хашааны буланд, эсвэл гадаа гарчихсан уйлаад сууж байдаг юм. Намайг байхад ядаж намайг л зарна, загнана, шоглоно шүү дээ. Дүү нар руу маань нэг ороод байхгүй. Тийм болохоор би дүү нартаа нөмөртэй байдаг байсан байх. Намайг ирэхээр бөөн баяр болдог. Тэднийгээ бодоод л гэр рүүгээ зүглэнэ шүү дээ. Гэхдээ энэ бүхэн манай гэрт архидалт болж байгаа өдрүүдэд гэдгийг бас ялгаж ойлгоорой. 


- Мэдээж тэгэлгүй яах вэ. Аав ээж нь ямар үед архи уух вэ? Архи уугаагүй үедээ аав, ээжийнх нь зан авир ямархуу байдаг вэ? Архидалт танайд ямар давтамжтайгаар болдог байсан бол?
- Архи уугаагүй үедээ манайх байдаг л айл. Цатгалан, хүрэлцээтэй биш ч ядаж арай тайван байдаг. Тэгээд мөнгөтэй болохоороо л уугаад эхэлдэг талтай. Ер нь мөнгөтэй, боломжтой болчихвол л ууна. Яаж олсон, юуны мөнгө байх нь хамаагүй, ууж л орхино. Манай хойт аав барилга, уурхай руу түр ажлаар явж овоо мөнгө олоод ирдэг юм заримдаа. Даанч түлээний сав, үнсний утгуур дүүртэл тамхины иш болоод л, энд тэндгүй архины шил хөглөрөөд л дуусдаг юм даа. Мөнгөө дандаа архинд өгчих гээд байдаг учраас юм юм л дутмаг. Бидний тухайд хичээлийн хэрэгсэл, форм л хамгийн хэцүү байдаг.


- Танайх хүнсний хөнгөлөлтөд /талонд/ хамрагддаг уу? Дүү нар нь хэдэн настай вэ? Аль сургуульд сурдаг вэ?
- Уучлаарай ах. Би зарим асуултад хариулмааргүй байна. Ямар нэг байдлаар таниж олоход амархан болчих болов уу гэж бодож байна. 


- За уучлаарай. Гол сэдэвтээ орьё оо хоёулаа. Хүүхдийн мөнгө орсон өдөр танайх ямархуу байдалтай байдаг вэ?
- Хүүхдийн мөнгө буухаар уу. Мөнгө орохоор дүү нарт резинен чихэр, чипс, ундаа авч өгдөг. Тэгээд гэртээ бэлэн гоймон голдуу бага сага хүнсний юм авна. Хааяа бас бидэнд гутал хувцас авдаг аа. Тэгээд л архи авдаг. Уг нь эхэндээ мөнгө үлдээгээд түлээ нүүрс, гурил будаа ийм тийм юм авна л гэдэг юм. “-Хэдэн хүүхдийнхээ буянаар амьдралаа болгоно оо” гэдэг. Уугаад эхлэхээрээ худлаа болдог. Эрүүлдээ “-Миний хүүхдүүдийн мөнгө, хүүхдүүдээ хайртай шүү, аав ээжийгээ тэжээж байгаа юм” гэнэ. Уугаад эхлэхээрээ “-Та нарыг хэн төрүүлж, хэн өдийд зэрэгт хүргэсэн юм бэ” гээд л муухай муухай хараалаар загнаж, уурлаж гарна. Яг ийм үед эцэг эхээсээ хол хаашаа ч хамаагүй явчихмаар санагддаг. Үгүй ядаж л тэдний нүдэнд харагдахгүй байх юмсан гэж бодно. Хамгийн хэцүү нь өөрсдөө найзуудтайгаа юу үгүй болтол ууж идчихээд хоол, архи, тамхи нэхээд хэвтчихдэг. “-Аав чинь, ээж чинь үхлээ ш дээ. Босооч, олооч, гараач” гээд байдаг. Тийм үед л яахаа мэдэхгүй болно доо. 


- Тийм үед нь яаж аргалах вэ?
- Дүү нараа аваад л гарчихдаг. Хажуу айлдаа ч юм уу, нэг хамаатныхаа эгчийнх рүү очдог. Олж ирээд байвал бүр зүгээр байлгахгүй л дээ. Олж ир гээд загнаад юм хумаар шидлээд байдаг болохоороо гараад явахад юм хэлдэггүй юм. Тэрнээс биш ууж байхад нь гарвал “-Хүнд хүний муу үзүүлэх гэлээ, гадуур тэнэх гэлээ” гээд сүйд болдог. Тэгээд л хөлчүү хүмүүсийн царай хараад, чимээ чагнаад сууж л байх хэрэгтэй. Унтаж ч чадахгүй. Нэг удаа унтаж байсан дүү дээр маань согтуу хүн унаад гэмтээх дөхсөн. Ер нь орон дээр хэвтвэл дээр суучих гээд байдаг юм. Би нэг юм хэлчих үү?


- За тэг ээ...
- Миний бодлоор бол томчууд ажил хийж олсон мөнгөөрөө их бага хэмжээгээр заавал гэртээ, амьдралдаа юм авч зарцуулдаг. Түлээ, нүүрс ч юм уу. Үгүй ядаж цахилгааны мөнгөө өгөөд байдаг юм. Харин хүүхдийн мөнгөөр бол бүгдээр нь уучихдаг юм шиг ээ. Хүүхдээ жаахан юмаар хуурсан болоод л юу ч үлдээхгүй архидаад дуусгадаг. Тэгээд л байх шиг байдаг. Нэг тийм хайр найргүй, гамгүй зарцуулдаг.


- Аав ээжид нь төр, цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авч байсан уу? Та хэдийн эрхийг хангах тал дээр ямар нэг байгууллага, хүн анхаарсан тохиолдол байна уу?
- Эмээг амьд байхад нэг удаа дүүг төөрүүлж алдаад цагдаагаас хүмүүс ирж байсан. Тэрнээс хойш багаас хяналт тавьдаг, эргэдэг байсан. Багаас явж байна гээд нэг эгч байнга ирдэг. Манайх нэг хэсэг айлын хашаа дамжиж амьдрах үеэр л орхигдсон байх. Дүүг алдагдаж, бүгдээрээ хяналтад орсноос болоод архи уухаараа хамаг хаалгаа түгжиж орхидог болсон. Хашаанаас гарвал хохь чинь шүү л гэдэг. Бас нэг удаа намайг хичээлээсээ ирэхэд дүү нар гадаа уйлаад байж байхаар нь /Хүүхдийн мөнгө буусан өдөр байсан шүү нээрээ/ Хажуу айлдаа ороод байж байтал тэнд ирсэн нэг ах цагдаа руу ярьчихсан. Тэгээд бас нэг хэсэг юм болсон доо. Тэрнээс хойш биднийг бүр гаргахаа байсан. Хүний муу үзэх гэлээ, төрүүлж өсгөж байхад ач мэдэхгүй хэрэгт хийх гэлээ гээд уурлаад байдаг болсон. Тусламжийн юм бол нэлээд их ирдэг шүү. Гэхдээ шартаж үхэх гэж байхад гээд дэлгүүрт тавиад уучихдаг юм. Нэг удаа баахан жижиг шилтэй алимны нухаш авчирч өгөхөд хоёр дүүд /надад өгөөгүй/ нэг нэг шилийг өгөөд л аваад гарсан. Бас уучихсан. Тэрэнд л нэлээд харамсч байсан даа. Ер нь гадны хүмүүс харахаараа хойт аав маань ялангуяа бидэнд бүр онцгой хайртай болчихдог юм. Аймаар жүжигчин. Та итгэхгүй дээ. Гараад явуут л “Муу ..ддагууд, яаж байгаад эд нарт мэдэгдсэн” гээд шүдээ хавираад эхэлдэг. Зүгээр шалтгаангүйгээр манайхаар ороод гарсан байлаа ч тэгнэ. Энэ таван ханатаас хэн ч хаашаа ч зайлахгүй шүү л гэдэг.


... Наснаасаа аль эрт түрүүлээд хэрсүү суучихсан, хөдөлж ярих нь яг л том хүн шиг хөвгүүн ингэж хүүрнэв. Эрдэнэт жижигхэн, танигдчихна шүү дээ, тэгвэл алуулна гэх хэрнээ л өөрийгөө үнэн сэтгэлээсээ илэрхийлэх хашир мэт хэрнээ гэнэхэн яриа. Дальдчаадуу гунигтайхан нүд... Ярилцлагаас хүүхдийн эрхийг, эх сурвалжийн хүсэлтийг хангахын тулд цөөнгүй хэсгийг хаслаа. Дүгнэлтийг иргэн танд үлдээе.

 

Ярилцсан Л.Болд-Эрдэнэ