БАРИГДАЖ ДУУССАН ЗАРИМ БАРИЛГА ОБЪЕКТУУДАД ӨНӨӨДӨР УЛСЫН КОМИСС АЖИЛЛАЖ БАЙНА

  Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шуурхай чанартай болгох, багийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, баг иргэдийн хоорондын харилцааг идэвхжүүлэх зорилгоор 2017 оноос Орхон аймагт “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Эрдэнэ, Баянцагаан, Говил багуудад багийн төвийн нэгдсэн байр улсын төсвийн хөрөнгөөр баригдаж эхэлсэн. Өнгөрөгч хавар Эрдэнэ баг дахь "багийн цогцолбор төв" нээлтээ хийж үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

  Тэгвэл “Говил” баг дахь багийн нэгдсэн төвийн барилгын ажил дуусан тул өнөөдөр Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу улсын комисс ажиллаж байна.

  Тус багийн байр нь 1.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр ийнхүү баригдаж дуусжээ.

     Багийн нэгдсэн төвд ажлын алба, өрхийн эрүүл мэндийн төв, цагдаагийн хэсэг, ахмадын зөвлөл, банкны үйлчилгээ нэг дор төвлөрснөөр иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй авах боломж бүрдэх юм.

   Багийн төвийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн 5 давхар барилга юм.

  Мөн өнөөдөр улсын комисс Их залуу багт баригдсан ӨЭМТ-ийн барилгад ажиллаж байна. Тус ӨЭМТ нь улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орж байгаа юм.

Мэдээллийн төв