ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУД БҮСИЙН ОНОШЛОГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВД АЖИЛЛАЛАА

   Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч А.Түвшинжаргал, Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч М.Түмэнжаргал нар аймгийн БОЭТ-д ажиллалаа.

 Сүүлийн өдрүүдэд короновирусын нөхцөл байдал хүндэрч, нийгмийн дунд халдварын тоо өсөхийн хэрээр хэвтэн эмчлүүлэгчид ч нэмэгдэх хандлагатай боллоо. Түүнчлэн өнөөдрийн байдлаар короновирусын улмаас 5 нас баралт бүртгэгдээд байгаа.  

    Иймээс Засаг даргын Зөвлөлийн 2021 оны XII хуралдаанаар орон нутгийн төсвөөс тодорхой хэмжээний зардлыг хэмнэж, БОЭТ-ийн Эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж буй биеийн байдал хүнд өвчтөнүүдийн амин чухал эрхтнүүдийг хянах, амьсгалын аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, зүрх зогссон үед зүрхний үйл ажиллагааг сэргээх цахилгаан тоног төхөөрөмж, дуслын болон тариурын шахуурга гэх мэт тоног төхөөрөмжүүдийг худалдан авахад зориулж 120 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр эдгээр багаж, тоног төхөөрөмжүүдийн эхний ээлж БОЭТ-д нийлүүлэгдэж эхэлжээ.

  Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал өнөөдөр БОЭТ-д ажиллаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцах үеэрээ дахин нэн шаардлагатай байгаа эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг нэмж авахад зориулж 100 сая төгрөг, халдвартай улаан бүсэд орж ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг урамшуулахад нь 30 сая төгрөгийг орон нутгийн зарим нэг хэмнэгдэж байгаа зардлаас шийдвэрлэхээ мэдэгдлээ.  

   Дашрамд дурдахад манай аймагт үйл ажиллагаа явуулдаг "Эрдмин" ХХК-ийн зүгээс хамтын ажиллагааны хүрээнд мөн БОЭТ-д эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлжээ.

 Мөн короновирусын улмаас эмчлүүлж буй иргэдэд хүчил төрөгч хамгийн их шаардлагатай байдаг бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймагтаа хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулах талаар шуурхай хөөцөлдөж ажиллахаар боллоо.

Мэдээллийн төв