ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Г.ШАРХҮҮ АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН БОЛЛОО

   Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны  815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан  эх орныхоо хөгжилд хувь үнэтэй нэмрээ оруулсан, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардуулж байгаа билээ.

    Тэгвэл Орхон аймгийн 7 дахь Засаг дарга Гаадангийн Шархүү “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цол тэмдгээр шагнууллаа.

    Тэрбээр Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул бөгөөд тухайн үеийн ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг инженер, баяжуулагч, удирдлагын арга зүйч мэргэжлээр төгссөн юм. Мөн ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Улс ардын аж ахуйн академийг дүүргэсэн.

     ЗХУ-д дээд сургуулиа төгсөж ирээд 1979 онд “Эрдэнэт” үйлдвэрт баяжуулагчаас ажлын гараагаа эхэлж, ээлжийн мастер, ахлах мастер, хэсгийн даргаар ажиллаж байгаад хожмоо 1989 оноос тус үйлдвэрийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч,  худалдаа эрхэлсэн орлогчоор үр бүтээлтэй ажиллаж байсан. 1993 оноос эхлэн хувийн хэвшилд буюу “Эрдсам”, “Баянтэс”, “Уулс импекс” зэрэг компаниудад ажиллаж Монгол улсад анх удаа нэг удаагийн тариурын үйлдвэрийг байгуулж байсан түүхтэй.

     2004-2008 онд Орхон аймгийн Засаг дарга, 2008-2012 онд Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.

   Сүүлийн жилүүдэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөхөөр ажилласан бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын түшиглэн “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор” байгуулах Засгийн газрын тогтоол, Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гаргуулахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм.

Мэдээллийн төв