ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ӨНӨӨДӨР ХУРАЛДЛАА

  Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн 10-р хуралдаан өнөөдөр цахимаар боллоо. Хуралдааныг аймгийн Засаг дарга С.Батжаргал удирдан явууллаа. Тус хуралдаанаар,

1. “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөр, 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, 2017-2020 оны тайлан

2. 2020 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэл

3. Засаг даргын нөөц сангийн зарцуулалтын талаар хэлэлцлээ.

  2017 онд хийсэн судалгаагаар манай аймагт гэр бүлээс нь огт ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлого нь тодорхойгүй 1147 өрхийн 2114 иргэн байгаа судалгаа гарч байжээ. Тиймээс эдгээр иргэдийг ажилтай орлоготой болгохын тулд анх “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болсон билээ. Улмаар иргэдийг ажилд зуучлах, мэргэжлийн чиг баримжаа олгож, зөвлөгөө мэдээлэл өгөх, өрхийн үйлдвэрлэл эрхэлж, өөрөө өөртөө ажлын байр бий болгож байгаа иргэдийг бичил, өрхийн үйлдвэрлэл явуулах ажлын байраар хангах, санхүүгийн болон тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хэрэгжиж эхэлсэн хөтөлбөр юм.

     Энэ хугацаанд 1219 иргэн байнгын ажлын байранд 1647 иргэнийг түр ажлын байран зуучилж, ХХҮГазар 63 иргэнд 148,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна. Сургалтад хамрагдаж мэргэжил эзэмшсэн 207 ажилгүй иргэний 82 байнгын ажлын байртай болсон аж. Түүнчлэн “Эрдэнэт ШУТП”-аар дамжуулан иргэдэд гарааны бизнес эрхлэхэд нь зориулан хүүгүй барьцаагүй итгэлийн зээлийг олгожээ.

  Уг хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн 2024 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд

1. Ахуйн гаралтай хуванцрын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл

2. Оффисийн болон ахуйн гаралтай хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэрлэл

3. Малын гаралтай хаягдал түүхий эд боловсруулах үйлдвэрлэл

4. Зэс ашигласан бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэргийг хөгжүүлэхэд чиглэгдсэн бодлого барьж энэ чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж ажлын байр нэмэгдүүлж буй иргэдийг түлхүү анхаарахаар судалж байна. Цаашид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг Орон нутгийн төсвийн ажлын байрыг дэмжих зардал, ШУТП-ийн “Өрхийн үйлдвэрлэл” төслийн эргэн төлөлт, ххөтөлбөрийн 2021-2024 онд зохион байгуулах арга хэмжээний эргэн төлөлтөөр гаргах боломжтой юм.

   Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол “2020 оны орон нутгийн төсвийн гүйцэтгэл”-ийн талаар байлаа.

   2020 онд төсвийн гүйцэтгэлийг 66,7 тэрбум төгрөгөөр төлөвлөж, гүйцэтгэлээр 72,9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, төсвийн орлого 6,2 тэрбум төгрөгөөр давж, 109,1 хувийн биелэлттэй гарсан байна.

Мэдээллийн төв