Иргэдийн гаргасан гомдлын дагуу ажиллаж байна

   Сүүлийн өдрүүдэд бичил хорооллын иргэдээс халаалт, дулаантай холбоотой санал, хүсэлт “Эрдэнэт-Ус” ОНӨХК, Хотын захирагчийн алба болон аймгийн удирдлагуудад ирж байна. Хүсэлтийн дагуу “Эрдэнэт-Ус” ОНӨХК-ийн инженер техникийн ажилтнууд болон Хотын захирагчийн албаны мэргэжилтнүүдийн хамтарсан хэд хэдэн ажлын хэсэг гаран дуудлага өгсөн айлуудаар явж байна. 

    Дулааны горимыг цаг агаарын нөхцөл, гадна агаарын температуртай уялдуулан Улаанбаатар хот дахь “Диспетчерийн үндэсний төв”-өөс зохицуулдаг. Энэхүү зохицуулгын горим нь үндэсний хэмжээнд инженер, эрдэмтэдийн тооцоолон гаргасан нарийвчилсан судалгааг үндслэдэг байна. “Диспетчерийн үндэсний төв”-өөс ирүүлсэн горимыг баримтлан “ЭДЦС” ТӨХК үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлдэг. Сүүлийн өдрүүдэд “ЭДЦС” ТӨХК-иас 95-96 хэмийн халууныг сүлжээнд нийлүүлж байгаа бөгөөд тэр нь бичил хорооллуудын ус, дулаан хуваарилах төвүүдээр дамжин тодорхой хэмийн бууралттайгаар хэрэглэгчдэд хүрдэг. Монгол улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Барилгын норматив баримт бичгийн “Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер” БНБД 41-01-11-ийн хавсралтад зааснаар “Дотор агаарын тооцооны температур ба агаар солилцооны давтамж” одоогийн Орхон аймаг дахь цаг агаарын гадна хэмтэй уялдуулан тооцоход айлуудын өрөөний температур 18 хэмээс дээш байхад болно гэж үзэхээр байна. Харин дуудлага өгсөн айл өрхүүдээр явж хэмжилт хийхэд халаах хэрэгсэл дээр дундажаар 50-60 хэм өрөөний температур  халуунтай байна. 
    Одоогийн байдлаар “ЭДЦС” ТӨХК нь Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн норм стандартын дагуу 3 зуух, хоёр машинтай ажиллаж байна. Энэ нь “ЭДЦС” ТӨХК, болон “Эрдэнэт ус” ТӨХК-иуд Монгол улсын дулааны стандартын нормыг баримтлан ажиллаж байгаа гэсэн үг юм. 
    Өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын дэд бүтэц, Хот байгуулалт хариуцсан орлогч С.Батжаргал “Эрдэнэт ус” ОНӨХК-д ажиллав. Энэ үеэр ажлын хэсэг гарч гарч айлуудаар явж хэмжилт хийсэн, шаардлагатай зарим айлуудад газар дээр нь гомдлыг барагдуулсан талаар сонсож, цаашид айл өрхүүдэд очиж буй дулааны хэмийг нэмэгдүүлэх талаар ярилцаж, чиглэл өглөө. 
“Эрдэнэт-Ус” ОНӨХК-ийн хамт олны ажлыг хүндрүүлж буй нэг зүйл нь иргэд хуурамч дуудлага өгөх, дуудлагаар очиход гэртээ байхгүй байх, хаягаа буруу хэлэх зэрэг тохиолдлууд гарч байна.
“Диспетчерийн үндэсний төв”-д “ЭДЦС” ТӨХК-иас Эрдэнэт хотын дулааны сүлжээнд нийлүүлэгдэж буй дулааны хэмийг нэмэгдүүлэх талаар Орхон аймгийн Засаг даргаас хүсэлт хүргүүлэх болов. 
    “Эрдэнэт-Ус” ОНӨХК-ийн инженерүүдийн үзэж буйгаар сүүлийн жилүүдэд шинээр хороолол, барилга, обьект ашиглалтад орж байгаа, 40 жилийн турш ашиглагдсан дулаан дамжуулах шугам сүлжээ, ган хоолойнууд хуучирч муудсан, зарим газартаа диаметр нь нарийссан, ашиглалтад ороод олон жил болсон барилга байшингуудын дулаан алдагдал нэмэгдэж байгаа, айл өрх, орц подвалийн хаалга цонхоор дулааны алдагдал их байгаа, иргэд дур мэдэн тагт сунгах, нийтийн орон сууцанд өргөтгөл хийхдээ шугам, хоолой, халаах хэрэгслийн хийц элементийг дур мэдэн өөрчилдөг зэргээс үүдэн бусад айл өрхүүдийн халаалтад сөргөөр нөлөөлж байдаг аж.
    Иргэдийн дунд нэг ташаа ойлголт явдаг нь бүх өрөөний халаах хэрэгсэл яг адилхан хэмтэй халж байх ёстой гэж боддог. Гэтэл ирэх шугам, буцах шугам нь өөр өрөөгөөр дамждаг учир айлуудын өрөөний температурт зөрөө гардаг байна. 
    Юутай ч удахгүй иргэдийнхээ тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, дулааны хэмийг нэмэгдүүлэх талаар мэргэжлийн байгууллагууд уртасгасан цагаар болон бүх нийтийн амралтын өдрүүдээр ажиллаж байна.